a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол хүний эрх, хүний аж төрөл зэрэг асуудлыг хөндсөн ХҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
2 жилийн өмнө
a.Admin
Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол хүний эрх, хүний аж төрөл зэрэг асуудлыг хөндсөн ХҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүллээ.

Хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Өнгөрсөн жил “Азтай савар” ТББ-ын төлөөлөл олон нийтийн сүлжээгээр дамжуулан уулзах хүсэлт тавьсан. Тэд эзэнгүй нохой, мууранд хүн хазуулж буй асуудал, тэдгээрийг харгис хэрцгий аргаар устгаж буй талаар, хөрсөнд олноор нь булснаас халдварт өвчин тархах эрсдэл буй болсон талаар танилцуулж, нийгэм болоод хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан. Амьтан тэжээдэггүй, тэр талаар тодорхой ойлголтгүй ч уулзаж үзээд энэ нь амьтны тухай асуудал биш юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Энэ бол хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл байсан. Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад манай улсад энэ талын харилцаа зохицуулалтгүй явж иржээ. Мөн өөрийн ажил үүргээсээ гадна олон нийтийн, сайн дурын, цалин хөлсгүй ажилд залуучууд санаачилгаараа нэгдээд олон жилийн турш идэвхтэй ажиллаж буй сайн санаачилгыг дэмжих үүрэгтэй гэдгээ ч ойлгосон. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч. Энэ хуулийн төслийн санаачлагч бол иргэд, залуучууд, ТББ-ын сайн дурын ажилтнууд. Харин бид хуулийн төслийг хууль тогтоох байгууллагад уламжилж буй гүүр нь юм" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, "хүний төлөө явахгүй мал, амьтны тухай хуулийн төсөл санаачиллаа гэсэн шүүмжлэл цөөнгүй гарсан. Амьтныг хайрлах сэтгэлтэй хүн хүнийг хайрлаж чаддаг гэдэг. Бид эхлээд өөрсдөө сайхан болчихоод дараагийн зүйлдээ анхаарья гэвэл буруу болчихоод байгаа юм. Энэрэнгүй үзэл, хайр гэдэг хэзээд зэрэгцээд явж байх ёстой учир энэ хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцохоор шийдсэн" хэмээсэн.

Хуулийн төслийг боловсруулахад “Азтай савар” ТББ-д нэгдсэн олон залуус оролцжээ. “Dparliament” цахим системд байршуулсан хуулийн төсөлд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн санал өгсөн байна.

Дараа нь “Өмгөөллийн легал гайд” ХХК-ийн ажилтан У.Азжаргал, ”Диди лекс” ХХК-ийн ажилтан М.Золзаяа нар хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан, хамрах хүрээ, зохицуулах харилцааны талаар мэдээлэл хийсэн.

Манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг. Нийслэл хотын хэмжээнд 98,800 тэжээвэр амьтан байдаг. Харин улсын хэмжээнд 2021 онд 320.000 гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо гарсан байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг бөгөөд гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянгыг устгадаг байна.

Нохой, муурыг олон нийтийн газар, гудамж талбайд буудахдаа хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, дутуу буудах, савж алах, бага насны хүүхдийн болон гадны жуулчдын нүдэн дээр устгаж тэдний сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэх, устгалын тоо зааж энгийн иргэдэд мөнгө өгч зүй бус аргаар устгуулах зэрэг асуудал түгээмэл байна хэмээн танилцуулгад дурдсан. Түүнчлэн нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас хамгийн ноцтой нь галзуу бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь нохойноос хүнд халдварладаг байна.

Нохой судлалын холбоонд бүртгэлтэй үржүүлэгч 600, Муур судлалын холбоонд бүртгэлтэй дөрвөн үржүүлэгч байдаг ч дийлэнх нь хариуцлагагүй, зөвхөн ашиг олох зорилгоор ажилладаг байна.

Хариуцлагагүй үржүүлэг нь хариуцлагагүй худалдан авах нөхцлийг үүсгэдэг гэлээ. Өөрөөр хэлбэл, амьтан тэжээх мэдлэггүй хүмүүс нэмэгдсэнээс амьтан гудамжинд хаягдах үр дагавар бий болдог байна.

Гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн 19 хувь нь амьтан тэжээхтэй холбоотой мэдээлэлгүй, сэтгэл хөдлөлөөр ханддагаас гадна гэр хорооллын айлуудын 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй, нийт өрхийн 50 хувь, гэр хорооллын иргэдийн 77 хувь нохойндоо вакцин болон туулга өгдөггүй аж.

2020 онд нохойд хазуулсан 3,855 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй, хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ.

Иргэдийн зүгээс гэрийн тэжээвэр амьтантай зүй бусаар харьцаж, амьтны зан араншинг догшруулдаг. Үүнээс гадна нохойг зориулалтын бус хэт богино уяанд уяж, хөдөлгөөнийг нь цаг үргэлж хязгаарлах, өлсгөх, цангаах, хүйтэнд үүргүй байлгах, зодох, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, хараа хяналтгүй удаан хугацаагаар орхих, хооронд нь зодолдуулах, өгөөш бай болгох, үр төлийг нь гаргаж хаях, төөрүүлэх, химийн бодис, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисоор хордуулах зэргээр зүй бусаар ханддаг байна.

Дээрх хүчирхийллийн хэлбэрүүд бага насны хүүхэд болон насанд хүрсэн иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг бөгөөд амьтан, хүнтэй зүй бусаар харьцах сэдлийг өдөөж байдаг аж. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах замаар амьтныг хайрлах, энэрэнгүй хандах, хамгаалах төлөвшлийг иргэдэд бий болгосноор хариуцлагатай иргэн гэрийн тэжээвэр амьтан асран хамгаалах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.

 

 

Хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүрэг, нохой, муурны нэгдсэн бүртгэл, эзэнгүй амьтантай холбоотой харилцаа, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг, оролцоо, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах харилцааг зохицуулахаар тусгасан байна. Мөн гэрийн тэжээвэр амьтны  асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.

Улсын эдийн засаг амаргүй, иргэдийн амьжиргаа ч хүнд байгаа одоогийн нөхцөлд юун нохой, муурны тухай хууль ярьж байна вэ. Хүнээ яагаад боддоггүй юм, хүн хамгийн чухал шүү дээ гэсэн яриа хөөрөө гарч болох юм. Тэгвэл Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол хүний эрх, хүний аж төрөл, хүний эрүүл мэнд, хүмүүнлэг боловсрол зэрэг асуудлыг хөндсөн ХҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ  гэж хэлж болно хэмээн УИХ-ын дарга онцолсон юм.

Тэрбээр, Гэрийн тэжээвэр амьтан, хүн, нийгмийн хоорондох харилцаа зохицуулалтгүй байгаагаас нохойд хазуулах, мал, амьтны гаралтай халдварт өвчин тархах, агаар, ус, хөрс зэрэг амьдрах орчинд бохирдол үүсэх, хариуцлагагүй үржүүлэг хавтгайрах, эзэнгүй нохой, муур олшрох, буудаж устгах, зодох, өлсгөх, хаях, төөрүүлэх зэргээр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байна.

Бас нэг статистик дурдвал 2020 онд нохойд хазуулсан 3855 тохиолдол гарчээ.  Нохой, муураас хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас гадна Монгол Улсад 1000 гаруй үржүүлгийн газар нохой, муурыг хяналтгүй үржүүлдэг байна. Нэг хос нохой, муур 6 жилд 67.000 болж үрждэг бөгөөд Улаанбаатар хот 320 мянга гаруй эзэнгүй нохой, мууртай болсон байна.

Энэ бүхэн нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлах, хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна гэлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс