Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.
Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ.
Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв.