a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хүн, хуулийн этгээдүүд уул уурхайг хариуцлагагүй харагдуулж байна
2 жилийн өмнө
a.Admin
Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хүн, хуулийн этгээдүүд уул уурхайг хариуцлагагүй харагдуулж байна
"Уул уурхайн долоо хоног-2022" арга хэмжээ "Хариуцлагатай Уул Уурхай ба Орон нутаг" хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Энэхүү хэлэлцүүлгийг Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхайн төслийн бүхий л шатанд хүрээлэн буй орчин болон орон нутгийн иргэдийн амьдралд нөлөөлдөг. Иймээс өнөөдрийн бага хурлаар хариуцлагатай уул уурхайн өнөөгийн нөхцөл байдал, түүнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, цаашид ямар арга хэмжээ авах вэ, олон улсын сайн туршлага зэрэг өргөн хүрээнд хэлэлцлээ.

2022 оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 2564 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаа бөгөөд энэ нь манай улсын нийт газар нутгийн 6.05 сая га газрыг эзэлж байна.

АМГТГ-ын хайгуул ашиглалтын газрын дарга С.Энхболд: 2005 онд 5913 тусгай зөвшөөрөл байсан бол өнөөдрийн байдлаар 2564 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн тоо 2.3 дахин буурсан байна. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын дүгнэлтээр АМГТГ-аас тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Тус яамнаас хариуцлагагүй уурхай буюу хууль дүрмийнхээ дагуу нөхөн сэргээлт хийдэггүй аж ахуй нэгжүүдэд дээр дүгнэлт гаргаж, тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт ирүүлдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 53 аж ахуй нэгжийн зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт ирүүлсэн. Сүүлийн жилүүдэд хайгуулын ажлууд буурч байгаа бөгөөд санхүү, хөрөнгөний асуудлаас үүдэж ажлаа гүйцэд хий чадахгүй байна гэв.

2021 оны байдлаар байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажил 34.2 тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд нөхөн сэргээлтийн хэмжээ жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Нөхөн сэргээлтийг ухаад дууссаны дараа бус ашиглаж эхлэхээс өмнө нөхөн сэргээлтээ хийх ёстой гэдэг бусад орны сайн туршлага байдаг юм байна. Тиймээс судалсан лиценз олгоход бүрдүүлдэг материал дотор хаалтын төлөвлөлтийн зураг төсөл, үүнд зарцуулах зардлыг байршуулсан байх хуулийн заалтыг Ашигт малтмалын хуульд оруулахаар төлөвлөж байгааг АМГТГ-ын хайгуул ашиглалтын газрын дарга С.Энхболд онцоллоо.

Австрали, Канад зэрэг улс орнууд хариуцлагатай уул уурхайг өндөр түвшинд хөгжүүлж чадсан. Тухайлбал, Канад улсын туршлагын тухай  Канадын Бритиш Колумбын их сургуулийн багш Др.Жоселин Фрейзер ярихдаа “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд уул уурхайн компани орон нутгийн удирдлагатай нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Манай улсад аливаа уул уурхайн компаниуд ажиллах гэж буй орон нутагтаа төлөөлөгчөө түрүүлж илгээж тухайн орон нутагт тулгарч буй асуудал, тогтвортой хөгжлийн асуудал зэргийг нь судалдаг. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсож, тэдэнд юу хэрэгцээтэй байна вэ гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Харилцан, хамтарсан багийг бий болгож чадах юм бол орон нутгийн иргэд уул уурхайг эсэргүүцэх нь багасдаг. Энэ харилцаагаа хайгуулын ажил эхлэхээс эхлээд уул уурхайг хаах хүртэл бүхий он жилүүдэд авч явах хэрэгтэй гэлээ.

Байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр анхаарч ажилладаг ААН байхад эсрэгээрээ сүйтгэдэг компаниуд бас бий. Өөрөөр хэлбэл байгаль орчныг жинхэнэ сүйтгэдэг хууль бусаар ашигт малтмал олборлогчид жилээс жилд нэмэгдэж байгааг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ. Тодруулбал,

Эрүүгийн хуулийн 24-р бүлэг буюу хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг

  • 2017 онд 330 гэмт хэргээс 104 нь
  • 2018 онд 366 гэмт хэргээс 126 нь
  • 2019 онд 489 гэмт хэргээс 136 нь
  • 2020 онд 622 гэмт хэргээс 223 нь
  • 2021 онд 601 гэмт хэргээс 175 тохиолдол нь хууль бусаар ашигт малтмал олборлох, хайх гэмт хэрэг эзэлж байна.

Экологийн цагдаагийн албаны дэд дарга, Цагдаагийн хурандаа Т.Баатар: “Ерөнхийдөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа хүн, хуулийн этгээдүүд уул уурхайг хариуцлагагүй харагдуулаад байгаа юм. Тэд орон нутгийн иргэдтэй уулздаггүй, зөвшөөрөл авдаггүй, орон нутгийн удирдах албан тушаалтанд хахууль өгдөг гэх мэтээр хууль бус үйлдэл ихээр гардаг. Иймээс хариуцлагагүй уул уурхайтай тэмцэх нь зөвхөн экологийн цагдаа болон бусад албаны хийх ажил биш ээ. Хажууд нь хууль бусаар олборлолт хийж байхад чимээгүй суугаад байдаг иргэд байдаг шүү. Тиймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хариуцлагагүй уул уурхайг зогсоох тал дээр иргэдтэй хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Хариуцлагагүй, хууль бусаар олборлолт хийхийг УУЛ УУРХАЙ гэж хэлэхгүй  

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: “МУУҮА-иас "Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс"-ийг боловсруулсан бөгөөд найман компани хөтөлбөрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Компаниуд байгаль орчны эрсдэл нөлөөллөө тодорхойлоод нөлөөллийг бууруулах төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэх юм бол байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар уул уурхайг эрхлэх боломжтой. Хамтын оролцоотой байгаль орчны мониторингийн  хөтөлбөрийг Оюутолгой компани олон жил амжилттай хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхдээ орон нутгийн иргэдийг оролцуулах хэрэгтэй. Байгаль орчин нь ямар байсан бэ, төсөл хэрэгжиж эхлээд үзүүлсэн нөлөө, яаж нөхөн сэргээж байгаа, сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг орон нутгийн иргэдтэй хамтраад хянаад, хэлэлцээд явах бол илүү үр дүн гардаг юм” гэж мэдээллээ.

Уул уурхайн аливаа үйл ажиллагаа, үйлдвэрлэл, төсөл хөтөлбөр, судалгаа, геологи хайгуул бүгд орон нутагт хэрэгждэг. Тиймдээ малчид, нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг ба улмаар аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрч, хөрөнгө санхүүгийн эрсэлд ордог гэх мэт олон асуудал бий. Тиймээс уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй хамгийн түрүүнд ойлголцох хэрэгтэй. Харин нөгөө талд иргэд эсэргүүцэх гэхээсээ илүүтэй ойлголцож, хамтран ажиллах юм бол уул уурхай илүү хариуцлагатай хөгжих боломжтой. Мөн уур уурхайн үйл ажиллагаанд иргэдийн оролцоо муу байгаагийн улмаас хариуцлагагүй уул уурхай үүсэж байгаа гэдэгт "Хариуцлагатай Уул Уурхай ба Орон нутаг" хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдлээ. Тиймээс хайгуул, олборлолт хийж эхлэхээсээ өмнө буюу тухайн уул уурхайг төсөл байхаас нь эхлээд орон нутгийн иргэдийн оролцоог хангах хэрэгтэй.  Хэрэв иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэдийн оролцоотой хяналтыг бий болгож чадах юм бол уул уурхай хариуцлагатай болох боломжтой юм байна.

Ийнхүү хэлэлцүүлгийн эцэст талууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хамтдаа хариуцлагатайгаар хөгжье гэдэгт санал нэгдлээ.

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2025 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс