Энэ удаагийн их хурлаар намын дотоод асуудлыг ярихаас гадна улс орон, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлууд, цаашлаад улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт хөгжилтөд тулгамдаж буй асуудлуудыг бодлого болгож гаргахаар болжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын Л.Оюун-Эрдэнэ даргын хувьд Монгол Улсын шинэ сэргэлтийн зургаан бодлогыг гаргаж танилцуулсан.
Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан: "Боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлт зэрэг зургаан бүлгийг гаргаж, танилцуулж байна. Үндсэн зорилгыг олон нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлая. Яг энэ цаг үе Covid-19 цар тахал дэлхий нийтийг хамарсан улс орнуудын өмнө тулгамдсан нийгэм, эдийн засгийн ихээхэн хүндрэл бэрхшээлтэй цаг үе байна. Тэр дундаа манай Монгол Улсын хувьд олон жилийн туршид олон жилийн өмнө цаасан дээр байсан, бидний өмнө ирж болзошгүй гэж яригддаг байсан олон хүндрэл бэрхшээл бодитой бий болж байна. Тэр тусмаа Covid-19-өөс үүдсэн хүндрэл бэрхшээлүүд үүсч байна. Үүнийг дагасан гол хүндрэл нь юу байна вэ гэдгийг бид өөрсдөө олж харж авах, судалж шинжлэх, нэг ёсондоо өөрөө өөрсдийгөө толинд харах боломж бүрдсэн учраас бид энэ илтгэлийг гаргаж тавихад илүү дөхөмтэй байдлаа гэдгийг хэлмээр байна. Covid-19 цар тахлаас үүдсэн маш олон хүндрэл бэрхшээл байна. Нөгөө талдаа бидэнд ойлгуулах, суралцах, засч сайжруулах хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулах ийм цаг үе гэдгээр бодлого хөтөлбөр оруулж ирж танилцуулж байна" гэлээ.
- МАН авлигатай тэмцэнэ гэдгээ хэллээ. Ямар байдлаар авлигатай тэмцэх вэ?
Намын дарга авлигатай тэмцэх том зорилт дэвшүүлж байна. Чангатгана гэдэг эхлээд хууль эрх зүйн орчноо сайжруулна. Гэхдээ аливаа асуудлыг сууриас нь авч үзэхээс өөр аргагүй. Авлигатай тэмцэх асуудал ч хүний, улс төрийн намын, албан тушаалтны гээд маш олон суурь өөрчлөлт, шинэчлэлтийг шаардаж байна. МАН авлигатай тэмцэх асуудал дээр хэд хэдэн зүйлийг онцгойлж оруулж ирж байна. Нэгд, намаас сонгогдож, томилогдсон бүх түвшний албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх. Хариуцлага, ёс зүй алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байна. Хоёрт, намын дүрмэндээ өөрчлөлт оруулж байна. Зөвхөн намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд авлигатай тэмцэнэ гэж дурдаж өнгөрөхгүй. Намынхаа дүрэм, хөтөлбөрт авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцох механизмыг бодитоор хийж өгнө. Маргааш дүрмийн өөрчлөлт хийнэ. МАН аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээд улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтуудыг оруулж байгаа. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Гэмт хэрэгт холбогдоод яллагдагчаар татагдсан тохиолдолд автоматаар намын гишүүнээс түдгэлзүүлдэг, шүүхээр гэмт хэрэгтэн гэж үзсэн тохиолдолд намын гишүүнчлэлээс хасах заалтуудыг оруулна.