a.Admin
Ангилал
Хэзээ
11 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
Бурхан Халдун уулын төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцоно
11 цагийн өмнө
a.Admin
Бурхан Халдун уулын төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцоно

Энэ сарын 22, 23-нд болох Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолд 99 бөө оролцоно. Тэдэн дундаас “Мөнх тэнгэр хороо”-ноос гаргасан сонгон шалгаруулалтын болзлыг хамгийн өндөр оноогоор хангаж шалгарсан есөн шилдэг зайран Төрийн тахилгын ёслолын өмнөх үдэш буюу 22-нд Төрийн голомтын галын тахилга, Хар сүлдний тахилгыг үйлдэнэ.

Бурхан Халдун хайрханы тэнгэрийг тайх ёслолд бөө нарыг ингэж өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцуулах шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Төрийн нэрийн өмнөөс олон бөөгөөр тодорхой зорилго бүхий үйл хийлгэх тохиолдол түүхэн уламжлалтай болохыг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл болон Жужан, Хятан улсын тухай түүхэн сурвалжуудыг харьцуулан судалсны үндсэн дээр тогтоожээ.  

Монгол Улсын хэмжээнд өдгөө 5-6 мянга орчим бөө байдаг гэж үздэг бөгөөд тэдгээрээс дор хаяж 13 жил бөөлсөн, ёсзүйн хувьд үлгэр жишээ, өөрийн санаачлагаар нийгмийн сайн сайхны төлөө үйлс хийдэг, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр хүнд цэвэр ариун гэх мэт олон шалгуурыг архивын 5 үеийн тухай лавлагаа, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэг олон баримтаар баталж чадсан  шилмэл 99 бөө Бурхан Халдуны төрийн тахилгад оролцох аж.

Тэд эдгээр өдрүүдэд Бурхан Халдун уулнаа мөн нарны залбирал, лусын тахилга, хайрханы тахилга, галын тахилга зэргийг үйлдэнэ.

 

НАРНЫ ЗАЛБИРАЛ

Эртний хятадын түүхч Сыма Цяний “Түүхийн тэмдэглэл”-ийн 110-р бүлэгт “Шаньюй өглөөд өргөөнөөсөө гарч мандах наранд мөргөл үйлдэнэ. Оройд саранд мөргөнө” гэж тэмдэглэсэн нь өвөг монголчууд нар, сарыг дээдлэн шүтэж байсныг нотлох бичгийн сурвалж бөгөөд археологийн судалгаагаар Хүннүгийн хаадын булшнаас  нар, саран дүрстэй алтан ялтаснууд олонтаа олдсон нь үүнийг давхар нотолдог байна. Наранд хандан залбирах, өчил өчих, андгай тавих ёс XIII зууны монголчуудад ямар байсныг Монголын нууц товчооны 103 дугаар зүйлд тодорхой өгүүлж байна. Гурван мэргидээс амь аварсан “Бурхан халдуныг манагар бүр малиасугай өдөр бүр өчсүгэй. Ургийн ураг мину ухтугай хэмээн  наран эсрэг бүсээ хүзүүндээ эрихэлж махлайгаа гартаа сээжиглэж гараа өвчүүндээ мөөлдөж наран зүг есөнтөө сөгдөж сацал өчүүл өгөв” гэсэн нь  наранд залбирах зан үйлийг монголчууд тэр үед хэрхэн үйлдэж байсны бодит дүрслэл мөн гэж судлаачид үзжээ. Энэхүү Тэнгэр, Наранд залбирах зан үйл монгол бөөд орхигдолгүй явж ирсэн бөгөөд олон, цөөн бөө оролцсон аливаа  тайлга тахилгын үеэр заавал хийдэг үйлийн нэг болоод байна. 

 

ЛУСЫН ТАХИЛГА

Монгол бөөд Тэнгэр-Газар-Хүн гэсэн гурвалыг чухалд үздэг бөгөөд “Газар” гэх ойлголт нь “Этүгэн” буюу дэлхийг бүхэлд нь хэлдэг учраас уул хайрхан тахихын цаана ус голд өргөл тахил өргөж, хүндэтгэл үзүүлэх зан үйл давхар агуулдаг онцлогтой. Монгол бөөд Газрын буюу Уул, усны эзэн гэсэн ойлголт эртнээс байсан бөгөөд  тэдгээр эздийг тайж тахих, аргадах, ивээл хүсэх зан үйл үйлдсээр ирсэн уламжлалтай.

Хожим буддын шашны нөлөөгөөр энэхүү “Эзэн” хэмээх нэр нь Савдаг, Навдаг, Шивдэг, Хар, Цагаан, Хөх  лус өөрчлөгджээ. Газар усны эздийг тайж тахих энэ уламжлал одоо ч мөрдөгдөж, бөөгийн тайлга тахилгын зан үйлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болж байна. Тэгэхээр монгол бөөгийн лусын тахилга гэдэг нь тухайн газар усны эздийг баясгах, аргадах зан үйл юм.

 

ХАЙРХАНЫ ТАХИЛГА

Монгол бөөгийн тухайлсан уул хайрхдыг тайж тахих зан үйл нь хувь хүн, өрх гэрийн хүрээнд, ураг удмын хүрээнд, орон нутгийн хэмжээнд, төрийн түвшинд гэсэн олон зэрэглэлтэй зан үйл юм. Хувь хүн, айл өрхийн хэмжээнд тайж тахих зан үйл нь тухайн уул хайрхны эзнийг аргадах, баясгах, ивээл хүсэх зан үйл бол Уул хайрханы төрийн тахилга нь Уулын тэнгэрийг тайж тахих зан үйл юм. Уулын тэнгэрийн тайлга нь “Нэг талаас тэнгэрт мөргөх ёс, нөгөө талаас уул усанд мөргөх ёс зэрэгцэн давхарлаж” байгаа хосолмол шинжтэй зан үйл бөгөөд Хүмүүн-Тэнгэр-Газар гурав хэмээсэн монгол бөөгийн гурвал үзэл ёсоор Хүн нь Газар, Тэнгэрийг эетүүлэгч үүргээ биелүүлж, бөөгөөр дамжуулан Тэнгэрийн ивээлийг өөртөө төдийгүй байгальдаа хүртээж, дундын бүтээлч холбоос болж байгаагийн нотолгоо мөн.

Төрөөс тусгайлан соёрхож үүрэгжүүлээгүй тохиолдолд олон, цөөн бөө нийлж, эсвэл дангаараа уул хайрхан тайж тахих зан үйл нь тухайн хайрханы эзэнд өчиж мэдүүлэх, аргадаж тайх, ивээл хүсэх, зон олноо даатгах, эсвэл тухайн тахилгын зорилгод хамаарах даатгал хийх зан үйлд хамаарна. Ийм төрлийн тахилгыг хэрхэн үйлдэх ёс, журам, өргөл тахил зэргийг тухайн уул хайрхны эзэнтэй онгодын хүчээр харьцаж тодруулсны үндсэн дээр өвөрмөц онцлогт нь тохируулан тогтоодог байна. 

 

ГАЛЫН ТАХИЛГА

Монгол бөөгийн уул хайрхныг тайж тахих зан үйлийг галын өргөлгүйгээр огт хийдэггүй бөгөөд олон бөө чуулсан тайлга тахилгын үеэр Галын тахилгыг тусгайлан үйлдэх соёл тогтоод байна. Энэ нь нийт монголчуудынхаа галыг тахиж байна гэсэн ерөнхий агуулгатай зан үйл бөгөөд Төрийн тахилгын үеэр бол Монгол төрийнхөө гал голомтыг тахих зан үйл болно. 

Галын тахилгыг галын тэнгэртэй бөө нэр эрхлэн үйлддэг. Айл гэр буюу голомтын гал тахих, Галын тэнгэр тахих, Төрийн гал тахих зэрэг ялгаа зэргэмжтэй, нутаг нутгийн ёс өөр, түүнийгээ дагаад галын өргөл нь өөр, өөр байдаг онцлогтой.

                                                        

                                                        

 

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
1
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс