“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурал өнөөдөр болж байна. Тус компаниас Монгол Улсын 2.5 сая орчим иргэнд ногдол ашиг тараах уу, эсвэл нүүрс угаах үйлдвэр барих уу гэдэг шийдлийн аль нэгийг гаргана гэсэн хүлээлттэй байсан ч ноогдол ашиг тараах эсэхийг онцгой нөхцөл байдлыг дууссаны дараа дахин ярилцана гэсэн шийдвэрийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ гаргасан гэдгийг мэдээллээ.
Тодруулбал... Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоосон бөгөөд энэ хугацааг дахин 6 сараар сунгасан. Энэ сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар онцгой дэглэмийн хугацааг сунгасан бөгөөд энэ хугацаа нь энэ оны 10-р сард дуусгавар болох юм.
Өөрөөр хэлбэл одоогоор Эрдэнэс Тавантолгой ХК 1072 хувьцааны ноогдол ашгийг тараахгүй бөгөөд Засгийн газраас тогтоосон онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа ноогдол ашиг тараах эсэхийг дахин ярилцана гэсэн шийдвэрийг танилцууллаа.
Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б. Ганбат: "Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосон. Иймээс онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг авч үзэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа энэ оны 10 дугаар сард дуусна. Тухайн үед ногдол тараах асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэхээр болсон" гэлээ.