a.Admin
Ангилал
Хэзээ
8 сарын өмнө
Үсгийн хэмжээ
"Дуучид, бүжигчид, уран нугараачид, урвалт, үрсийн золиосын тухай туульслаг жүжгээрээ таныг мэл гайхуулна" гэж Английн The Guardian сонин "Монгол хаан" жүжгийг онцолжээ
8 сарын өмнө
a.Admin
"Дуучид, бүжигчид, уран нугараачид, урвалт, үрсийн золиосын тухай туульслаг жүжгээрээ таныг мэл гайхуулна" гэж Английн The Guardian сонин "Монгол хаан" жүжгийг онцолжээ

БНХАУ-ын хориглосон ч, Их Британийн нийслэл Лондон хотын алдарт Колизэйд нээлтээ хийж, ердөө дөрвөн өдөр болж буй The Mongol Khan (Тамгагүй төр) монгол драмын талаар Английн урлаг судлаачид төдийгүй барууны томоохон хэвлэлүүд “гайхалтай, ер бусын” хэмээн тодотгож мэдээлж байна. Иймд бид The Mongol Khan (Тамгагүй төр) жүжгийн талаар барууны хэвлэлүүд болоод урлаг судлаачдын гаргасан шүүмж, нийтлэлийг цувралаар хүргэж байна.

Тодруулбал,Их Британийн “The Guardian” сонинд “Монгол хаан” жүжгийн тойм-Хаан ор залгамжийн тухай яруу, ялгуун дууль нэртэй нийтлэл гарчээ. 

 

Гэрэл зургийн эх сурвалж: theguardian.com

 

Тус нийтлэлдДуучид, бүжигчид, уран нугараачид бүхий уран бүтээлчдийн нүсэр багийн тоглолт урвалт, үрсийн золиосын тухай туульслаг дэнслэм жүжгээрээ таныг мэл гайхуулна.

Нүүдэлчин гүрний суу алдар, сүр жавхланг өгүүлэх энэ жүжиг Монголын тал нутгаас Соёлын сүр бадаргуун наадам мэт оргилуунаар довтолгон ирлээ. Чингис хааны агуу хүчирхэг ноёрхлоос ч өмнө, өдгөөгөөс хоёр мянганы тэртээд Төв Азийн тал нутагт өрнөх эл зохиол агуулгын хувьд нүсэр хэдий ч, тайвны тавил нь хоёр гоёмсог үнэгийн бүжлээр эхлэн, улмаар дуучин, бүжигчин, акробатчин, уран нугараачдаас бүрдсэн 70 гаруй уран бүтээлчдээр өргөжин нүд эрээлжлэм гялбуулах аж.

Бавуугийн Лхагвасүрэнгийн гурван үзэгдэлт эмгэнэлт жүжгээс найруулсан энэ жүжиг нь уран сайхны дүр Арчуг хааны (Эрдэнэбилэг Ганболд) түүхийг хүүрнэнэ. Хүннү гүрний хааны их хатан (Уранчимэг Уртнасан) болон бага хатан (Дөлгөөн Одхүү) хоёул зэрэг шахуу хаан ор суух нуган хөвүүдийг төрүүлснээр хаантан хаант улсаа залгамжлуулах тухайд ацан шалаанд орно. Улмаар жүжиг урван тэрслэл, шалиглал хийгээд хаан ор залгамжлахын төлөөнөө нуган үрсийг солих зэргээр цааш ээдрэн өрнөнө.

Егөөтэй нь, [төр улсынхаа төлөө] өөрийгөө золигч хааны тухай тууль атал, эмэгтэй дүрүүд нь илүүтэй сэтгэл шимшрэм аж. Эх хүний эмгэнэм уй гашуу, золио нь эртний Грекийн эмгэнэлт жүжгийн оргил “Орестей”-г санагдуулам. Баатарын найруулсан эл жүжигт эхлэх эгшнээсээ л бид туульсын нутагт зорчих мэт. Жон Мэнийорчуулж, Тимберлейк Уэртенбэйкерийн хянан зассан энэ жүжгийн хүүрнэл нь эртний аяст, сүр  жавхлант, тунхаг мэт агаад дүрүүдийн өгүүлэх нь ч аянгалан нүргэлэхийн сацуу үнэхээр аянгын ниргээнтэй ч хамсарна. Тайзнаа өрнөх үйл явдал “тас няс” хийх нь зарим үед утгаа алдсан гэмээр.

 

Гэрэл зургийн эх сурвалж: theguardian.com
Гэрэл зургийн эх сурвалж: theguardian.com

 

Эл жүжгийн амь нь цараа далайц, жүжиг тоглолтын ой тойнд багтамгүй гойд нийцэлд орших бөгөөд “Шаолиний сүнс”, “Нарны цирк”, “Араатны хаан Арслан” шоунуудын огтлолцол мэт. Даваасүрэнгийн Баярбаатар, Хатанхуягийн Хашхүү нарын дэглэсэн бүжиг нь уулга алдам агаад бүжгийн найрсал нь тоглолтын тайзнаа  гялалзах жинхэнэ од байлаа. Эл бүжгийн хоршил тайзнаа өрнөх тулаан тэмцэл, ордны орчин алийг нь ч увидаслан амилуулж, цэрэг мэт зэрэг жигдрэн хөдлөнгөө үзэгчдийн анхаарлыг хамгийн анзаарагдамгүй чухаг эд эсрүү чиглүүлэн, гар хуруу чичигнэх төдий үл ялиг үйлдлийг ч цуурайлан, тэр байтугай далд өрнөх сэтгэлийн хямрал үймрэлийг ч тодотгон үзүүлнэ.

Мөн дайтан тулалдахыг тод томруун дүрслэхийн зэрэгцээ, эцэг, эхийн энэлэн шаналлыг ч эргэлдэн хуйлран харуулна. Нэг үзэгдэлд тэд мурилзан тачаадах ад албин мэт үзэгдснээ, өөр нэгэн бүлэгт шатан дүрэлзэх Данте домгийн дүрүүд мэт хувилна.

Мягмарын Бирваа, Баттогтохын Одбаяр нарын зохиосон жүжгийн хөгжим нь исгэрээ, хонх, хөөмэй зэрэг уламжлалт ая аялгууг орчин үеийн хүнд аргил хэмнэл, цохилготой зохируулсан нь аваргасан биетүүд тайзнаа дэвслэх мэт сэдэл төрүүлнэ. Харин Очиржанцангийн Болдын урласан хувцас өмсгөлүүд нь уран нарийн хийцтэй түүхэн бэлгэдэл, амьтны дүр дүрслэлүүдийг хослуулснаараа мэлмий мялаасан үзэсгэл болжээ.

Англид ирэхийн өмнөхөн Хятадын захиргаан дахь Өвөр Монголд толилуулах байсан ч, Хятадын эрх баригчид элжүжгийн тоглолтыг үндсэрхэг үзэл, салан тусгаарлах үзлийг дэвэргэхээс болгоомжлон цуцалсан юм. Жүжгийнутга санаа нь Уэст Эндийн тайзнаа тавигддаг нийтлэг агуулгаас тэс өмнөө бөгөөд ерөөс арилжааны өнгөөр хулдсан соёлын түүх гэлтэй. Харин тайзны арын дэвсгэрт эргэлдэн үзэгдэх гариг болон шуугин харвах сүүлт одод нь нэг л наалдацгүй. Зарим талаараа Монголын соёл түүхийн “Гладиатор” хувилбар ч гэмээр энэ зохиол бүхэлдээ оргилуун, туульслаг уянгын эмгэнэлт жүжиг ажээ. Гэхдээ нэгэнт ийм уран яруу юм хойно хэнд хамаа байх вэ” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс