УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санаачлан боловсруулж, өнгөрсөн сарын 20-нд өргөн мэдүүлсэн юм. Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1, гурилан бүтээгдэхүүн 38.2, хүнсний ногоо 38.5, өндөг 48.6, цөцгийн тос 67.4, тахианы мах 98, ургамлын тос 98.5 хувийн импортын хамааралтай байгаа аж. Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг импортоор авч байна. Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгааг тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөлд зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт даатгал, хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоог бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалтыг бий болгох хууль эрх зүйн орчинг сайжруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгахаар тусгасан байна.
Мөн Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр, тухайлбал хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг бий болгох, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ. Түүнчлэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон тоо толгой толгойг зохих түвшинд барих, гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц ажлыг шуурхай хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийнхнаас асуулт асуув. Тухайлбал, хүүхдийн хоол үйлдвэрлэлийг сайжруулах, хуурай сүүний импортын татварыг нэмэхэд анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ.
Хүнс хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, “Эхний ээлжид 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэглээг бүрэн хангах асуудлыг тогтоолын төсөлд тусгасан. Ирэх таван жилд 145 тэрбум төгрөгөөр малаа эрүүл болгох ажлыг хэрэгжүүлнэ. Биолбэлдмэлийн үйлдвэрийг өргөжүүлнэ. Хүүхдүүдэд өгч байгаа махны эрүүл ахуйг ч анхаарна” хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа махны экспортыг түр зогсоох шийдвэрийг эргэн харах хэрэгтэй хэмээв. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд 4000 тонн адууны мах нөөцөлсөн байна. Зуны улиралд монголчууд адууны мах хэрэглэхгүй тул дээрх махыг экспортод гаргах нь зөв хэмээв.
Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, “Зөвхөн дулааны аргаар боловсруулсан махны экспортыг он дуустал экспортлохоо болих шийдвэр гаргасан. Махны экспорттой холбоотойгоор Монгол Улсын нэр хүнд яригдаж байгаа. Саяхан үүссэн асуудлыг шалгахад олон зөрчил илэрсэн. Тиймээс хяналтыг цаашид чангатгаж, махны хяналтын төвүүд мэргэжлийн хяналтынхантай хамтарч ажиллана” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа мэргэжлийн хяналт болон холбогдох албаныхан хуванцар савны аюулгүй байдлыг хангахад хяналт тавих шаардлагатай байгааг хэллээ. Дулааны аргаар боловсруулсан мах экспортод гаргахгүй гэсэн шийдвэр малчид болоод махны үйлдвэрийн ажилтнуудад хүнд тусаж байна хэмээн шүүмжлэв.
Ийнхүү уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.