Хөгжлийн Банкны нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн нээлттэй сонсголоор тус банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж буй.
Сонсголын эхэнд 2016 онд Монгол Улсад зохион байгуулсан АСЕМ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад Хөгжлийн банкнаас санхүүжилтийг гаргасан, шийдвэр, зарцуулалтын талаар хэлэлцлээ.
Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт сонсголд гэрчээр оролцож дараах мэдээллийг өгсөн юм.
Сангийн сайд асан С.Баярцогт: "АСЕМ-тай холбогдуулж Монгол Улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн зорилтод 21.1.4-т АСЕМ-ийг 2016 онд УБ-т зохион байгуулах шийдвэрийг гаргаж УИХ-д хэлэлцсэн. АСЕМ зохион байгуулахаар Монгол Улсын 2016 оны төсвөөс 50 тэрбум төгрөг зарцуулах шийдвэрийг УИХ-аас гаргасан.
АСЕМ-ыг зохион байгуулах Үндэсний зөвлөл байгуулаад Гадаад хэргийн яамны дэргэд АСЕМ зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Ерөнхий сайдаар ажлын хэсгийг ахлуулсан. Дэлхийн 51 улсын тэрийн тэргүүн, Ерөнхий сайд нарыг хүлээж авах шаардлага бий болсон. Судалгаа хийсэн чинь нэг зочид буудалд 5 хүртлэх тооны төрийн тэргүүн, Ерөнхий сайдыг байрлуулж болох юм. түүнээс илүү боломжгүй гэсэн.
Өөрөөр хэлбэл богино хугацаанд 3-5 одын зэрэглэлтэй зочид буудлыг олноор байгуулах нөхцөл байдал үүссэн. Энэ нь хоёр жилийн хугацаанд зохион байгуулах боломжгүй зүйл байсан. ҮАБЗ хуралдаж, дараагаар нь АСЕМ зохион байгуулах Үндэсний зөвлөл хуралдсан. Төр засгийн тэргүүнүүдийн аюулгүй байдлыг хангасан нэгдсэн зохион байгуулалттай хотхоныг Их тэнгэрт байгуулах анхны санаа гарч, яригдсан.
Их тэнгэрт байгуулагдсан нөхцөлд хувийн хэвшил орж ажиллахгүй гэдэг зүйлийг ярьсан байдаг юм билээ. Улмаар ажлын хэсгээс тухайн үед уг ажлыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай, төлбөрийн чадвартай компаниудад хүсэлт тавиад, Скай ресортын газар нутаг дээр АСЕМ вилла байгуулах шийдвэрийг ажлын хэсгээс боловсруулаад, Засгийн газарт оруулж ирсэн. Тухайн үед би Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байсан. Хажуугаар нь Сангийн сайдын үүргийг давхар хариуцаж байсан.
2015 оны 8-р сарын 17-нд Засгийн газраас 331-р тогтоолыг гаргасан. ингэхдээ хөгжлийн банкны тухай хуулийн 7,1 16,2 дэх заалтыг үндэслэн шийдвэр гаргасан. 2011 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны тухай хуулийг санаачилж, батлуулж байсан юм. Тогтоолыг Ерөнхий сайд, асуудал оруулсан сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг. Энэ тогтоолыг Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг агшсан учраас ОУВС-тай Standby хөтөлбөрийг 18 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд төсвөөс их хөрөнгө оруулалтыг, зардлыг хязгаарласан. Иймд үед бүтээн байгуулалтыг яаж явуулах тухай асуудал гарсан тул төсвийг оролцуулахгүйгээр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг үндэслээд гадна дотноос хөрөнгө татаж, Хөгжлийн Банкны санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгож, УИХ-аас баталсан жагсаалтуудын дотор Хөгжлийн Банк өөрөө санхүүжүүлэх эрхтэйгээр энэ хуулийг баталж гаргасан" гэв.
Хурал даргалагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: АСЕМ Виллатай холбоотой асуудлаар УИХ-ын шийдвэр байхгүй байхад Засгийн газар гаргасан байна гэсэн Хөгжлийн банкны санхүүжилт авах боломжтой болжээ. Таныг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаанд АСЕМ Вилла хотхоныг санхүүжүүлэх шийдвэрийг УИХ-аас гаргасан байсан уу? Хөгжлийн банкнаас санхүүжүүл гэсэн шийдвэр байхгүй юм байна.
Сангийн сайд асан С.Баярцогт: Хөгжлийн Банкны хуулийг боловсруулж батлуулсан учраас маш сайн мэдэж байна. 2017 онд шинэчилсэн найруулга хийгдэхэд 2011 оны Хөгжлийн Банкны хуулийг хүчингүй болгосон. Тэр дотор хамгийн чухал заалтыг байхгүй болгосон. Тодруулбал, уг хуулийн 8.1-д Хөгжлийн Банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын Хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална гэж заасан.