УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ цаг мөчид хаалттай горимоор үргэлжилж, нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэж байна.
Хаалттай хуралдаанд 65 гишүүн оролцож байгаа гэдэг мэдээлэл байна.
Энэ үеэ УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Ер нь бол би хэрэг хийгээгүй. Шүүх тогтоох байлгүй. Надад битүүмжлүүлээд байх 16 объект байхгүй. Прокурор андуурч хэлсэн байх. Манай төрсөн дүү бизнес хийдэг нь үнэн. Хоёр машин гаалиар журмынх нь дагуу оруулж ирсэн. Хотын гаалийг зохицуулаад, дараалал зөрчиж машин оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ.
Намайг Өмнөговь аймгийн Засаг дарга байхад 60 сая төгрөгийн тендер зарласан. Үүнд нэг компанитай түншлээд "Сэрсэн говь" ХХК орсон. Өөр өрсөлдөгч байхгүй ганцаараа байсан тул энэ тендерийг авсан. Засаг дарга хүн захирамж гаргах үүрэгтэй шүү дээ. Авлигын эсрэг мэдүүлгээ бөглөөд л захирамжаа гаргасан. Засаг дарга хийж байсан хүнээс ийм жижиг, сажиг асуудал олдох л юм билээ дээ.
Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, Хаан банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн юм. Энэ баримт нотолгоогоо өгсөн. Төрийн ажил хийгээд л явж байлаа" хэмээв.