Нийгмийн сайн сайхны төлөө үргэлж зөвийг санаачилж байдаг, мөн зөв үйл хэрэгт уриалан дууддаг хамгийн олон гишүүнтэй 20К клубын хамт олон өнгөрсөн долоо хоногт Багануурын уурхайг зорьж, уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. 20к клубынхэн #brandTrend хэмээх аян зохион байгуулаад нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ аян нь клубын гишүүдийн аялал төдий биш бөгөөд улс орныхоо өнцөг булан бүрийн гайхамшигт сайхан байгаль, хүн ам, ёс заншил, дотоодын үйлдвэрлэл, томоохон бүтээн байгуулалт, тулгараад байгаа бэрхшээлүүд, шийдэх гарцад анхаарал төвлөрүүлж, олон нийтэд хүргэдэг.
Багануурт амьдрал, ажил буцалж байна. Хүүхдүүд нь нүдэндээ галтай, хүмүүс нь ажил хөдөлмөртөө дуртай юм. Ирсэн зочиддоо Багануурынхан уурхайтайгаа танилцуулахын зэрэгцээ өөрсдийн ажил мэргэжилтэй холбоотой гэнэтийн сюрпризтэй угтлаа. Багануурын Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эмнэлэг хамтарсан сургуулилт хийдэг юм байна. Энэ удаагийн суургуулилтад 20К гишүүд ч оролцлоо. Онцгой нөхцөл байдалд хэрхэн хүний ам аврах, анхны тусламж яаж хүргэх зэрэг олон зүйлийг клубын гишүүд суралцлаа. Тэгээд болоогүй ээ, уурхайн үйл ажиллагаатай холбоотой танилцаж, нөхцөл байдлыг бодитоор ойлголоо. Энэ талаараа ч Монголын хамгийн олон дагагчтай сошиал инфлүүзрүүд өөрийн цахим хуудсаараа хэд хоног л “нүдлээ”.
Газар дээр нь очиж танилцахад хүнд нөхцөлд байгаа ч Багануур ХК-ийн 1100 гаруй ажилчид нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, ирээдүйдээ итгэлтэй, хамгийн гол нь уурхайдаа хайртай, эх орныхоо голомтыг сахих үүргээ нэр төртэй биелүүлж, үүрэг хариуцлагаа ухамсарласан бахархам хамт олон санагдсан. Санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч тэд үйлдвэрлэлтийн төлөвлөгөөт зорилтоо 100-аас дээш хувь биелүүлсэн байна лээ. Сэтгэлтэй зүтгэлтэй ийм хамт олныг нэг л дэмжээд өгчихвөл сэпхийгээд л босоод явчихна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Уг нь Багануурын уурхайн өнгө зүс, ажилчдын уйгагүй хөдөлмөр, удирдлагын арга барил, хичээл зүтгэл ер дутаагүй юм билээ. Гэвч нийслэлийг тогтой байлгахад өдөр шөнөгүй зүтгэж байгаа тус уурхай руу төр засгийн бодлогоор анхаарал хандуулах цаг болсныг энэ дашрамд дуулгая.
Д.Хүслэн