НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Чинюнь Дяо Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Х.Алтангэрэлтэй уулзаж, мал, амьтны эрүүл мэнд, шүлхий өвчний хяналт, сэргийлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Монгол Улсад 2026 онд Баян-Өлгий болон Ховд аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшлийн вирусийн дэгдэлт бүртгэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын ХХААБ-д албан ёсоор хандан хэрэгжүүлж буй хариу арга хэмжээнд үнэлгээ хийж, мэргэжлийн зөвлөмж өгөх олон улсын шинжээчдийг ажиллуулах хүсэлт гаргасан.
Энэ хүсэлтийн дагуу НҮБ-ын ХХААБ болон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH)-ын хамтарсан шинжээчдийн баг Монгол Улсад ажиллаж, өвчний голомт бүс нутагт нөхцөл байдлын үнэлгээ хийсэн юм.
Шинжээчдийн дүгнэлтээр шүлхийн голомтод зөвхөн эмнэл зүйн шинж тэмдгээр малыг ялган устгах арга хэмжээ нь өвчний тархалтыг таслан зогсооход хангалтгүй болохыг онцолжээ. Мөн голомтын бүсэд малыг олноор нь хашиж угаах, өргөн хүрээний халдваргүйтгэл хийх зэрэг арга хэмжээ нь шинжлэх ухааны үндэслэл, үр нөлөө багатай байж болзошгүйг тэмдэглэсэн байна.

Үүний оронд хөдөлгөөний хатуу хяналт тогтоох, эрсдэлтэй бүсийн малыг вакцинжуулах, дархлаа бүрэн тогтсоны дараа малын шилжилт хөдөлгөөнийг зөвшөөрөх зэрэг нотолгоонд суурилсан арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөжээ.
Шинжээчдийн зөвлөмжийн хүрээнд НҮБ-ын ХХААБ-аас “Ази дахь SAT-1 хэвшлийн шүлхий өвчний болзошгүй тархалтад бэлэн байдлыг сайжруулах” (TCP/RAS/4101) төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь Монгол Улс болон бүс нутгийн орнуудын шүлхий өвчний тандалт, оношлогоо, бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Төслийн хүрээнд Монгол Улсад шүлхийн SAT-1 хэвшлийн вакцины дараах мониторинг хийхэд шаардлагатай лабораторийн урвалж, түргэн оношлуур, молекул оношлогооны иж бүрдэл зэрэг нийт 140 сая төгрөгийн өртөг бүхий техникийн дэмжлэг үзүүлснийг хүлээлгэн өглөө.
Түүнчлэн 2026 онд Монгол Улсад бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий вирусийн геномын бүрэн дараалал тогтоох шинжилгээ хийгдэж байна. Энэхүү судалгаагаар Монгол Улсад илэрсэн вирус нь хөрш болон бүс нутгийн бусад оронд бүртгэгдсэн SAT-1 вирусийн омгуудтай генетикийн хувьд хэр зэрэг төстэй болох, вирусийн гарал үүсэл болон тархалтын боломжит замыг тодруулах юм.

НҮБ-ын ХХААБ нь Монгол Улсын Засгийн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шүлхий өвчний эрт илрүүлэлт, тандалт, оношлогооны тогтолцоог бэхжүүлэх, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулна.