a.Admin
Ангилал
Хэзээ
7 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Эдийн засгийн бодлого - Алдаж оносон он жилүүд ба сонголт №2
7 сарын өмнө
a.Admin
Эдийн засгийн бодлого - Алдаж оносон он жилүүд ба сонголт №2

ӨМНӨХИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ

Төсвийн зарлагын маш том бүрэлдэхүүн хэсэг болох нийгмийн халамж, хамгааллын бодлогыг заавал төрийн гүйцэтгэх, биелүүлэх ёстой үүрэг гэж баруун төвийн үзэл баримтлалыг дагагчдын олонх нь үздэггүй бөгөөд хувийн хэвшил энэ харилцааг зохион байгуулах боломжтой, амжилттай авч явах боломжтой талбар гэж үзэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, чөлөөт зах зээлийн тогтолцоо аваад явчих бүрэн боломжтой байхад төр бүхэлд нь энэ харилцааг зохицуулах гэж оролдох нь буруу. Хэрэв төсвийн хөрөнгөөр нийгмийн халамж, хамгааллыг гүйцэтгэх ёстой бол зорилтот бүлгийн хүн амд л нийгмийн халамжийг олгох бодлого баримтлах нь чухал.

Монгол улсын хувьд жил бүр 600-800 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тэтгэврийн даатгалын сан нь улсын нэгдсэн төсөв дээрх хамгийн том дарамтуудын нэг болоод байна. Одоогийн байдлаар хөдөлмөр эрхэлж буй 3 хүний нийгмийн даатгалын шимтгэлээр 1 хүний тэтгэврийг төлж байна. Гэтэл дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор 2040 он гэхэд 1:1 харьцаатай буюу нэг хөдөлмөр эрхлэгчийн шимтгэлээр 1 тэтгэвэр авагчийн тэтгэвэрийн хэмжээ тодорхойлогдохоор болоод байна. Энэ хэвээр үргэлжилбэл зөвхөн тэтгэвэрийн даатгалын тогтолцоо дангаараа Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийг сүйрэлд хүргэх шинж чанартай юм. МАН нийгмийн даатгалын шинэчлэлийг хийж чадахгүй, дүлэгнэсэн, аргацаасан байдлаар явж Монгол улсыг, ирээдүйг хорлосоор байна. Зүй нь олон нийтийн дэмжлэгтэй, хангалттай сайн судалгаа, шийдэлтэй хувилбаруудад үндэслэн шийдвэрлэх шаардлагатай юм.

Төсвийн зарлагын өөр нэг томоохон хэсэг болох боловсролын тогтолцоо алгуурхан нуран унаж байгаа нь бидний нүдний өмнө илхэн байна. Саяхан танилцуулсан олон улсын боловсролын үнэлгээгээр манай улсын ерөнхий боловсролын тогтолцоо дэлхийгээс ямар хол хоцорч байгааг харахад зүрх шимшрэм юм. Тухайлбал, 15 настай хүүхдүүдийн эзэмшсэн мэдлэг нь олон улсын дунджаас 2.3 жилээр, Азийн дунджаас 1.2 жилээр хоцорч байна гэдэг бол эмгэнэл. Тэр бүү хэл улс дотроо маш том ялгаатай Улаанбаатарын хүүхдүүдээс аймгийн төвийнх нь, аймгийн төвөөс сумын төвийнх нь илүү хоцролттой байна гэдэг боловсролын бодлого, тогтолцоо, санхүүжилт буруу байгааг илхэн харуулж байна. Ерөнхий боловсролын тогтолцооны хувьд баруун төвийн намууд бага боловсролыг бүх нийтэд олгохыг чухалчлан үзэх хандлагатай байдаг. Өөрөөр хэлбэл, өгөөж нь өндөр байх үед боловсролыг чанартай олгохыг чухалчилж байна. Боловсролд оруулах хөрөнгө оруулалтын өгөөжийн талаар Хекманы муруйн жишээгээр[1]  бага боловсрол, сургуулийн өмнөх боловсролд хөрөнгө оруулалт хийх нь хамгийн өндөр өгөөжтэй байдгийг харж болно.

Хэрэв төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэвэл бүх нийтийн бага боловсролд ялгаварлал үүсгэхгүйгээр төрийн дэмжлэгээр сургах нь зөв шийдэл гэж үзэхийг баруун төвийн үзэлтнүүд зөвшөөрдөг. Нутгийн иргэдийн хяналтыг (local control) хүчтэй болгох замаар бага боловсролын байгууллагуудыг удирдах, зохион байгуулахад оролцуулах нь чухал гэж мөн үздэг. Боловсролын байгууллагын чанар, гүйцэтгэл, үйл ажиллагаанд өөрсдөө оролцох нь үр өгөөжийг дээшлүүлэх сайн нөлөөтэй юм. Түүнчлэн стандартчилагдсан үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй. Энэ тохиолдолд Монгол улсын ЭЕШ-ийг хэмжээст оноогоор дүгнэж байгаа байдлыг арилгах нь боловсролын чанарыг илэрхийлэх хамгийн том хөшүүрэг болох бөгөөд эцэг, эхчүүд хүүхдийн мэдлэг чадвар эзэмшсэн байдлыг тодорхой мэдэх боломжийг олгоно. Үнэнтэй нүүр тулах нь хамгийн зөв шийдвэр.

Дээд боловсролын хувьд баруун төвийн намуудын баримталж буй бодлогод дараах хоёр чиглэл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, төсвийн шууд дэмжлэгээр дамжуулан дээд боловсролын байгууллагуудын суурь зардлыг бууруулах. Ингэснээр дээд боловсролын байгууллагууд илүү чанартай боловсон хүчин бэлтгэх бааз суурийг бий болгох, илүү олон хүнд дээд боловсрол олгох, хүмүүн капиталын хуримтлалыг бий болгох боломжтой. Хоёрдугаарт, их сургуулиуд бие даан санхүүгийн шийдвэрээ гаргахад төрөөс оролцож буй байдлыг хязгаарлах шаардлагатай. Төрийн өмчит сургуулиудын сургалтын төлбөрийг зах зээлийн зарчмаар тогтоохыг зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр өрсөлдөөнийг бий болгож, үр ашигт байдал нэмэгдэх, сургалтын чанар сайжрах нөхцөл үүснэ. Түүнчлэн баруун төвийн үзэл баримтлалд нийцэх хамгийн чухал зүйл нь академик эрх чөлөө ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг их сургуулиудад олгох явдал юм. Удирдлагыг төрөөс томилох, боловсролын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөлөл их сургуулиудын удирдах зөвлөлийг удирдах, их сургуулиудын бие даан гаргасан шийдвэрийг Боловсролын асуудал эрхэлсэн байгууллага эцэслэн шийдвэрлэдэг, өөрчилдөг байдалд цэг тавих ёстой. Их, дээд сургуулиудад академик эрх чөлөө, санхүүгийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, бэлтгэх мэргэжил, хөтөлбөрөө чөлөөтэй сонгох эрх чөлөөг олгох нь нэн чухал байна. Оюуны дүрвэлт нэмэгдэж чадавхтай боловсон хүчин хомсдож байгаа, суурь боловсрол чанаргүй явагдаж байгаа тогтолцоог өөрчлөхөд төсвийн зарлагыг чиглүүлэх нь баруун төвийн үзэл баримтлалтай намын хувьд чухал бодлогуудын нэг. Чанартай, хүртээмжтэй боловсролын тогтолцоогүй улсад ирээдүй байхгүй.

Төсвийн зарлагын өөр нэг томоохон хэсэг болох эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх, шинэчлэх нь өнөө маргаашгүй яаралтай хийгдэх ёстой томоохон сорилт болоод байна. Нэн ялангуяа цар тахлын үеэрх нөхцөл байдал дахин давтагдах магадлал улам бүр өссөөр байна. Энэ салбарын төрийн оролцоонд үндэслэсэн санхүүжилтийг багасгах нь баруун төвийн үзэл баримтлалын чухал хэсэг болдог. Хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгохыг дэмжих замаар даатгалын байгууллагууд хооронд ба эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэгч талуудын дунд өрсөлдөөн үүсгэх, үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах боломжтой. Төсвөөс дэмжлэгтэй эрүүл мэндийн тогтолцоог цомхон, зорилтот болгох замаар үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөнөөр нэвтрүүлэх нь төсвийн ачааллыг бууруулах давуу талтай бөгөөд нөгөө талаас хувь хүний эрүүл мэндийн хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, өвдөхөөс урьдчилан сэргийлэх сэдэл, үйлдлийг нэмэгдүүлнэ гэж үздэг. Нийтийг хамарсан төрийн зохицуулалттай, албан журмын эрүүл мэндийн даатгалын тогтолцоо төсөвт хүнд дарамт үүсгэдэг жишээ дэлхийн олон оронд ажиглагддаг. Эрүүл мэндийн тогтолцоог зөвхөн төр зохион байгуулж, алдагдалыг нийтийн хөрөнгөөр нөхдөг биш хувь хүний хариуцлагыг нэмэгдүүлж, илүү шударга хуваарилалт руу чиглэх нь зүйтэй юм.    

Төсвийн зардлын тэлэлтээс гадна төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлдөх, бизнесийн үйл ажиллагаанд хутгалдан оролцох, хувийн хэвшлийг зах зээлээс, эдийн засгаас шахан гаргах үзэгдэл сүүлийн жилүүдэд хэрээс хэтрээд байна. Ойрын жишээ дурдахад, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүд дэргэдээ мод тарих, үрсэлгээний аж ахуйн нэгжүүдийг байгуулж байгаа нь энэ чиглэлийн хувийн хэвшлийн хүний нөөцийн боловсон хүчнийг өндөр үнээр төр урвуулан авах, үрсэлгээ, суулгацыг хувийн хэвшлээс авдаг байсныг бууруулах, зарим нь бүүр зах зээл дээр худалдан нийлүүлж хувийн хэвшилтэй өрсөлдөх байдлаар ойн салбар дахь хувийн хэвшлүүдийг шахан гаргах үр дагавар авчирч байна. Хувийн хэвшил чадварлаг, туршлагатай боловсон хүчингүй, өрсөлдөх чадваргүй болж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилго нь сайхан ч социалистуудын арга барилаас болоод салбарт арай гэж хөлөө олохоор зүтгэж хувийн хэвшлээ хүнд байдалд оруулж, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргэж байна. Голланд өвчний зарим шинж тэмдэг ойн салбарт бий боллоо. Угтаа бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн аж ахуйн эрхлэгч бизнес, хувийн хэвшил хөл дээрээ босох боломж байх ёстой. Гэтэл төрөөс хэт их оролцож байгаа нь жам ёсоороо хөгжиж байгаа зах зээлийг гажуудуулах шалтгаан болж байна.

Цаашилбал, махны үнийг тогтворжуулах нэрийн дор нөөцийн махыг бэлтгэн хямд үнээр зах зээлд нийлүүлж төр махны ченжийн ажлыг хийж зах зээлийн гажуудлыг бий болгож байгаа бол эрчим хүчний салбарт үнэ тарифийн хатуу бодлого явуулж, иргэдэд халамжийн чанартай арга хэмжээг авч байгаа нь эдийн засгийн хувьд үр ашиггүй, үрэлгэн, зах зээлийн бус аргаар эрчим хүчний үйлдвэрүүдийг удирдаж улмаар тус салбар улам бүр гаднаас хараат байх системийг бий болгож байна. МАН 2016 болон 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эрчим хүчний хүчин чадал, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлж, эрчим хүч экспортлогч орон болно гэсэн амлалтыг өгсөн. Энэхүү зорилтууд нь хэрэгжээгүйн дээр үнэ тарифийн ийм хатуу нөхцөлтэй үед тус салбарт хөрөнгө оруулалт орох боломж байхгүй. Эрчим хүчний гадаад хараат байдал нэмэгдсээр байна. Энэ мэтчилэн төрөөс зах зээлд хэт их оролцож, төр өөрөө бизнес хийж байгаа нь авилга, хулгай, хүнд сурталыг улам бүр гааруулахад нөлөөлж байна.

Иймд баруун төвийн намын хувьд АН төр бизнес хийдэг бүхий л тохиолдлыг хумьж, үнэ тарифийн бодлогыг өөрчилж, аль болох зах зээлийн жамаар эдийн засаг залуурлагдаж, үр ашигтай байх зарчмыг дэвшүүлдэг.

Европын төв банкны судалгаагаар баруун ба зүүний үзэлтэй намуудын төлөөллүүдийн мөнгөний бодлого дээрх байр суурь эрс тэс ялгаатай биш, харьцангуй ойролцоо болохыг харуулсан байдаг. Гэвч хязгаарлагдмал мөнгөний бодлого, Төв банкны хараат бус байдал, мөнгөний бодлогын ил тод байдал зэрэг асуудалд илүү хүчтэй дуу хоолойг барууны чиг баримжаатай намууд гаргадаг болохыг харж болно.[2] Милтон Фридманы тодорхойлсон инфляц бол хаа сайгүй зөвхөн цэвэр мөнгөний үзэгдэл мөн гэх алдарт үгийг санах ёстой. Төвбанкны үндсэн үүрэг нь мөнгөний тэлэх бодлогын нөлөөгөөр үүсэж болох инфляцыг хянах, зорилтот түвшинд барих явдал. Түүнчлэн Төвбанкны мөнгөний бодлого нь сангийн бодлоготой нягт уялдаж байж амжилттай хэрэгжих боломжтой.

Инфляц өндөр байх нь хадгаламжийн хүү өндөр байх, цаашлаад зээлийн хүүгийн хэмжээ өндөр байх нөхцлийг бүрдүүлдэг. Нөгөө талаар төсвийн зардлын хэт тэлэлт нь мөнгөний бодлогыг чангаруулах шалтгаан болдог ба бодлогын хүүгийн хэмжээ өсөх нь хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээ өсөх бас нэг шалтгаан болж байдаг. Ковид-19 цар тахалтай байсан жилүүдийг эс тооцвол Төв банкны бодлогын хүүгийн хэмжээ хоёр оронтой тоонд хэвээр байсан. Ялангуяа сүүлийн хоёр жилд халамжийн зардал, төсвийн тэлэлтээс улбаатайгаар инфляц өндөр хэмжээнд хүрч улмаар Төв банкнаас бодлогын хүүг нэмэгдүүлэн хоёр оронтой тоонд хүргэсэн. Бодлогын хүү болон бусад мөнгөний бодлогын арга хэрэгслүүдээр дамжуулан мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлснээр бодит байдал дээр зээлийн хүүг нэмэгдүүлж, бизнес эрхлэх зардлыг өсгөж улмаар бизнес эрхлэх сонирхлыг бууруулж байна. Энэ нь бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт буурч, үнэ өсөх нэг нөхцөл юм. Нөгөө талаар Төв банкны бодлогын хүү өссөнөөр арилжааны банкууд аль болох эрсдэл өндөртэй бизнесийн зээлээ хумьж, эрсдэл багатай хэрэглээний зээлийг нэмэгдүүлэх сонирхолтой болдог. Энэ нь бараа, үйлчилгээний нийлүүлэлт саарах бас нэг хүчин зүйлд ордог тул инфляцыг бага түвшинд барих бодлоготой харшилж байдаг. Тиймээс бодлогын янз бүрийн тохируулгууд, арга хэрэгслүүдийг Төв банкнаас давхар авдаг ч төдийлөн үр дүн харагддаггүй. Зээлийн хүү өндөр болоход эдгээр макро суурь бодлогын нөлөө болон эх үүсвэрийн зардлаас гадна арилжааны банкуудын өөрийн үйл ажиллагааны зардал багагүй нөлөөлж байдаг. Энэ зардал нь зах зээлийн жамаар, финтек хөгжлийн нөлөөгөөр жам ёсоор буурах боломжтой. Төр үүнд оролцох шаардлагагүй бөгөөд макро суурь асуудлыг тогтвортой байлгах, хувийн хэвшилд харшлахгүй байж, бизнесийн таатай орчныг бүрдүүлсэн төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх учиртай юм. Өөрөөр хэлбэл, төсвийн зардлын тэлэлтийг багасгах нь хувийн хэвшилд очих хөрөнгийн эх үүсвэрийн зардал буюу зээлийн хүүг бууруулахад ихээхэн нөлөөтэй.

Төсвийн алдагдал өндөр байх нь дотоодын зах зээл дээр гаргах Засгийн газрын бондын хэмжээг нэмэгдүүлж улмаар арилжааны банкууд дахь зээлийн эх үүсвэрийн хүүгийн зардлыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг шахан гаргах гол шалтгаан болдог. Иймд манайх шиг хувийн хэвшилд очих хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай, хүүгийн зардал өндөртэй улсад хөрөнгийн зардал улам бүр нэмэгдэж, хувийн хэвшилд ирэх дарамт өсөхөд Засгийн газар төсвийн хэт тэлсэн бодлогоороо нөлөөлж байдаг. Сүүлийн жилүүдэд Сангийн яам дотоодын бондын хэмжээг багасгах бодлого баримталсан нь авууштай үзүүлэлт боловч гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлсээр байна. Зээлийн хүүгийн хэмжээг сарын 1 хувьд хүргэх сонгуулийн амлалт өгсөн МАН төсвийн хэт өндөр зардлын тэлэлтээрээ хүүгийн хэмжээ буурахгүй байх суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Одоогийн байдлаар арилжааны банкуудын жигнэсэн дундаж хүүгийн хувь хэмжээ жилийн 17 орчим, сарын 1.4 хувьтай байгаа нь сарын 1 хувьд хүргэх амлалтандаа зүүн төвийн нам болох МАН хүрээгүйг харуулахаас гадна өмнөх жилүүдээс айхтар буурч чадаагүйг давхар харуулж байна. Төсвийн хэт тэлсэн зардлын дүн нь инфляц өндөр байхад нөлөөлдөг бөгөөд 2021 онд иргэн бүрт 300 мянган төгрөг тараах гэх мэтээр халамжийн зардлыг нэмэгдүүлж, төсвийн зардлыг тэлсэн нь сүүлийн хоёр жилд инфляц хоёр оронтой тоонд хүрэхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн.

Ардчилсан нам макро эдийн засгийн тогтвортой, бизнес хувийн хэвшилд ээлтэй төсөв, мөнгөний бодлогыг баримтлах, өөрөөр хэлбэл төсвийн зардал, татвар, төлбөр хураамж, шимтгэл болон зах зээл дэх төрийн оролцоог аль болох бага түвшинд байлгах бодлого баримталдаг. Гэвч АН олон улсын зах зээл дээр түүхий эдийн үнэ буурсан, төсвийн орлого тасалдсан 2012-2016 онуудад буюу эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд Засгийн эрхийг авч, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах, хувийн хэвшил, бизнес, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор төсвийн зардлыг тэлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх гэх мэт бүхий л талаар эдийн засгийг тогтворжуулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэхээс өөр гарцгүйд хүрч байв. Тухайн үед манай улсын экспортын гол түүхий эдийн үнэ гадаад зах зээлийн хамаарлаас болж огцом унаж, олон арван уурхай бүтээгдэхүүний өртөгөөс бага орлого олох эрсдэлтэй тулгаран үүдээ хааж, гаднаас орж ирэх валютын урсгал саарсан. Төсөвт ирэх орлого тасалдан эдийн засаг хүнд байдалд орсон. Олон улс дахь түүхий эдийн үнийн индекс 2011 оны 4 үгээр сард 195 нэгжид хүрч байсан бол тасралтгүй буурсаар 2016 оны 4 дүгээр сард  88 нэгжид хүрэн даруй 2.2 дахин буурч, манай улсын экспортын орлого эрс багасаж, валютын нөөцийн дутагдалд орж байв. Иймд хүндхэн байдалд орсон эдийн засгийг сэргээх яаралтай арга хэмжээг авч 1.5 тэрбум ам.доллар бүхий Чингис бондыг олон улсын зах зээл дээр гаргаж, дотоодын валютын нөөцийг нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж улмаар тасраад байсан эдийн засгийн судсанд амь тариа хийж байлаа. Тухайлбал, тус хөрөнгө оруулалтаар 3 болон 4 дүгээр цахилгаан станцуудад сүүлийн 30 жилд хийгдээгүй томоохон өргөтгөл, шинэчлэлийг хийж, тухайн үедээ цахилгааны хязгаарлалт хийх түвшинд ирсэн байсан нөхцөл байдлыг залруулсан бол Амгалангийн дулааны станцыг барьж ашиглалтад оруулан хотын зүүн чиглэлийг дулааны эх үүсвэртэй болгож, тус бүсэд олон мянган айлын орон сууц барих нөхцөлийг бүрдүүлж байв. Түүнчлэн Нийслэл хотыг аймгийн төвүүдтэй холбох нийт 3000 гаруй км авто замыг барьж тээврийн зардал, цаг хугацааг хэмнэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоодын аялал жуулчлал хөгжих боломжийг бий болгохоос гадна цемент, гангийн үйлдвэрлэл, ЖДҮ-үүдэд санхүүжилт олгож импортын хамаарлыг бууруулах, ажлын байрыг хадгалах бодлого барьж байв. Мөн Улаанбаатар хот болон зарим томоохон аймгийн төвүүдийн доторх авто замыг шинэчлэн, олон арван уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, нийт 90 мянган айлыг ипотекийн зээлд хамруулж, барилгын салбарыг дэмжин ажлын байрыг хадгалж чадсан. Гэтэл одоо ипотекийн зээлийн хүсэлт өгсөн очерийн хэмжээ 15 мянгад хүрчихээд байна. МАН ипотекийн зээлийн хүүгийн хэмжээг 6 хувьд оруулан буулгасан гэх боловч олгохгүй байгаа бол энэ нь үр дүнгүй, дүр эсгэсэн үйлдэл гэсэн үг юм.

Угтаа бол 2012 оноос өмнөх түүхий эдийн үнэ өндөр, эдийн засгийн гадаад, дотоод таатай нөхцөлд байсан С.Баяр болон Сү.Батболдын Засгийн газар төсөв, мөнгөний оновчтой бодлого хэрэгжүүлж, халамжийг хавтгайруулахгүйгээр, төсвийн сахилга батыг сахиж, Норвеги, Чили гэх мэт уул уурхайн салбарт түшиглэсэн улс орнуудын адилаар мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, түүхий эдийн үнийн мөчлөгийн уналтын үед эдийн засгийг тогтворжуулах, уул уурхайн бус салбаруудыг дэмжих, эдийн засгийг солонгоруулах зорилгоор Баялгийн санг байгуулж хуримтлал үүсгэсэн бол дараагийн засаг гадаад зах зээлээс валют босгож бонд гаргаж хөрөнгө оруулалт татах шаардлагагүй байж болох байсан. Гэвч зүүн төвийн үзэл санаа бүхий нам манай улсын төрийн эрхэнд гарснаар халамж, төсвийн зардлыг аль болох тэлэх, татварыг нэмэгдүүлэх чигийг барьж, мөчлөг дагасан төсвийн бодлогыг хэрэгжүүлж эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэгдүүлж ирсэн нь дараа дараагийн засгийн газарт макро эдийн засгийг удирдахад томоохон хүндрэл бэрхшээлийг дагуулж байсан. Иймд нэн тэргүүнд төсвийн сахилга батыг хаа хаанаа хангаснаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах явдал чухал бөгөөд төсвийн бодлого нь макро эдийн засгийг хэрхэн залах, эдийн засаг дахь төрийн оролцоо ямар түвшинд байх, хувийн хэвшлийг дэмжих эсвэл шахах бодлогыг тодорхойлж байдаг. Мөчлөгийн оргил үед орж ирэх төсвийн орлогын өсөлтийг зөв удирдаж, оновчтой захиран зарцуулахгүй бол хэт нэг салбараас хамааралтай эмзэг эдийн засгийн намагт улам бүр шигдсээр байх болно. Өөрөөр хэлбэл, алс хэтийг харсан, урт хугацааны ухаалаг, оновчтой бодлогыг баримтлах шаардлага нэн тэргүүнд үүсч байна. Энэхүү тогтвортой бодлогыг зөвхөн баруун төвийн үзэл баримтлалтай намууд л баримталж, төсвийн хэт их зардал, халамжийн өсөлтийг сааруулах замаар төрийн оролцоог хумьж, зах зээлийн жамаар эдийн засаг, нийгмийн хөгжлийг бий болгох боломжтой юм.

Сүүлийн 8 жилд манай улсын экспортын гол түүхий эд болох нүүрс, зэсийн үнэ өндөр байж, Ковидыг эс тооцвол гадаад, дотоодын эдийн засгийн нэн таатай орчинд МАН-ын Засгийн газар ажиллаж байна. Тухайлбал, дэлхийн түүхий эдийн үнийн индекс 2016 оны 8 дугаар сард 63 нэгжтэй байсан бол 2023 оны 8 дугаар сард 121 нэгжид буюу бараг хоёр дахин өндөр байсан ба 2022 онд бүүр 173 нэгжид хүрч байв. Гэвч энэхүү өндөр үнийн өсөлт, дагаад төсвийн орлогын өсөлтттэй зэрэгцэн төсвийн зардлын тэлэлтийг хэт бий болгосон нь өмнө дурдсанчлан инфляц өндөр байх, төгрөгийн ханш сулрах эрсдэлийг бий болгож улмаар төв байнкны бодлогын хүү хоёр оронтой тоонд хүрсэн. Иймд Засгийн газрын хэт тэлсэн зардлын бодлого цаашид үргэлжилбэл хөрөнгийн эх үүсвэрийн дутагдлыг бий болгох замаар хувийн хэвшлийг шахан гаргах, инфляцийг өдөөж хадгаламж, зээлийн хүү өндөр хэмжээнд хадгалагдахаар байна. Өөрөөр хэлбэл, зүүн төвийн нам хэзээ ч хувийн хэвшилд очих хөрөнгийн эх үүсвэрийн хүүгийн зардлыг бууруулах боломжгүй юм. Учир нь энэ төрлийн нам Засгийн эрхэнд гарах нь халамжийн зардлыг тэлэх замаар төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, улмаар дотоодын хувийн хэвшилд очих эх үүсвэрийн зардал буюу зээлийн хүүг өсгөх, мөнгөний хатуу бодлогын дүнд зээлийн хүү нэмэгдэх дүгнэлтэд хүрч болохоор байна. Иймээс баруун төвийн үзэл баримтлалтай АН-ын хувьд төсвийн орлого нэмэгдэх бүрт төсвийн зарлагыг дагаж өсгөдөг байдлыг засах, эдийн засгийн мөчлөг дагасан биш сөрсөн бодлогыг хэрэгжүүлэх, төсөвт тавих иргэд олон нийтийн хяналтыг улам бүр бэхжүүлэхэд ихээхэн анхаарах учиртай. Төсвийн сахилга баттай бодлого нь эдийн засгийн тогтвортой байдлын суурь тул Эдийн засаг, хөгжлийн сайд хүчтэй байж төсвийн бодлого эдийн засгийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд хангах чиглэлд анхаарч түүнийг Сангийн сайд ягштал мөрддөг байх хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь чухал юм. Мөн төсвийн бодлого нь төсвийн зарлагын үр ашгийн шинжилгээг макро эдийн засгийг тогтвортой байлгах хэд хэдэн хувилбаруудаар тооцдог байх ёстой. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах төсвийн бодлого зайлшгүй шаардлагатай байна.

Зүүн төвийн нам төрд гарснаар аль болох л эдийн засаг дахь төрийн оролцоог бүхий л түвшинд нэмэгдүүлэх чиглэлийг баримталж байдаг. Үүний нэг тод илрэл нь төрийн бүтэц рүү чиглэсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого бөгөөд энэ нь тус бодлого буруу явж байгааг харуулж байгаа юм. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж муу хэвээр байсаар байхад төрийн захиргааны нүсэр том барилгуудад улсын төсвийн хөрөнгө оруулалт чиглэж, цаашлаад цөөн ганц нэг аймгуудад хөрөнгө оруулалтыг түлхүү төвлөрүүлж байгааг харж болно. Төрийн захиргааны том барилгууд барих нь цаашид төр улам томрох нөхцөлийг бүрдүүлэхээс гадна эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулалт хийхээс хавь илүү үр ашиггүй бодлого юм. Иймд төрийн захиргааны барилгуудын багтаамж хэмжээг сургууль, цэцэрлэгийн адилаар стандартчуулж нэг хэв маягт оруулах, хэт тансаг барилга барихыг хатуу хорих харин эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг аль болох зай томтой хангалттай, иргэд чөлөөтэй үйлчлүүлэх түвшинд стандартчлах нь зүйтэй юм.

Дээрх бүгдээс цомхон дүгнэхэд манайх шиг бизнес хувийн хэвшлийг дэмжих дэмжлэг бага, дотоодын үйлдвэрлэл муу хөгжсөн, импортоос хэт хамааралтай орны хувьд макро эдийн засгийн бодлогыг тэр дундаа төсвийн бодлогыг баруун төвийн үзэлд суурилан боловсруулж хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, зүүн төвийн халамж, төсвийн зардлыг нэмэгдүүлсэн тэлэх бодлого хэрэгжүүлж хувийн хэвшлийг шахан гаргах, импортын өсөлтийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг сулруулах, инфляцыг өдөөх зэрэг бодлогуудын эсрэг татварын дарамт бага байх, дотоодын үйлдвэрлэл, бизнес эрхлэлтэд ээлтэй, хөрөнгийн эх үүсвэрийн зардал бага байх төсвийн бодлого хэрэгжүүлэх нь чухал юм. 

Улс орнууд ямар бодлогыг хэрэгжүүлснээр амжилттай хөгжсөн бэ? Хүн төрөлхтөний түүхэнд өнөөдрийн өндөр хөгжилтэй улс орнууд, хурдтай хөгжиж буй улс орнууд чөлөөт эдийн засгийн бодлого, барууны бодлогыг түлхүү баримтласан байдаг. Зүүн төвийн үзэл, замаар явж хөгжил дэвшилд хүрсэн нь өнөөдрийг хүртэл үгүй бөгөөд өнгөрсөн 8 жилийг харахад ч тодорхой байна. Ухралтыг зогсоох, гацаанаас гарах, хөгжлийн үүд хаалгыг нээх цаг ирлээ. Хариуцлагатай сонголт бидний урд байна. Төгсгөлд нь АНУ-ын сенатор Ранд Полын хэлсэн алдартай үгийг эшлэе. 

...Социалистууд амжилтанд хүрэх цорын ганц "социалист" загвар болох Скандинавын орнуудын жишээг л хэлдэг. Харамсалтай нь тэдний хувьд “социалист” гэгдэх Скандинавын орнуудын амжилт нь үнэн хэрэгтээ өнгөрсөнд бий болсон сайн хувийн өмч, капитализмаас л үүдэлтэй юм!

[1] Woodhead (2014) Early Childhood Development Delivering inter‐sectoral policies, programmes and services in low‐resource settings, DFID

[2] Fraccaroli et al. (2022) Ideology and monetary policy. The role of political parties’ stances in the European Central Bank’s parliamentary hearings, European Journal of Political Economy

Volume 74, September 2022, 102207

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс