Гэр бүлийн хүмүүс маргах, муудалцах нь байх л зүйл. Гэхдээ хүүхдүүдийнхээ дэргэд юуг хэлэх, яах ёстойг бодолцоход илүүдэхгүй. Жишээлбэл, хэзээ ч хүүхдийн дэргэд нөхрийгөө хардаж сэрдсэн яриа дэлгээд хэрэггүй гэдгийг сана. Учир нь хэзээ нэг өдөр нас биед хүрсэн хойноо эхнэр авахаасаа төвөгшөөдөг.
- Эцэг, эхийн хоорондын зөрчилдөөнөөс үүдэн гэр бүлийн уур амьсгал таагүй болдог. Нэн ялангуяа хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэл санаагаар унах болон янз бүрийн хэрээс хэтэрсэн зүйлийг бодоход хүргэдэг.
- Хоёр биеэ ойлгож харилцан илэн далангүй байх хэрэгтэй. Цоожтой авдар шиг байдал хэзээ ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй.
- Хараалын үг хэлж бие бие рүүгээ давшлах нь тийм ч сайхан зүйл биш. Тэр дундаа хүүхдийн дэргэд уг үйлдлийг хийх нь бүр ч зохисгүй хэрэг юм. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг, эхтэй холбоотой байдаг гэдгийг анхаарвал зохино.
- Хэн нэгэнтэй ямар ч шалтгаангүйгээр хоёр биеэ хардахаасаа өмнө хардалт гэдэг ямар хар энергитэй зүйл болох мөн ямар сөрөг үр дагаврыг бий болгодгийг ухаарч ойлгох хэрэгтэй.
- Гэр бүлийн ажилд эрх тэгш оролцож байвал зохистой. Учир нь та хоёрын хамтын амьдрал шүү дээ. Аль болох биеэ дааж амьдрахыг хичээгээрэй. Эцэг, эхтэйгээ хамт амьдрах нь тийм ч сайхан хэрэг биш юм. Өдөр тутмын амьдрал чинь ил тод байхаас гадна ямар нэгэн таагүй зүйл болоход үл ойлголцлын асуудал үүсэж болзошгүй.
- Гэр бүлийн дотоод асуудлыг найз нөхдөдөө ярьсны хэрэггүй. Хэчнээн дотнын сайн найз нөхөд байлаа ч гэсэн хэзээ нэг өдөр муудсан үедээ бусдад дэлгэхийг үгүйсгэхгүй шүү дээ.
- Хоёр биеийнхээ эрх чөлөөнд хэт халдах гэсний хэрэггүй. Тухайлбал, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, ажлаасаа оройтож ирэх үед нь уурлаж бухимдахаа урьтал болголгүй тайван хүлээж авч сурах.
- Эцэст нь хэлэхэд, бие биедээ үнэнч байж хоёр биеэ хайрлаж амьдрах нь чухал юм шүү.