НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) нь Европын Холбооны санхүүжилттэй “STREAM+” төслийн хүрээнд үхрийн махны нэмүү өртгийн сүлжээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Төслийн хүрээнд АНУ-аас улаан ангус үүлдрийн үр хөврөл худалдан авч, “Метагро” компанийн мэргэжилтнүүдтэй хамтран тус аж ахуйн тээгч үнээнд үр хөврөл шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэлээ.

Улаан ангус үүлдрийн тугал нь төрөх үеийн жин харьцангуй бага, богино хугацаанд эрчимтэй жин нэмдэг, махны ашиг шим сайтай зэрэг давуу талтай. Ингэснээр богино хугацаанд зах зээлд нийлүүлэх боломжтой юм. Үр хөврөл шилжүүлэн суулгах ажлыг амжилттай хэрэгжүүлснээр харьцангуй бага зардлаар цэвэр үүлдрийн, өндөр ашиг шимтэй үхэр бий болгох боломж бүрдэнэ.

Өнгөрсөн онд “STREAM+” төслийн хүрээнд хувийн хэвшил болон эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран үр хөврөл шилжүүлэн суулгах ажлыг хэрэгжүүлж, нийт 18 тугал хүлээн авсан бөгөөд эдгээр тугал одоогоор “Шанддов” ХХК-ийн фермд амжилттай бойжиж байна.

