Цагдаагийн байгууллагад 2026 оны эхний 9 сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй 97,504 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, 17,322 зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25,208, жолоодох эрхгүй болон эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 18,971 зөрчил тус тус бүртгэгджээ.
Эдгээр тоон үзүүлэлт нь замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлага, сахилга бат, дүрэм мөрдөлтийг сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Жолоочийн анхаарал болгоомжгүй байдал, хурд хэтрүүлэх, согтуугаар жолоо барих, гар утас хэрэглэх зэрэг буруу үйлдэл нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд эрсдэлд оруулж байдаг.
Намар, өвлийн улиралд цас, мөс, халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах, замын гадаргуу хөлдөх зэрэг нөхцөлөөс шалтгаалан тээврийн хэрэгслийн тоормослох зай уртасч, жолоочийн замын нөхцөл байдлыг үнэлэх, ослоос зайлсхийх боломж багасдаг.
Иймд жолооч нар цаг агаар, замын нөхцөлд тохируулан хурдаа сонгож, урд яваа тээврийн хэрэгслээс аюулгүй зай барих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрмийг чанд сахин биелүүлэх шаардлагатай.
Хот хоорондын болон орон нутгийн замд зорчихдоо замын нөхцөл, цаг агаар, үзэгдэх орчин, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар тооцох хэрэгтэй.
Орон нутгийн замд осол гарвал зөвхөн тухайн тээврийн хэрэгсэлд бус, эсрэг урсгалын хөдөлгөөнд оролцогчдод ч аюул учруулах эрсдэлтэй. Иймд аюулгүй зай барьж, замын нөхцөлд тохируулан хөдөлгөөнд оролцох нь чухал.
Улаанбаатар хотын хөдөлгөөн ихтэй замд зам тээврийн осол гарахад зөвхөн осолд оролцсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатах бус, тухайн замын нэвтрүүлэх чадвар буурч, ойр орчмын уулзвар, гудамж, замд дараалсан түгжрэл үүсэх нөхцөл бүрддэг.
Тухайлбал, ослын улмаас нэг буюу хэд хэдэн эгнээ хаагдвал бусад тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө удаашруулах, эгнээ солих, саадыг тойрон гарах шаардлагатай болдог. Үүний улмаас арын урсгалд тээврийн хэрэгслийн дараалал үүсэж, уулзварын нэвтрүүлэх чадвар буурч, түгжрэл ойр орчмын зам руу дамжин тархах боломжтой.
Мөн ослын дараах тусламж үйлчилгээ, нөхцөл байдлыг шалгах, шаардлагатай ажиллагаа явуулах, тээврийн хэрэгслийг замаас чөлөөлөхөд хугацаа шаардагдана. Өвлийн улиралд халтиргаа гулгаа, үзэгдэх орчны хязгаарлалт нь ослын эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөдөлгөөнийг хэвийн болгоход хүндрэл учруулж болзошгүй.
Жолооч та ослын газрыг сонирхон удаашрах, гар утсаар зураг, бичлэг хийх, шаардлагагүйгээр эгнээ солих зэргээр хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг анхаарна уу. Замын хөдөлгөөнд анхааралтай оролцож, зохицуулагч болон цагдаагийн алба хаагчийн зааврыг дагаж мөрдөх нь түгжрэлийг нэмэгдүүлэхгүй байхад чухал нөлөөтэй.
Замын хөдөлгөөнд оролцохдоо дараах үйлдлүүдийг гаргахгүй байхыг анхааруулж байна.
Гар утас оролдох: Жолоо барих үедээ мессеж бичих, дуудлага хийх, дэлгэц харах нь жолоочийн анхаарлыг замаас сарниулж, аюулыг анзаарах болон хариу үйлдэл үзүүлэх хугацааг нэмэгдүүлдэг. Яаралтай дуудлага хийх шаардлагатай бол тээврийн хэрэгслээ аюулгүй газар зогсооно.
Хурд хэтрүүлэх: Хэдхэн минут хэмнэхийн тулд хурдаа нэмэгдүүлэх нь осол гарсан тохиолдолд зогсох, мөргөлдөөнөөс зайлсхийх боломжийг бууруулдаг. Хурд нь замын нөхцөлд тохирсон байх ёстой.
Согтуугаар болон жолоодох эрхгүй үедээ жолоо барих: Энэ нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг үл хайхарсан, ноцтой эрсдэлтэй үйлдэл юм. Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолоо барихгүй, жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх шаардлагатай.
Гэнэт эгнээ солих, шахаж орох: Бусад жолоочид хариу үйлдэл үзүүлэх хугацаа үлдээхгүйгээр эгнээ солих, чиг заагч хэрэглэхгүй байх нь мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Явган зорчигчид зам тавьж өгөхгүй байх: Явган хүний гарц, сургууль, цэцэрлэг, автобусны буудлын орчимд хурдаа бууруулж, орчны нөхцөлийг сайтар ажиглан, дүрмийн дагуу зам тавьж өгнө.
Ослын газрыг орхих, ослыг сонирхон хөдөлгөөн саатуулах: Ослын дараа үүргээ биелүүлэхгүй орхих нь хариуцлагын асуудал үүсгэхээс гадна бусдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Харин ослыг сонирхон удаашрах, зураг авахын тулд хөдөлгөөнд саад учруулах нь түгжрэлийг улам нэмэгдүүлдэг.
Жолооч бүр замд гарахын өмнө болон хөдөлгөөнд оролцох үедээ дараах зарчмыг хэвшүүлэх шаардлагатай.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн цагдаагийн байгууллагын хяналтаар бус, хөдөлгөөнд оролцогч бүрийн ухамсар, сахилга бат, хариуцлагаар хангагдана.