Засгийн газраас өнгөрсөн пүрэв гаригт Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын дарга уг саналыг хүлээн авч өнгөрсөн баасан гарагт Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар болсон юм. Хууль зүйн байнгын хорооны хурлаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байв. Гэвч Хууль зүйн, байнгын хорооны ирц бүрдсэнгүй. Тиймээс хурлаа дараагийн долоо хоног руу шилжүүлсэн юм.
УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд дараах гишүүд харьяалагддаг юм.
Шүүх байгуулах тухай хуулийн төслийн гол агуулга нь авлигын гэмт хэргийг хэлэлцдэг дагнасан шүүхтэй болох юм. Дэлхий дээр 27 улс авлигын шүүх байгуулан ажиллаж байгаа ажээ. Манай улс 2007 онд Авлигатай тэмцэх газрыг шинээр байгуулж авлигын гэмт хэрэгтэй тэмцэж эхэлсэн ч авлига олон нийтийн хүсэн хүлээсэн хэмжээнд хүртэл буурахгүй байна. Харин энэ Засгийн газар авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй. Хүний, өөрийн нам ялгаагүй авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хууль шүүхийн байгууллагаар шалгуулж буй. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шүүх засаглалын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр ирсэн. Мөрдөн шалгах байгууллага хэргийг сайн шалгаж байгаа ч тухай асуудал нь шүүхийн шатанд очоод замхардаг, уддаг жишээ олон. Энэ нь нэг талаараа шүүхийн ачаалалтай ч холбоотой. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига дагнасан шүүх байгуулж байж авлигатай тэмцэх нь илүү үр дүнтэй гэж үзэж буй юм. Авлигын дагнасан шүүх байгуулахыг эсэргүүцэж байгаагийн цаана авлигын хэрэгт хатуу хариуцлага тооцдог болохоос айж эмээж шалтгаан байгаа юу?
Б.НОМИН