УИХ-ын сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгахыг улс төрчид, олон нийт ч дэмжиж байгаа. Гэтэл нөгөө талд УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэх хэсэг байсаар байна. Угтаа бол сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа л бол гишүүдийн тоог олон болгохыг ч мөн дэмжих хэрэгтэй юм.
Тодруулбал... Гишүүдийн тоог нэмэгдүүлэх болон хосолсон тогтолцоо нь хоорондоо уялдаа хамааралтай асуудал. Гишүүдийн тоог нэмэгдүүлэхгүйгээр хосолсон тогтолцоогоор 2012 онд сонгууль явуулж үзсэн. Нийт 76 гишүүн тойрогт 48 мандат, жагсаалтад 28 мандаттай байсан. Өөрөөр хэлбэл, тойргийн буюу газар нутгийн төлөөллөөс 28-ийг хасан жагсаалтаар сонгосон. Үүнд алдсан, оносон зүйл багагүй байсан бөгөөд бид холимог тогтолцоог туршсан анхны удаагийнх байсан.
Манай улстай ойролцоо хүн амтай, газар нутагтай, харьцуулж болохуйц улс орнууд голдуу 100-150 орчим гишүүн бүхий парламенттай байна. Холимог болон хосолсон сонгуулийн тогтолцоотой улсуудын хувьд 100-аас илүү гишүүнтэй байх нь түгээмэл байна.
УИХ-ын шишүүдийн тоог нэмэгдүүлэх ач холбогдлын тухайд хөгжлийн нэгдсэн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд дан мажоритар сонгуулийн тогтолцооны сөрөг үр дагавар болох төсвийг тойрогт хуваадаг байдлыг халах, цөөн хүнд төвлөрсөн эрх мэдлийг олон хүнд хуваах замаар задлах, гишүүд нэг нэг мэргэжлийн байнгын хороонд хуваагдан ажиллах замаар хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх, олуулаа шийдвэр гаргадаг болох замаар цөөн хүний харилцан ойлголцол, зөвшилцлөөр асуудал шийддэг боломжийг хаах зэрэг олон талын ач холбогдолтой.
Парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Тэгэхээр угтаа бол хууль тогтооход шууд оролцох ард түмний төлөөллийг нэмэгдүүлж байгаа юм.