УИХ-ын дэд дарга С.Одонтуяа нарын 11 гишүүн Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь чихрийн шижин өвчин болоод байна. 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн байна. ДЭМБ-аас хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагав гарч байгаа талаар анхааруулж байгаа.
Хуулийн санаачилга нь нийт чихэрлэг ундаанд татвар ногдуулан төсвийн орлогыг нэмэх биш эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу 100 гр ундаанд 5 гр чихэр агуулагдвал ямар нэг татваргүй, түүнээс дээш чихэртэй ундааны хэрэглээг татвараар зохицуулах юм гэж хууль санаачлагчид ярьж байна.
УИХ-ын гишүүн С.одонтуяа: "Эрүүл мэндийн салбарын хууль 10-15 жилийн дараа үр дүнгээ өгдөг. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгаа авахад 68 хувь нь ундаанаас авдаг гэж хариулсан. Мөн бага насны хүүхдийн өдөрт уудаг шингэний гуравны хоёрт нь чихэрлэг ундаа ууж байна. Энэ нь хүүхдүүдийг таргалалт, чихрийн шижин зэрэг өвчлөлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Тиймээс уг хуулийг өргөн барьж байна. Татварын орлого олохдоо гол нь биш, эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чиглэсэн хууль юм. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцож, хуулийг оруулж байна. Энэ хооронд үйлдвэрлэгчид технологийн өөрчлөлт хийх, иргэдэд энэ чиглэлээр таниулах ажил, хуулийн хэлэлцүүлэг хийнэ" гэв.