АНУ-ын World Wide Sires (WWS) компанийн Хятад дахь салбарын үүсгэн байгуулагч Рон Лане болон техникийн захирал Глориа Чен нар Монгол Улсад дөрвөн өдрийн хугацаанд ажиллаа.
World Wide Sires компани нь дэлхийн 100 гаруй улсад сүү, махны чиглэлийн үхрийн өндөр ашиг шимт үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үрийг нийлүүлдэг олон улсын компани юм. Тус компани 2025 онд нийт 20 гаруй сая тун үр борлуулсны 17 хувийг хүйс ялгасан үр эзэлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд компанийн төлөөлөгчид Монгол Улсын мал аж ахуйн генетик нөөц, үржлийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үхрийн генетик сайжруулалт, зохиомол хээлтүүлгийн технологи, өндөр ашиг шимт үүлдрийн бухны үрийн тогтвортой нийлүүлэлт болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцлоо.
Европын Холбооны санхүүжилттэй STREAM+ төслийн хүрээнд Хэнтий аймгийн үхрийн махны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, нутгийн үхрийн ашиг шим, генетик чанарыг сайжруулах зорилгоор World Wide Sires компаниас цэвэр үүлдрийн Улаан Ангус (Red Angus) бухны гүн хөлдөөсөн үрийг худалдан авч, Өмнөдэлгэр, Баян-Адарга, Биндэр сумдын малчин өрхийн үхэрт зохиомол хээлтүүлэг хийж байна.

Энэхүү ажлын үр дүнд Улаан Ангус болон нутгийн үхрийн эрлийз тугалууд бойжиж байгаа бөгөөд 2026 онд төрсөн тугалуудын өсөлт, хөгжил сайн байна.