Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу "COP17" зохион байгуулагдаад удаагүй байна. Дэлхийн 200 орчим улсыг төлөөлж ирж,газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн менежмент, газрын нөхөн сэргээлтийн асуудлаар хэлэлцсэн. Манай улсын хувьд хөрсний эвдрэлт, цөлжилтөд эрчимтэй өртөж байгаа улсын тоонд ордог. Бэлчээрийн доройтолд судалгаа хийсэн тоо баримтууд ч үүнийг батална. Цаашдаа бид доройтсон бэлчээрийг хэмжиж, тоо баримт ярихаас илүү дортсон хөрс, газар нутгаа нөхөн сэргээх ямар боломж байна. Түүнд тохирсон арга туршлага юу байна вэ гэдгийг сайн судалж, тодорхой үр дүн эрэлхийлэх цаг болжээ. Бэлчээр нутгийг хүний биетэй зүйрлэвэл 70-80 хувь ямар нэгэн байдлаар гэмтэж, өвчилсөн, амьдралын идэвх тэр хэрээр суларсан дүр зураг харагдаж байгаа юм. Энэ сэдвийн хүрээнд НҮБ-ын ХХААБ-ын “Европын холбооны санхүүжилттэй STREAM+” төслийн үндэсний зохицуулагч А.Амгалантай ярилцлаа.
Манай улс газрын доройтол, цөлжилтийн талаар олон жил ярилаа. Шинээр гарсан зарим тоо баримтаас үзэхэд хөрсний доройтол буурахгүй харин өсөж байгаа дүр зураг харагддаг. Тиймээс цаашдаа бид юуг анхаарах вэ? Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
Өмнөх жилүүдтэй харьцуулахад Газрын доройтол, цөлжилт нэмэгдэж байгаа тоо баримт бий. Монголын бэлчээрийн төлөв байдал, доройтол, нөхөн сэргэх боломжийг үндэсний хэмжээнд нэгтгэн харуулсан тайлан COP17-ын үеэр хэвлэгдэж, олон нийтэд хүрсэн. Газрын агентлагаас “Бэлчээр ашиглалтын нөлөөг хянах фото мониторингийн үндэсний тайлан II” -г бэлтгэн гаргахад “Европын холбооны санхүүжилттэй STREAM+” төсөл дэмжиж ажилласан. Тайлангийн дүнгээр лавлагаа төлөвөөс өөрчлөгдсөн буюу тодорхой түвшинд доройтолд орсон бэлчээр 2020 онд 83.7 хувь байсан бол 2025 онд 84.8 хувь болсон. Өөр нэг тоо бол байгалийн жамаар сэргэх боломж хязгаарлагдмал, хүчтэй доройтсон бэлчээрийн талбай нэмэгдсэн. Энэ бол анхаарах ёстой зүйл. Энэ тайлан мэдээ нэг удаагийн дүгнэлт биш, дараагийн асуултуудын эхлэл болж байгааг харах хэрэгтэй гэж би боддог. Миний бодлоор одоо “Хэр их газар доройтсон бэ?” гэдгээс гадна “Хаана, юуг, ямар аргаар сэргээх вэ?” гэдэг асуултад илүү анхаарах хэрэгтэй байна. Элсний нүүдэл, цөлжилтийн араас хэмжиж тоолсон дата мэдээлэл бидэнд хангалттай бий.
Цөлжилтийг бууруулах шалгарсан арга, туршлага гэж бий юу? Одоо бидэнд ямар арга хэрэгтэй байна вэ?
Тухайн орон нутагт тохирсон байхаас гадна орон нутгийн иргэдийн дэмжлэг чухал. Түүнээс нэг сайн арга, туршлагаар цөлжилтийг бууруулах боломжгүй. Зарим бэлчээр ашиглалтын ачааллаа тохируулж, амраахад байгалийн аясаар сэргэх боломжтой. Мөн ус, хөрс хамгаалах арга хэмжээ тухай нутагт хэрэгтэй байж болно. Гэтэл элсний нүүдэл, салхины элэгдэлтэй газар өөр шийдлээр доройтлыг бууруулна. Үүнээс гадна мод, бут сөөгийг нөхөн сэргээх байдлаар мал аж ахуй, тариалангийн системтэй хослуулах буюу агро ойжуулалт хийх нь зөв шийдэл болох гэх мэт олон аргыг хэлж болно.Тиймээс миний хувьд “Газрын нөхөн сэргээлтийн хамгийн эхний асуулт нь “Энэ газар яагаад доройтов?” гэдэг нь чухал.
Өөрөөр хэлбэл эмч оношоо зөв тогтоосны дараа эмчилгээ бичдэг. Үүнтэй ижил юм байна гэж ойлголоо. Гэтэл шалтгаанаа олоогүй байж, шийдэл ярих нь боломжгүй зүйл?
– Яг тийм.Бид заримдаа шийдлээсээ эхлэх гээд байдаг. “Мод тарья”, “үр цацъя”, “хашаалъя”, “бэлчээрээ өнжөөе” гээд. Гэтэл эхлээд асуудлаа ойлгох хэрэгтэй.Нэг газар малын ачаалал гол асуудал байж болно. Өөр газар салхины элэгдэл, элсний нүүдэл байна. Зарим газар ус тогтохгүй байна. Өөр газар хөрсний үржил шим буурсан байна.Шалтгаан нь өөр байхад шийдэл нь адилхан байж болохгүй. Тиймээс газрыг сэргээхдээ шийдлээсээ биш, асуудлаасаа эхлэх хэрэгтэй гэж би боддог.
Газрын доройтлыг бууруулахад мод тарих нь хамгийн шилдэг арга гэж ихэнх хүмүүс үздэг. Энэ хэр оновчтой ажил вэ?
– Мод тарих, мод бутыг бусад арга хэмжээтэй зөв хослуулах нь газрын доройтлыг бууруулах олон улсын туршлагад ашиглагддаг чухал шийдлүүдийн нэг.Гэхдээ энд нэг зүйлийг маш тодорхой хэлэх хэрэгтэй. Доройтсон газар болгонд мод тарих ёстой гэсэн үг биш.Монголын байгалийн бэлчээрийн зарим хэсэгт хамгийн зөв арга нь малын тоог бэлчээрийн даацад тохируулах, амраах, сэлгэх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих нь илүү үр дүнтэй байж болно. Харин салхины элэгдэл, элсний нүүдэлтэй газар мод, бут сөөг хамгаалалтын үүрэг гүйцэтгэж болно. Тариалангийн бүсэд хамгаалалтын ойн зурвас хөрс, чийг, ургацыг хамгаална. Зарим газар жимс, жимсгэнэ, малын тэжээл, зөгийн аж ахуйтай хослуулж болно.Эндээс агро-ойжуулалтын асуудал гарч ирж байгаа юм.

Агра-Ойжуулалтын талаар миний хувьд саяхнаас сонсож байна. Энэ талаар хүмүүс хэр ойлголттой байдаг юм бол?
– Манайд агро-ойжуулалт гэхээр тариалангийн талбайгаа тойруулаад нэг, гурав, таван эгнээ мод тарьсан хамгаалалтын зурвас хамгийн түрүүнд санаанд ордог байж магад. Тэр буруу биш. Гэхдээ энэ бол нэг л хэлбэр нь. Агро-ойжуулалт гэдэг мод тарихаас илүү өргөн ойлголт. Мод, бут сөөгийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн системд тодорхой зорилготой оруулж байгаа хэрэг.Жимс, жимсгэнэ үйлдвэрлэж болно. Малын тэжээл, сүүдэр бий болгож болно. Тариалангийн талбайг салхи, элсний нүүдлээс хамгаалж болно. Тиймээс мод өөрөө юу өгөх вэ гэдгээс гадна мод юуг хамгаалж, ямар үйлдвэрлэлийг дэмжиж байна вэ гэдгийг харах хэрэгтэй.
Таньд үүнийг арай өөрөөр ойлгоход хүргэсэн нэг явдал байсан гэж ярьж байсан?
– Тийм. Надад их бодол төрүүлсэн нэг тохиолдол бий. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ром дахь төвөөс агроэкологийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн Монголд ирээд манай агро-ойжуулалтын талбайтай танилцсан юм.Бид шинээр ургаж байгаа модоо үзүүлээд, агро-ойжуулалтын талбайгаа их л урамтай тайлбарлаад явж байлаа.
Газрын доройтлыг сэргээх талаар бусад улс орны туршлагаас танд сонирхолтой санагдсан жишээ бий юу?
– Маш олон бий. Гэхдээ надад тэдний тарьсан модны тооноос илүү асуудлаа яаж тодорхойлсон нь сонирхолтой. Жишээлбэл, Африкийн Сахелийн хуурай бүсэд “Half-moon” буюу хагас сар хэлбэрийн хотгор ашиглан доройтсон газрыг сэргээдэг.
Тэнд “мод тарья” гэдгээс эхлээгүй. Хөрс доройтож, борооны ус хөрсөнд шингэхгүй урсаад алга болж байгаа учраас эхлээд усаа газарт тогтоох нөхцөл бүрдүүлсэн. Дараа нь ургамал сэргэх боломжтой болж байна. Монголд яг энэ аргыг хуулбарлая гэсэн үг биш.
Харин “Яагаад энэ газар ургамал ургахгүй байна вэ? Хамгийн том хязгаарлагч хүчин зүйл нь юу вэ?” гэж асууж байгаа арга барил нь чухал.Хятадын Таклимаканы жишээ бүр өөр цар хүрээтэй. 33 сая гаруй га талбайтай энэ цөлийг тойруулан 40 гаруй жилийн хугацаанд элсний нүүдэлтэй тэмцэж, 2024 онд 3,000 гаруй км үргэлжилсэн элс тогтоох ногоон бүслүүрийг бүрэн холбож дуусгасан.
Монголд үүнтэй ижил зарчмаар хийсэн бодит жишээ бий юу?
– Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд бидэнд нэг жижиг боловч их сонирхолтой жишээ бий. Би энэ жишээг хүмүүст ярих дуртай. Манай төсөл эхэлж байсан үе. Бид санамсаргүй байдлаар Улсын аварга тариаланч Отгонбаатар гэдэг залуутай танилцсан. Тэрээр ээжийнхээ дурсгалд зориулж 108 мод тарьсан байсан. Түүний мод тарьсан талбайд очиход тэр орчимд мод тарихаас гадна шийдэх шаардлагатай цогц асуудал харагдсан. Тухайн үед элсний нүүдэл Жавхлант суманд ихсэж, суурьшлын бүс рүү, цаашлаад хүнсний ногоо тариалдаг талбай руу түрэх байсан. Ойролцоох нэг айлын хашаа гэхэд нэг метрээс дээш элсээр дарагдсан байсан.Тэгээд Отгонбаатарын эхлүүлсэн санаачилгыг үргэлжлүүлж, мод, бут сөөгөөр элсний нүүдлийг тогтоож, суурьшлын бүс болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн талбайг хамгаалах боломжтой гэж харсан юм.Ингээд нийт 4.5 га талбайд 4 жилийн хугацаанд 4,000 гаруй мод тарьсан. Өнөөдрийн байдлаар тарьсан модны 80 орчим хувь нь ургаж байна. Гэхдээ надад тарьсан модны тооноос илүү байгаль экологийн хувьд зарим зүйл нүдэнд харагдахуйц өөрчлөгдөж эхэлсэн.
Ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
– Хамгийн эхлээд элсний нүүдэл зогссон.Өмнө нь нэг метрээс дээш элсээр дарагдсан байсан айлын хашааны элс эрс багассан.
Бас Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутны хийсэн судалгаагаар тухайн талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүн зургаан зүйлээр нэмэгдсэн гэсэн үр дүн гарсан.
Бидний анхны зорилго элсний нүүдлийг зогсоох байсан. Гэтэл газар хамгаалагдаад ирэхээр бусад ургамал эргэж нэмэгдэх нөхцөл бас бүрдэж байна.
Сүүлийн жилүүдэд Монголд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих ажил эрчимтэй өрнөж байна. Эндээс цааш юунд илүү анхаарах хэрэгтэй гэж та боддог вэ?
– “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн мод тарих, ойжуулах, газрын доройтолтой тэмцэх асуудлыг төр, хувийн хэвшил, орон нутаг, иргэдийн анхаарлын төвд оруулсан нь маш чухал.Одоо дараагийн шатанд нэг асуултыг илүү их тавьдаг болох хэрэгтэй болов уу. Тэр нь тарьсан мод маань юу өөрчилсөн бэ?
Мөн хэдэн мод тарьснаас хэд нь амьд ургаж байна вэ? Хаана, ямар зорилгоор тарьсан бэ? Хэдий хэмжээний газар хамгаалагдсан бэ? Элсний нүүдэл, салхины элэгдэл буурсан уу? Хөрс, ус, ургамлын бүрхэвчид өөрчлөлт гарсан уу? Хүмүүсийн амьжиргаа, үйлдвэрлэлд ямар үр өгөөж өгсөн бэ?
Монгол шиг ус багатай, эрс тэс уур амьсгалтай газар нэг модыг амьдруулна гэдэг өөрөө хөрөнгө оруулалт.
Тиймээс миний хувьд тооноос амьдралт руу, амьдралтаас бодит өөрчлөлт рүү шилжих нь дараагийн шатны чухал асуудал.
Тэгвэл газрын нөхөн сэргээлтийн үр дүнг юугаар хэмжих ёстой вэ?
– Би үүнийг гурван шаттай хардаг.
Жавхлантын жишээгээр 4,000 гаруй мод тарьсан гэдэг эхний мэдээлэл.
80 орчим хувь нь ургаж байна гэдэг дараагийн мэдээлэл.
Харин элсний нүүдэл зогссон, айлын хашаанд хуримтлагдсан элс эрс багассан, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн нэмэгдсэн гэдэг нь бидний үнэхээр мэдэхийг хүсэж байгаа үр дүн.
Хийсэн ажлаа тоолохоос гадна бий болгосон өөрчлөлтөө хэмжих хэрэгтэй.
Бидний ярьж байгаа зүйл газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалттай холбогдох уу?
– Хөрөнгө оруулалтын хувьд бүр ч чухал.
“100 мянган мод тарина” гэдэг бол хийх ажлын хэмжээ.
Харин “Энэ хөрөнгө оруулалтаар юу өөрчлөгдөх вэ?” гэдэг нь үр дүн.
Элсний нүүдлийг зогсоох гэж байгаа бол хэдэн га газар, хэдэн айл өрх, ямар үйлдвэрлэл хамгаалагдах вэ?
Тариалангийн хамгаалалтын зурвас байгуулбал хөрс, чийг, ургацад ямар өөрчлөлт гарах вэ?
Жимс, жимсгэний систем бол өрхийн орлогод ямар хувь нэмэр оруулах вэ?
Тэгвэл Монголын газрын нөхөн сэргээлтийн дараагийн шат ямар байх ёстой вэ?
– Миний бодлоор гурван зүйл чухал.
Зорилтот. Тухайн газартаа тохирсон. Үр дүн нь хэмжигддэг.
Доройтсон бэлчээрт нэг шийдэл хэрэгтэй. Элсний нүүдэлтэй газар өөр. Тариалангийн бүсэд өөр. Усны эх үүсвэрийн орчимд бас өөр арга хэрэгтэй.
Мод зарим газар маш сайн шийдэл болно. Зарим газар мод тарих шаардлагагүй ч байж болно.

Тиймээс мониторинг, судалгаа бидэнд зөвхөн “хаана доройтсон бэ?” гэдгийг хэлээд зогсохгүй дараагийн хөрөнгө оруулалтаа “хаана, ямар арга хэмжээнд чиглүүлэх вэ?” гэдгийг шийдэхэд ашиглагдах ёстой.
84.8 хувь гэдэг тоо энэ утгаараа эцсийн хариулт биш.
Харин дараагийн асуултыг эхлүүлж байгаа тоо:
Аль газар өөрөө сэргэх боломжтой вэ? Аль газар идэвхтэй нөхөн сэргээлт шаардлагатай вэ? Тэнд ямар арга хамгийн үр дүнтэй вэ?
Жавхлантын туршлагыг та хүмүүст ярих дуртай гэсэн. Энэ туршлагаас таньд хувь хүний хувьд үлдсэн зүйл юу вэ?
– Надад 108 модны түүх хамгийн их үлдсэн.
Нэг хүн ээжийнхээ дурсгалд зориулж 108 мод тарьсан. Тэндээс энэ бүхэн эхэлсэн.
108 мод 4,000 гаруй болсон нь сайхан.Гэхдээ надад түүнээс илүү үнэ цэнтэй нь нэг хүний эхлүүлсэн санаачилга өнөөдөр газар хамгаалж, элсний нүүдлийг зогсоож, хүмүүсийн амьдрах орчин, хүнсний үйлдвэрлэлийн талбайг хамгаалж байгаа явдал.
Та нэг өгүүлбэрээр хэлээч, Монгол газрын доройтлоо бууруулахын тулд юуг өөрөөр хийх хэрэгтэй вэ?
– Шийдлээсээ биш, асуудлаасаа эхлэх хэрэгтэй.
Бидэнд газрын төлөв байдлыг харуулсан мэдээлэл улам их болж байна. Одоо тэр мэдээллээ ашиглаад хаана, юуг, ямар аргаар сэргээхээ илүү нарийн шийдэх хэрэгтэй.Африкийн хагас сар хэлбэрийн жижиг хотгор, Таклимаканы 3,000 км ногоон бүслүүр, Жавхлантын 4.5 га агро-ойжуулалтын талбай хэмжээний хувьд харьцуулах зүйл биш.
Гэхдээ гурвууланд нь нэг зарчим бий.
Эхлээд модоо биш, асуудлаа харсан.
Газрын доройтлыг бууруулахад мод тарих нь шийдлүүдийн нэг. Бэлчээрээ зөв ашиглах нь бас нэг. Усаа хамгаалах, байгалийн сэргэн ургалтыг дэмжих нь ч шийдэл. Эцсийн зорилго нь аль болох олон мод тарих, эсвэл аль болох олон га газарт арга хэмжээ авснаа тайлагнах биш. Газрын экологийн үйл ажиллагааг сэргээж, тэр газар дээр амьдарч, үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн амьдралыг илүү тогтвортой болгох явдал.Тэгээд үүнийгээ бид хэмжиж, нотолж чаддаг байх хэрэгтэй.