Б.Пүрэвдорж: Насаараа татвараа төлсөн хүмүүст тэтгэврийг нь арай өндөр тогтоох боломжийг олгох хуулийг хэлэлцээд өгөөч ээ
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 9-ний өдрийн Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргав.
Тэрбээр “Миний бие тэтгэврийг долоон жил биш таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард нэлээн тэмцэж байж уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. Харамсалтай нь нийгмийн бодлогын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцсэнгүй. Тус хорооны дарга нь энэ хуулийг түүхий байна гэж хэлсэн. Түүхий болцон юм ерөөсөө байхгүй.
МАН ихэвчлэн таван жилээр ажлаа төлөвлөдөг. Гэтэл ард түмэндээ тэтгэвэр олгох болохоор долоон жил болгочихдог. Тиймээс уг хуулийг яаралтай хэлэлцэх шаардлага байна.
2018 оноос хойш өргөн хэрэглээний барааны үнэ 52 хувиар өссөн. Цалин өндөр авдаг хүмүүст 1200 төгрөгөөр зарагддаг талх 1500 болох асуудал биш. Үнийн өсөлт орлого багатай, тэтгэвэр авдаг хүмүүст хамгийн хүнд дарамт болж байна. Энэхүү хууль батлагдсанаар тэтгэвэр дээр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ. Нийтдээ 140 мянга орчим иргэдэд 16 тэрбум төгрөгийг зарцуулна. Богд Зонхова бурхны цогцолборын тал мөнгө шүү дээ. 140 мянган хүний асуудлыг шийдэх энэ хуулийн төслийг залуу гишүүд дэмжиж ажилламаар байна. Энэ сард багтааж хэлэлцэх асуудалд оруулмаар байна” гэлээ.