a.Admin
Ангилал
Хэзээ
1 сарын өмнө
Үсгийн хэмжээ
Ө.Пүрэв: Шүүгч асуудлыг голч шийдвэл талууд гомддоггүй
1 сарын өмнө
a.Admin
Ө.Пүрэв: Шүүгч асуудлыг голч шийдвэл талууд гомддоггүй

Монгол Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн гишүүн, Хилийн ба дотоодын цэргийн тусгай шүүхийн дарга асан, өдгөө 90 нас шүргэж буй, хурандаа Ө.Пүрэв гуайтай уулзаж ярилцлаа. 

-Та аль нутгийн хүн бэ, шүүгч болсон түүхээсээ яриагаа эхлэх үү? 

-Би 1933  онд Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант бригадад төрсөн. Аав минь 1934 онд цэрэгт явж, халагдаад Хөдөө аж ахуйн яаманд хэлтэс, газрын дарга, орлогч сайд хүртэл хийж байгаад хэлмэгдүүлэлтийн үеэр Хөвсгөлд нутагтаа очоод бүгчихсэн. Намайг бараг найм хүрсэн хойно ирэхэд ааваа танихгүй байсан гэдэг юм. Би өвөө дээрээ өсөж, түүнээр овоглосон. Өвөө намайг их эрхлүүлдэг, хажуудаа байлгах гэхдээ сургуульд оруулаагүй ч суманд байдаг бүдүүн сургуульд сайн дураар сууж, шинэ бичиг, тооны үйлдэл сурсан. Арван естэй цэрэгт яваад Нисэхийн хороонд карантинд байхад Зэвсгийн складын дэд хурандаа намайг зэвсэг түгээгчээр авч, дараа нь бага дарга болгож, намд элсүүлж дэмжсэн. Цэргээс ахлах түрүүч цолтой халагдаж, аав ээж айл гэр болгох талаар ярьж байтал гэнэт аймгийн шүүхийн дарга Сономхүү шүүхэд нарийн бичгийн даргаар авъя гэж дуудлаа. “Ерөөсөө мал дээр байгаад хөгжихгүй юм байна, чаддаг л юм бол яв” гэж ээж минь хэлснээр 1955 оны 12 дугаар сард шүүхэд анх  ажилд орсон юм. Нарийн бичгийн дарга протоколыг гараар бичнэ, санхүү, төсөв, эд аж ахуй хариуцна. Хагас жилийн дараа орон нутгийн сонгуулиар Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Өлгий гэсэн 4 сум хариуцсан хэсгийн шүүхийн шүүгчээр сонгогдсон. Ховдод төвлөрөөд бусад сумд руу нүүдэллэж хэргээ шийднэ. Нэг л шүүгчтэй, нарийн бичгийн дарга, зарлагатай, тэгээд сум дундын шүүхийн дарга гэж явна. Эрүүгийн хэрэг нь зодоон голдуу, иргэн нь өр авлага, морь тэмээ булаацалдсан хэрэг зонхилно. Сургуульд явъя гэж удаа дараа хүсэлт тавьсны эцэст 1958 онд Хуулийн дундад суралцаж эхэллээ. Нэгдэл, сумын дарга голдуу ихэнх нь надаас ах хүмүүстэй нэг ангид орлоо. Сүүлд Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж, гавьяат цол хүртсэн  Ичинхорлоо, Д.Алтангэрэл нар манай ангид байж билээ.

-Хуулийн дунд төгсөөд та Дээд шүүхэд үлдсэн байдаг?

-Том хүү минь дөнгөж гурван сартай байсан учир Увсаас өөр газарт томилвол явахгүй гэсэн юм. Эхнэр маань Ардын дуу бүжгийн чуулгад хөгжимчин хийж байсан. Хуулийн дундад байхад Дээд шүүхийн дарга Дамдин гуай олон улсын онол, нэгдүгээр орлогч, Эрүүгийн коллегийн дарга Лувсаншарав гуай эрүүгийн эрх, орлогч Содовсүрэн гуай эрүүгийн ерөнхий анги заадаг байлаа. Хуулийн их сургууль гэж байгаагүй, дээд сургуулийн программаар зааж байсан учир сургалт нь мундаг байж. Сургуулиа гайгүй төгссөн, өмнө ажиллаж байсан туршлагатай болохоор хотод аль нэг дүүрэгт шүүгч хийх бодол байсан. Нэлээд хүлээсний эцэст Дээд шүүхийн  коллегиор оруулаад тухайн үед дөнгөж суурь нь тавигдаж байсан кодификаци хариуцсан зааварлагчийн ажилд томилсон юм. Дээд шүүхийнхэн дандаа ахмадууд, би хамгийн залуу нь болохоор бүх л  зүйлд зарагдана, хийхгүй юм байхгүй. Зургаан сарын дараа Ю.Цэдэнбал тэргүүтэй Төв хорооны зөвлөгөөнөөр оруулж намайг Увсын  шүүхийн даргаар явуулсан.

-Ю.Цэдэнбал гуай шүүгчдийг хаашаа томилохыг шийдэж байсан гэж үү. Аймгийн шүүхийн даргаар ажиллахдаа та юу хийсэн бэ?

-Аймгийн шүүхийн дарга, прокурорын томилгоог Намын Төв хороо шийддэг байсан үе. Нарийн бичгийн даргын зөвлөгөөнд оруулна гээд очсон чинь Цэдэнбал дарга тэргүүтэй 7 гишүүн байна. Цэдэнбал гуайг өмнө нь яг тулж харж байсангүй, том ширээний дээр, сөөнгө дуутай хүн сууж байна.

Намын ажил хариуцсан нарийн бичгийн дарга, буурал Дүгэрсүрэн гэж хүн “Нутагтаа очиж байгаа юм байна, сайн ажиллаарай” гэсэн, бусад нь юу ч хэлээгүй. Тэр үед шүүхийн дарга аж ахуйн ажил их хийдэг байлаа.  Аймгийн зуд турхан, цасан шуурга, аюулт өвчин, өвөлжилтийн ажил, ноос үс, хадлан зэрэг бүх л юманд оролцоно.

Аймгийн шүүх дарга, нарийн бичгийн дарга, 2 тогтоол гүйцэтгэгч, сум хариуцсан 5 шүүгч, нарийн бичгийн дарга нартай. Тухайн үед анхан, давахын шүүх гэж байхгүй, сум хариуцсан шүүгч нар нь л асуудлаа шийдээд явчихдаг байсан.  Ийм маягаар жил ажиллаад Эрхүүд хуулийн сургуульд явсан.

-Та Орос руу сургуульд өөрөө явъя гэж бодсон юм уу, эсвэл?

-Хөдөө шүүхийн даргаар ажиллахдаа мэргэжил дээшлүүлэх, ялангуяа орос хэл сурах хэрэгтэйг ойлгосон.  Эрхүүгийн хуулийн сургуулийн элсэлт хэсэг тасраад 1966 оны их үерийн жил шүүх, прокурор, Засгийн газарт тус бүр 2, нийт 6 хүний хуваарь иржээ. Дээд шүүхийн дарга нар ярилцаад  Дундговийн шүүхийн дарга Дашжамц, Дарханы шүүхийн дарга Баасай, өмгөөлөгч Дагвадорж бид дөрвийг шүүхийн хуваарь дээр шалгалтад оруулсан. Тэр үед өмгөөлөх, арбитр шүүхийн харьяанд байсан цаг. Эцэст нь Дээд шүүхийн тэргүүлэгчдийн хурлаас Дашжамц бид хоёрыг сургая гэж шийдсэн. Эрхүүгийн их сургуулийнхан Монголоос ирсэн хүмүүс орон нутагт дээд шатанд ажиллаж байсан гээд хэлний бэлтгэлгүй шууд сургасан, эхлээд амаргүй байсан ч аяндаа сайжирдаг юм билээ.

-Та Дээд шүүхэд Цэргийн коллегийн гишүүн, Хилийн ба дотоодын цэргийн тусгай шүүхийн даргаар ажиллаж байсан. Цэргүүд холбогдсон хэрэг тэр үед олон гардаг байв уу. Цэргийн коллегийн чиг үүрэг, бүрэлдэхүүнийг ямар шалгуураар хаанаас хэрхэн томилдог байсан бэ? 

-Дээд шүүхэд 1971 онд Цэргийн коллегийг сэргээн байгуулсан. Эрхүүгийн их сургууль төгсөөд ирэхэд Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр оруулаад намайг Дээд шүүхийн Цэргийн коллегид, Дашжамцыг Эрүүгийн коллегид гишүүнээр томилсон. Цэргийн коллеги дарга, хоёр гишүүн, зааварлагч, нарийн бичгийн дарга нийт 4 хүнтэй. Хэргийг давж заалдахаар бүрэлдэхүүнтэй, анхан шатаар шүүгч иргэдийн төлөөлөгч орж шийддэг байлаа. Тэр үед цэргийн тоо их, үйлдвэр барихад хүртэл оролцдог байв. Цэрэг холбогдсон хэрэг 500-600 гардаг нь олонд тооцогдоно. 1972 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяанд хязгаарын болон дотоодын цэргийн тусгай шүүхийг сэргээн байгуулж, цэрэг армиас бусад аюулаас хамгаалах, цагдаа, хилийн ба дотоодын цэрэг, засан хүмүүжүүлэх байгууллага, онцгой байдлын газар гэх мэт төрийн тусгай албаны цэрэгжүүлсэн байгууллагуудыг харьяалж ажиллахаар болсон. Би Дээд шүүхийн гишүүнээр 11 жил 5 сар ажилласан. Ардын их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар 1981 оны 7 дугаар сард Хязгаарын болон дотоодын цэргийн тусгай шүүхийн даргаар намайг томилогдоход тус шүүхийг өргөтгөн зохион байгуулж, салбар шүүхүүдийг гурван ч аймагт байгуулсан юм. Дараа нь 1988 онд хилийн цэргийн шүүх, ардын армийн шүүх, барилгын цэргийн шүүхийг нэгтгэж, Бүх цэргийн тусгай шүүх байгуулагдсан.

-Та удирдлагад нь байсан Дээд шүүхийн дарга нарынхаа талаар ярихгүй юу?

-Дандаа сайн дарга нартай учирч байсан би их азтай хүн. Гүнсэн гуай НАХЯ-ны орлогчоос  Дээд шүүхийн дарга болж, 10 гаруй жил ажилласан. Цэдэнбал гуайд их үнэлэгддэг, сайд нарт та нар Гүнсэнгээс үлгэр жишээ ав гэдэг, их цэвэрч, хүнтэй соёлтой харилцдаг, аймаг хотын шүүхээ сайн дэмждэг, доод байгууллагууддаа нэр хүндтэй байсан. Иш гуай прокурорын орлогчоос Дээд шүүхийн дарга болсон, аж ахуйн талдаа сайн. Чимид гуай төр захиргааны эрх зүйн онол тал дээрээ мундаг, гэхдээ би хааяа зөрчилддөг байсан. Дамдин гуай надад их сайн ханддаг байлаа. Лувсаншарав гуай дайнд оролцсон, бүх цэргийн прокурор байсан, зарчимч. Удирдлагуудын зөв хүнээ дэмжих нь шүүхийн боловсон хүчний бодлогод хэрэгтэй байсан учир би тэр жишгээр Дэмбэрэлцэрэн зэрэг “нуруутай” залуусыг дараа нь дэмжиж байлаа.

-Та Чимид гуайтай юунаас болж зөрчилдөж байсан хэрэг вэ?

-Эрүү, цэргийн коллеги хүнийг тэнссэн тохиолдолд учир шалтгаан нь юу болох талаар танилцуулах захирамж Б.Чимид гуай гаргасан. Лувсаншарав гуай бид хоёр цэргийн нууц гээд алдаг оног танилцуулна. Цэрэг зодуулсан, дарамтлуулсан, эрхшээлд орсноос хэрэгт холбогдсон, эсвэл өлсөөд оргов уу гэх мэт зүйлсийг хамаагүй дэлгэх нь энгийн хүн биш учир болохгүй юм бас бий. Буруу тэнсээд байна уу, арын хаалгадсан ч юм уу гээд судалдаг л байсан байх. Гэхдээ тэнсэнг нууц гэдэг дээр Лувсаншарав гуай бид хоёр ижил саналтай байсан юм. Чимид гуай өөрөө их уншдаг, сэтгүүл, ном унш гэж биднийг байнга “шахна”. Зав бага учир би их олон хэрэгтэй, ганцаараа байна гэсхийгээд л орхидог байсан. Үнэндээ ачаалал их, ямар сайндаа бид чинь хэргээ цүнхлээд л гэртээ аваачиж уншина. Лувсаншарав гуайгаас айгаад тэрийгээ нууна.

-Та энгийн шүүгч байж яаж боловсон хүчний бодлогод нөлөөлж чаддаг байсан юм гэдгийг асуумаар байна?

-Би Дээд шүүхийн дэргэдэх намын үүрийн орлогч дарга олон жил хийсэн учир боловсон хүчний бодлогод оролцдог байлаа. Сургуулиа гайгүй төгссөн залуусыг хотын шүүх, Дээд шүүхийн нарийн бичгийн дарга “түр” хийлгэж харна.  Д.Дэмбэрэлцэрэн иргэний хэрэгт гайгүй, хүнийхээ хувьд “нуруутай” учир ажилд аваад боловсон хүчний бодлогоор дэмжсэн.  Ер нь шүүх боловсон хүчнээ маш зөв сонгох хэрэгтэй, одоо энэ бодлого алдагдсан юм шиг санагддаг. Тухайн үед Н.Ганбаяр, Б.Дангаасүрэн гээд олон хүмүүсийг Дээд шүүх бодлогоор дэмжиж байлаа.

-Шүүгч хүнээс шийдсэн хэргийнх нь талаар асуухгүй өнгөрч болохгүй. Цэргийн хүнд илүү хүнд ял оноох тал байсан уу, үгүй юу. Шийдчихээд эргэлзсэн тохиолдол байгаа юу ?

-Одоотой харьцуулахад хэргийн хувьд гайгүй, хүн амь, өмч, албан тушаалын хэрэг томд тооцогдоно. Миний шийдсэн хэргийн дотор тагнуул, цэргийн байгууллагатай холбоотой нууцтай болон өмчийн хэргүүд нэлээд олон байсан. Ялын хувьд цэргийн хүнд илүү хүнд ял онооно гэсэн ойлголт байхгүй.  Ер нь хуульд зааснаар шүүгч хүн хэний ч нөлөөнд орохгүй, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувь хүний байдал зэргийг харгалзан өөрийн дотоод итгэлээр хэргийг шийдвэрлэх ёстой. Хэрэг шийдсэнийхээ дараа эргэлзсэн тохиолдол бараг байхгүй дээ. Тэр үед Дээд шүүхийн шүүгч бүх хэргийг шийдэхэд орох эрхтэй байсан, эрүү, иргэний аль ч хуралдаанд орно. Дашжамц бид хоёрт эрүүгийн хамгийн хүнд хэргүүдийг нэг үе хуваарилдаг байсан. Дээд шүүхийн гишүүн Цэрэн-Очир, Санжмятав гээд гайхалтай шүүгчид байсан, ерөөсөө “алддаггүй”. Ээдрээтэй хэрэгт тэр коллеги гэхгүй, гайгүй шүүгчдийг дарга мэдээд оруулна. Гурван шүүгч ороод нэг нь зөрвөл тусгай саналаа бичээд дугтуйд хийгээд хэрэгт явуулдаг.

-Шүүгч хүний гол чадвар нь юу вэ?

-Шүүгч хуульд зааснаар өөрийн онол мэдлэг дээрээ тулгуурлан шийдвэр гаргадаг, үнэнч шударга байх ёстой. Ер нь шүүгч “голтой” шийдвэр гаргачих хэрэгтэй санагддаг. Хэргийг голоор нь шийдсэн байхад хаана ч очоод өөрчлөлт гардаггүй юм. Миний үед эндэгдэлгүй шүүгч гэж нэмэгдэл цалинтай байдаг байлаа. Шүүн таслах ажиллагаанд огт алдаа гаргаагүй шүүгч гэсэн үг. Нэмэгдэлтэй эсэх нь сонин биш, асуудлыг голч шийдсэн байвал талууд ч гомддоггүй. Шийдвэрээ талууддаа зөв ойлгуулах, ийм учраас энэ хэргийг ингэж шийдлээ гэдгийг тодорхой хэлэх ёстой юм.

-Та Дээд шүүхийн ахмадын зөвлөлийн даргаар 15 жил ажилласан байдаг. Энэ албыг хашиж байхдаа ямар ажлууд хийсэн бэ?

-Ахмадуудынхаа жаргал зовлон дээр хамт байхыг л хичээсэн дээ. Өвдсөн зовсон, ядарсан зүдэрснийг эргэж тойрч, нийгмийн халамж талаас нь анхаарахыг оролддог байсан даа.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2023 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс