a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
С.Амарсайхан: МИК дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
1 жилийн өмнө
a.Admin

Шадар сайд С.Амарсайхан ипотекийн зээлийн асуудлаар Сангийн яам, БХБЯ, Монголбанк, МИК ХК, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзаж байна.

Засгийн газраас цар тахлын хүндрэлийн үед эдийн засгийг дэмжих “10 их наядын цогц хөтөлбөр” баталж, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах хүрээнд Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийг нэмж 2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 2 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2021 оны эцсийн байдлаар 1 их наяд төгрөгийн зээл гарч, 14 мянга гаруй зээлдэгч орон сууцны хөтөлбөрт хамрагджээ. Гэтэл энэ жил 10 мянга орчим айл өрхөд зээл олгохоор төлөвлөсөн 700 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр байсаар атал оны эхний 4 сарын байдлаар гүйцэтгэл дөнгөж 25 хувьтай буюу 2000 хүрэхгүй айл өрх хамрагдаад байна.

Шадар сайд С.Амарсайхан: Манай Засгийн газар зохион байгуулалт тогтолцоог сайжруулахын төлөө ажиллана. Энэ системийг үгүйсгэж байгаа асуудал байхгүй. Энэ тогтолцоог нураах зорилго хэнд ч байхгүй. МИК-ийг анх банкууд нийлж байгуулж байсан гэж ойлгосон. Гэтэл нэгдмэл сонирхолтой этгээд 80 гаруй хувийг эзэмшдэг болсон байна. Ижил тэнцүү оролцоотой байсан банкнууд явцын дунд арчигдсан, хамгийн бага хувийг эзэмшиж буй нөхцөл байдал илэрсэн. Энэ бол ноцтой асуудал. Тогтолцоо яагаад ийм болж хувирав. МИК өмнө нь аудитын тайлангаа нийтэд ил тайлагнадаг байсан бол 2019 оноос хойш санхүүгийн тайлан тодорхой бус болсон. МИК-ийн 2014-2018 оны санхүүгийн тайланг үзэхэд найман хувийн зээлийн хүүгээс 740 тэрбум төгрөгийн орлого олсон байна. 360 тэрбум төгрөгийг Монголбанканд төлсөн. МИК 260 тэрбум төгрөгийн цэвэр орлоготой ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд 255 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэтэл олон нийтэд МИК ямар ч ашиггүй ажилладаг гэж буруу зөрүү ойлголт төрүүлж байна. Иймээс иргэдийн эрх ашиг, Засгийн газрын байр суурийг хамгаалах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн.

Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч бөгөөд Бизнес хариуцсан захирал Д.Бадрал: 483 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. Үүнээс 131 тэрбумыг Монголбанкны эх үүсвэрээр, өөрийн эх үүсвэрээс 100 тэрбумын зээл олгосон байна.

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч О.Банзрагч: 2021 оны байдлаар манай банк 315 тэрбум төгрөгийг 3679 харилцагчид олгосон байна. Ипотекийн зээлийн олголт хэвийн байна.

Капитрон банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар: Ипотекийн зээлийг хэвийн олгож байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар 8.8 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Үүний 60 хувь нь Монголбанк, 40 хувь нь өөрийн эх үүсвэр байна. Очер дараалал тодорхой хэмжээнд үүссэн. Зээлийн төлөлтийг хойшлуулсантай холбогдуулан эх үүсвэр багассан.

Хаан банкны эрсдэл хариуцсан дэд захирал Д.Энхбаатар: Манай банк 2021 онд ипотекийн хамгийн их зээл олгосон. Монголбанкнаас 116.8 тэрбум төгрөг авч, өөрийн 76.1 тэрбум гаргаж, 192.9 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ үед эх үүсвэр сайн байсан учраас очер дараалал нэлээн буурсан. Энэ он гараад эх үүсвэрийн хэмжээ буурсан. Одоогоор 33.4 тэрбум төгрөгийн зээл олгоод байна. Очер дараалал нэмэгдэж, 8 сар судалж олгох хэмжээний дараалал үүсээд байна.

Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр: Өнөөдрийн байдлаар 2552 зээлдэгчийн 185.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлтэй байна. Зээлийн 60 хувийг Монголбанкны эх үүсвэр, 40 хувийг өөрсдийн эх үүсвэрээр олгосон. Материалын бүрдэлт шаардлага хангасан тохиолдолд зээлийг 21 хоногт шийдвэрлэж байна.

Хас банкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав: Энэ онд дундажаар 4.5 тэрбум төгрөгийн олголт хийж байна. Яг одоо 105 тэрбум төгрөгийн багц МИК рүү шилжээгүй байна. Зээлийн судалгаа хийхэд хугацаа бага зарцуулдаг ч эх үүсвэр хүлээгдэж, олголт удааширч байна. Одоо гурван сарын хүлээлттэй явж байна.

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо: Барилгын салбарт бизнес эрхлэгчдийн 80 хувь нь ипотекийн зээл рүү чиглэж, 80 мкв-аас доош хэмжээтэй орон сууц барьдаг. Өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн зээл гаргасан. Энэ жил 700 тэрбум төгрөг гаргаж, 10 мянган айлын орон сууцыг шийдэхээр төлөвлөж байсан. Гэвч өнөөдрийн байдлаар 2000 зээлдэгчийн зээлийг шийдсэн байна. Төлөвлөгөө ёсоор бол 4000 зээлдэгчийн зээлийг шийдсэн байх ёстой. Эх үүсвэр байхгүй учраас зээл олголт хүнд байна. Монголбанк 400 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргах ёстой. Одоо 200 тэрбум төгрөг гарчихсан байх ёстой. Гэтэл өнөөдөр 90 орчим тэрбум төгрөгийг гаргасан байна. Асуудал энд байна.

Монголбанкны газрын захирал А.Энхжин: 2021 онд Монголбанк, арилжааны банкуудын эх үүсвэрээр нэг их наяд төгрөгийн зээлийг 13 мянган зээлдэгчид олгосон. Энэ он гарснаас хойш сар бүр 30 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг банкуудад хуваарилж байна. Үүнд дээр банкууд 40 хувиа нэмээд зээл олгоод явах ёстой. Энэ гарснаас хойш 170 орчим тэрбум төгрөгийн зээл гараад байна. Үүний 60 орчим хувь нь Монголбанкны эх үүсвэр байгаа. Банкууд Монголбанкнаас хуваарилсан 30 тэрбум төгрөгийг бүрэн гүйцэд ашиглаагүй тохиолдол байна.  Манай хуваарилсан дүнгээр зээл олгогдож чадахгүй байна. Энэ нь ашиглалтад орж буй байрууд гэрчилгээгээ авахгүй удсан зэрэг шалтгаантай байгаа.

Энэ онд 700 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөж байна. Бид барилгын салбар руу эх үүсвэр их гаргах тусам импортын хэмжээ нэмэгдэж, ханшид ирэх дарамт өндөр болно. Үүнд болгоомжилж байна.

МИК ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Үнэт цаасжуулах ажил холбогдох хууль болон СЗХ-ноос гаргасан журмын дагуу хийгдэж байгаа. Банкуудаас зээл цуглуулж авах, багцлах ажилд хоёр сар шаардлагатай. Дээр нь хууль, санхүүгийн хөндлөнгийн шинжилгээ хийлгэхэд сар орчим зарцууллагддаг. СЗХ-нд танилцуулахад дундажаар сар орчим зарцуулж, шийдвэр гарсны дараа банкуудтай гэрээ байгуулж, дахиж нягтлахад 14 хоног зарцуулагддаг. Бидний зүгээс хурдан багцлахыг зорьдог.

МИК зээлийн багц авч байгаа ажлаас хамаарч иргэдийн зээл хойшлох асуудал байхгүй. Ипотекийн зээл олгох нь иргэн, банкны хоорондын харилцаа учраас МИК-ийн оролцоо огт байхгүй.

МИК банкуудад байгаа орон сууцны зээлийг худалдан авч, түүнийг нь ипотекийн зээлээр баталгаажсан бонд болгон үнэт цаасжуулж байгаа. Монголбанк арилжааны банкуудад нэг жилийн хугацаатай эх үүсвэр олгодог. Арилжааны банкууд иргэдэд 10, 20 жилээр зээл олгодог. Арилжааны банкууд авсан эх үүсвэрээ нэг жилийн дотор буцаан төлж чадахгүй нөхцөл байдал үнэт цаас буцаан төлөх боломжийг нээж өгдөг.

Банкны системд өнөөдөр 5.8 их наяд төгрөгийн ипотекийн зээл байна. Дөрвөн зээл тутмын 1 нь ипотекийн зээл байна.  Үүний 4.6 их наяд төгрөгийн зээлийг үнэт цаасжуулсан. Бид өнгөрсөн хугацаанд 1.6 их наяд төгрөгийн үндсэн төлбөрийг Монголбанкинд давуу эрхийн бондоор дамжуулж олгосон.

 
Ипотекийн зээл ийм удаашралтай байгаа шалтгаан хаанаа байгааг судалж, МИК багцлах гээд удаагаад байна уу, эсвэл арилжааны банкууд өөрсдийн хөрөнгө оруулсан, зээл олгосон төслийнхөө байрыг худалдах гээд гацаагаад байна уу гэдгийг талууд нээлттэй хэлэлцэж, цаашид хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэхийг Шадар сайд үүрэг болгов.

 

 

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс