УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухайн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэсэн 3 дахь өгүүлбэрийг хасахаар тусгасан байна.
Төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн УИХ-ын дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дугаарт хэсэгт заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал оруулсныг хуралдаанд оролцогсдын ихэнхи нь буюу 90.9 хувь дэмжлээ. УИХ-ын гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газрын тухайд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталж өгөхийг та бүхнээс хүсье.
УИХ-ын дарга Г.Занданшатар: "Байнгын хорооны санал дүгнэлттэй холбоотой асуулт асуух УИХ-ын гишүүн байхгүй байсан учир Монгол Улсын Засгийн газрын тухайд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимыг дэмжье гэсэн томъёололтой санал хураалт явуулья" гэв.
Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлана гэсэн томъёололтой санал хураалт явуулахад хуралд оролцсон нийт гишүүдийн 40 нь дэмжиж хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.