a.Admin
Ангилал
Хэзээ
13 цагийн өмнө
Үсгийн хэмжээ
П.Батжаргал: Гадаад дасгалжуулагч сагсан бөмбөгийн багтай ажиллахдаа монгол хүний сэтгэлзүйн онцлогийг мэдэрч чаддаггүй
13 цагийн өмнө
a.Admin
П.Батжаргал: Гадаад дасгалжуулагч сагсан бөмбөгийн багтай ажиллахдаа монгол хүний сэтгэлзүйн онцлогийг мэдэрч чаддаггүй

Эх орноосоо сурах мэдэхийн хүслээр жигүүрлэн гарсан ч хоббигоо орхиогүй, энэ олон жилүүдэд эх нутагтай холбоотой байж тэр дундаа Монголынхоо сагсан бөмбөгийн спортын хөгжилд нэмэр болох зорилготой нэгэн эрхэмтэй нутагтаа түр ирээд байхад нь уулзаж ярилцлаа.

  • Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
  • Намайг П.Батжаргал гэдэг. Одоогоор Австрали улсын Квинсланд мужийн Брисбане хотод гэр бүлийн хамт амьдарч байна. Австралид сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар суралцангаа ажиллаад 12 жил болж байна. Энэ хугацаанд U12, U14, U16, U18, U21, болон насанд хүрэгчид гээд бүх насанд дасгалжуулагч хийж үзлээ. Австралид насанд хүрэгчдийн лиг нь 7 түвшинтэй. Миний хувьд 3-6 хүртэлх түвшинд дасгалжуулагчаар ажиллаж үзлээ. Одоо насанд хүрэгчдийн Лигийн 4-р түвшний багт дасгалжуулагчаар ажиллаж байна.
  • Гадаадад оронд амьдраад нэлээд хэдэн жил болжээ. Эх орноосоо хэзээ, ямар зорилгоор гарав?
  • Би Дархан хотод төрж өссөн. МУИС-ийг эдийн засагч төлөвлөгч мэргэжлээр төгсөөд 10 гаруй жил эдийн засагчаараа ажиллаж байгаад, 2000 оны сүүлээр Австралид Брибане хотын Гриффит их сургуульд санхүүгийн чиглэлээр мастерт ирж суралцсан. Сургуулиа төгсөөд энд үлдэж ажилласан. 
  • Анх хэзээнээс сагсан бөмбөгийн спортыг сонирхдог болов. Австралид сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар суралцаж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?
  • Маагаа багш буюу Д.Маргад-Эрдэнэ, Хүрлээ багш буюу С.Хүрэлсүрэн гээд мундаг хоёр дасгалжуулагч Дарханд байлаа. Дарханыхан том, багагүй л сагс тоглодог. Хотын аваргын тэмцээнээр Спортын ордон пиг дүүрнэ. Би багаасаа Спортын ордонд очиж хоёр багшийн бэлтгэл хийж байгааг харах дуртай байсан.  Ерээд оны эхээр оюутан болоод хотод Политехникийн дээдийн Б.Дамба, мөн Ц.Цэвэрбал дасгалжуулагч нарын бэлтгэл дээр очиж дасгалжуулагчийн ажил, бэлтгэл сургуулилт, тамирчидтай хэрхэн харьцахыг харж дасгалжуулагч хүний ажил гэж юу болохыг ойлгож авсан даа. Хэсэг хугацаанд сагснаас хөндийрч байгаад энд ирээд өөртөө цаг зав гаргаж эхэлсэн.

Эндхийн хүмүүс хоббиндоо цаг гаргаж, өөрийгөө маш их хөгжүүлдэг. Дөчөөс дээш наснаасаа мэргэжлээ сольж,  амьдралаа сонирхолтой  болгохыг хичээдэг юм билээ. Яг тэр жишгээр 40 нас хүрсэн хойноо энд хүүхэд насны хоббигоо хөөн сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар анхнаас нь эхлэн суралцан дадлагажиж, дасгалжуулагч болсон. Одоо Австралийн дасгалжуулагчийн 3-р зэрэгтэй.  Энэ зэрэглэлийн дасгалжуулагч нь  дээд талдаа насанд хүрэгчдийн Лигийн 2-р түвшинд дасгалжуулах эрхтэй гэсэн үг.  Австралид сагсан бөмбөг өндөр түвшинд хөгжсөн. Энэ өндөр түвшинд хүрсэн нь миний сонирхлыг татсан юм. Одоогийн байдлаар Австрали улс нь сагсан бөмбөгийн хөгжлөөрөө дэлхийд 6-д бичигдэж байгаа. Ойрын жилүүдэд 3,4-т эрэмбэлэгдэх  магадлалтай байна. Тийм л хурдацтай хөгжиж байна.
  • Австралийн сагсан бөмбөгийн хөгжлийн гол утга учир нь юундаа байна гэж та харж байна вэ? Та Австрали багшийнхаа тухай ярина уу?
  • Энд нэгдүгээр түвшний буюу Анхан шатны дасгалжуулагч, хоёрдугаар түвшиний буюу Клубын дасгалжуулагч, харин гуравдугаар түвшиндээ ороод ирэхээрээ  Нийгэмлэгийн дасгалжуулагч гэж явдаг. Бүх үе шатуудаар нь би суралцаж төгссөн. Эхний жил 5-6 настай хүүхдүүдтэй ажилласан. Дараа нь Клубын дасгалжуулагчаар ажилласан. Одоо нийгэмлэгийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Австралийн сагсан бөмбөгийн хөгжлийн гол цөм нь сайтар бодож, боловсруулсан, шинжлэх ухаан, судалгаанд суурилсан, бага наснаас нь насанд хүртэл нь хөгжүүлдэг системтэй сургалт,  практик эзэмшүүлдэгт л байгаа гэж хардаг. Манай багш  35 жил ажилласан асар их туршлагатай, өндөр зэрэглэлийн дасгалжуулагч хүн бий. 1980-1990 оны дунд хүртэл Австралийн шигшээ багт ажилласан.

Дасгалжуулагч Ж.Овбрадовичтэй хамт Сербийн болон Европын сагсны "Партизан" клубын бэлтгэл.

Багшаасаа ур чадвартай тоглогчдыг болон багаа тэмцээнд бэлдэх, тоглолтод бэлдэхдээ юунд анхаарах, тоглогчдын  сэтгэл санааг хэрхэн өргөх  гээд бүх зүйлээс нь суралцдаг.  Дасгалжуулагч хүний хөдөлмөр гэдэг монголоор бол морь уяхтай л адил хөдөлмөр. Багш маань бэлтгэлийн олон төрлийн арга техниктэй, олон жилийн туршлагатай хүн. Багш маань маш хатуу, өндөр шаардлагатай хүн. Маш хөдөлмөрч, муухай ч  ааштай. Хэр баргийн хүн хамтран ажиллахгүй.   Тоглогчид болон туслах дасгалжуулагч нартаа их хатуу ханддаг. Цаг хатуу барихыг үргэлж шаардана.  Ийм хатуу чанга хүнээс  л хүн юм сурдаг юм байна гэж ойлгосон.
  • Та хаана, ямар сургалтаар, ямар ур чадвар эзэмшсэн бэ?
  • Австралид дасгалжуулагч нарт зориулсан дунд болон ахисан түвшний сургалтад бүгдэд нь сууж төгссөн. Зарим сургалтад жил болгон давтан суух ч шаардлага гардаг. Цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Австрали гэлтгүй, Европ, Америкт очиж, өндөр зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, дадлага хийж, дасгалжуулагчийнхаа ур чадвар, туршлага, зэрэглэлийг ямагт ахиулж ирлээ. Евролиг бол Европын хамгийн дээд ангиллын лиг. Европын орнуудын шилдэг 18 баг оролцдог. Энэ 18 багийн шилдэг дасгалжуулагч нараас бүрдсэн ахлах дасгалжуулагч нарын Зөвлөл гэж 2019 онд байгуулагдсан. Мөн 2021 онд “Дасгалжуулагч бэлтгэх Академи” байгуулж сургалтаа эхэлсэн. Ахлах дасгалжуулагч нар ирж лекц уншина, туршлагаасаа хуваалцана, довтолгоо, хамгаалалтын хувилбаруудыг зураг, график, схемээр харуулна. Тоглолт, бэлтгэлийн бичлэгээсээ үзүүлж тайлбарлан онол, семинар, практик хосолсон хэлбэрүүдээр сургадаг.  Жил бүр 12 дугаар сараас зуны 6 дугаар сарыг дуустал 7 сарын хугацаатай эрчимжүүлсэн сургалт үргэлжилнэ. Миний хувьд 2024 онд энэ академийг төгссөн. Энэ Академи бол Европын сагсны дасгалжуулагч нарын хамгийн өндөр зэрэглэлийн том сургалт.  2025 оны 3 дугаар сард энэ Академийн шугамаар Европын алдартай “Партизан” клубт 10 хоног дээд түвшний сургалт, дадлагад хамрагдсан.

2026 оны хоёрдугаар сард Канадын Торонто хотын “Торонто Рапторс” гэдэг Америкийн мэргэжлийн багтай мөн 10 хоног дасгалжуулагчийн дээд түвшний сургалт, дадлагад амжилттай оролцсон. Энэ сургалтад  Серби, Румын, Испани, Австрали, Турк, Англи, Америк, Орос зэрэг орны нийт 10 дасгалжуулагч  оролцсон.

  • Та дасгалжуулагчаар суралцахын зэрэгцээ дасгалжуулагчаар ажилладаг гэсэн. Дасгалжуулсан багийнхаа амжилтаас хуваалцвал?
  • 2022 оны нэгдүгээр сард болсон 18 хүртэлх насны  Мужийн аварга шалгаруулах  тэмцээнд 18 насны эрэгтэй баг маань Div 3-д  Мужийн аварга болж, алтан медаль хүртсэн. Зон буюу хэсэгтээ тойргоор буюу 5 тоглосноос 4 хожиж, нэг хожигдсон.  Хагас шигшээд нөгөө хэсгээс 2-оор гарч ирсэн багтай тоглож хожоод, манай хэсгээс 2-р гарсан баг маань учраа багаа хожсон. Ингээд алтын төлөө манай хэсгээс 2-оор гарсан багтайгаа алтын төлөө тоглоод 11 онооны  илүүгээр хожиж түрүүлсэн. Насанд хүрэгчийн багийн хувьд гэвэл, том амжилт маань 2021 онд 3-р түвшний Лигийн тэмцээнд шилдэг 6 багт үлдсэн. Нийт 15 баг оролцсон.        

Торонто Рапторс багийн бэлтгэл.

  • Монголын сагсан бөмбөгийн Дээд лигт 10 баг тоглож байна. Сүүлийн жилүүдэд гадаад дасгалжуулагч нар ирж ажиллах нь олон болж. Гадаад дасгалжуулагч нар монгол тамирчдыг дасгалжуулахад эерэг болон сөрөг тал гэж байх уу?
  • Гадаад дасгалжуулагч нар Дээд лигт ирж ажиллаад таван жил гаруй болж байна. Анх 2021-2022 онд “Эрдэнэт Майнерс” багт  грек дасгалжуулагч ирж ажилласан. Дараагийн улиралд нь аварга болсон. Түүнээс хойш л гадаад дасгалжуулагч авчрах нь бараг “мода” шахуу болсон. Грек, Хорват, Серби улсуудаас дасгалжуулагч нар ирж ажиллаж байлаа. Эхний жилүүдэд бэлтгэлийг шинэ шатанд гаргаж, довтолгооны олон хувилбаруудтай болсон гээд давуу талууд бий болсон.
Харин сүүл рүүгээ байрнаасаа хөдлөхөө больсон. Сул тал нь гэвэл гадаад хүн,  монгол тамирчидтай муу ойлголцдог. Хэлний болон соёлын ялгаанууд бий. Хамгийн гол нь монгол тамирчны бие махбодын онцлог, монгол хүний менталитыг ойлгож чаддаггүй. Гарааны хэдэн сайн тоглогчоор бүх тоглолтоо явуулдаг нийтлэг сул тал ажиглагддаг.  Сэлгээний тоглогчийг тоглуулах дургүй байна гэдэг чинь багийг жигд хөгжүүлэхгүй байна гэсэн үг. Хоноцын сэтгэлгээгээр ханддаг гэж хэлж болно.

“Бишрэлт Металл” багийг 2022-23 оны улиралд дасгалжуулсан П.Стояанцев буюу Пежа дасгалуулагч байна. Хоёр дахь улирлаа багаа орхиод “Сэлэнгэ Бодонс” багийн дасгалжуулагч болоод явчихсан. Жинхэнэ дасгалжуулагч багийн амжилтыг давтах биш ахиулахын төлөө зүтгэх ёстой. Энэ жил улирлын дундуур 5 монгол тоглогчоо багаасаа хассан. Дасгалжуулагч  хүн тамирчдадаа хайртай байх ёстой. Монгол дасгалжуулагч  нар ийм шийдвэр гаргахгүй шүү. Тамирчдаар ингэж тоглож болохгүй. 

Гадаад дасгалжуулагч нар багтаа байгаа ур чадвартай монгол тамирчдаа бүрэн мэдэхгүй байна. Тэднийг тоглуулахгүй байна. Сэлгээнд суулгаж зэврүүлж байна.

Н.Батбаяр гээд тоглогч байна. “Апес” багт тоглож байхад нь гадаад дасгалжуулагч итгэж тоглуулдаггүй, олигтой минут өгдөггүй  байсан. Гэтэл өнгөрсөн жил  “Сэлэнгэ Бодонс”-д очоод ямар сайн тоглов. Мөн А.Батхуяг гээд холбон тоглогч байна. Өнгөрсөн жил “Бишрэлт металл” багт тоглож байхад нь гадаад дасгалжуулагч нь олигтой ч минут өгдөггүй байсан. Гэтэл энэ жил “Хан Шонхор”-т очоод ямар сайн тоглов гэх мэт жишээнүүд бий. Мөн Г. Цэлмэг гэсэн тоглогчийн жишээ бэлэн байна. Энэ жил Монголианс багт очоод багийнхаа үндсэн гол тоглогчийн нэг болоод гялалзаж байна. 

-Бусад улсын сагсан бөмбөгийн спортын дэг жаяг, нөхцөл боломж, дасгал сургуулилалт ямар байдаг вэ. Бидэнд тэднээс суралцах юм юу байна вэ?

  • Австралид Сагсан бөмбөгийн холбоо нь бүх үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг. Зургаан муж нь бүгдээрээ сагсан бөмбөгийн холбоотой. Мужийн холбоо нь мужийнхаа нутаг дэвсгэр дэх бүх уралдаан тэмцээнийг зохиодог. Нийгэмлэгүүд гэж улсаасаа санхүүждэг том бүтэц байдаг. Нийгэмлэг багадаа 4 сагсан бөмбөгийн талбайтай, битүү ордонтой байх ёстой. Үүнээс нэг нь тэмцээн, уралдаан явуулах шаардлага хангасан том танхимтай байх шаардлага тавигдана.  2020 оноос хойш шинээр байгуулагдсан  нийгэмлэгүүд бол дор хаяж 5 сагсан бөмбөгийн талбай бүхий ордонтой байх болсон. Спортын том орднууд 8-10 сагсан бөмбөгийн тоглолтын талбайтай баригддаг. Миний амьдарч буй хотод гэхэд л  сагсан бөмбөгийн 14 нийгэмлэг ажилладаг. Нэг нийгэмлэгт  багадаа 6-8, ихдээ 10-12 клуб харьяалагддаг жишээний. Зөвхөн нэг нийгэмлэгт  гэхэд хүүхдийн насанд багадаа 200 баг, ихдээ 400 гаруй баг тоглож байна. Нийгэмлэгийн хүүхдийн шигшээ багийг Rep team гэж нэрлэдэг. Нэг нийгэмлэг нь 12, 14,16,18 нас хүртэл нас насанд, эрэгтэй, эмэгтэй rep team, эрэгтэй баг 3-5 хүртэл, эмэгтэй баг гурав хүртэл гаргадаг.  Ийм шигшээ багууд харьяалагддаг нийгэмлэгийнхээ өмнөөс мужийн хүүхдийн лигийн тэмцээн болон мужийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэмцээн нь 6 сар үргэлжлэн явагддаг.
Клубүүдээс шалгарч ирсэн ур чадвар сайн хүүхдүүдийг нийгэмлэгийн шигшээ багт багтаан, өндөр ур чадвартай болгож бэлтгэдэг. Ингэж тоглогчдыг хүүхэд наснаас нь  ур чадварыг нь түвшин түвшнээр нь ахиулаад явдаг.  Эдний стандартаас л монголчууд бид суралцаж, дасгалжуулах ажилдаа хэрэгжүүлэх хэрэгтэй санагддаг. Эдний стандарт бол дэлхийн жишигт бүрэн хүрсэн.

Брисбане Капиталс нийгэмлэгийн постер. 

 

  • Тамирчид болон дасгалжуулагчдын сэтгэл зүй гэж чухал зүйл бий. Гадаад болон монгол хүний бие, сэтгэлийн давуу тал болон сул талын ялгааны талаар…?
  • Маш чухал асуулт асуулаа. Орчин үеийн спортод тамирчдын бэлтгэл хийж буй цаг адилхан, ур чадвар ч ойролцоо болсон. Гэтэл яагаад зарим нь үргэлж ялаад, илүү амжилт гаргаад, аварга болоод байна вэ. Хариулт нь ердөө л сэтгэл зүй. Хэн сэтгэл зүйгээ сайн бэлдэж чадна  тэр баг л ялна.  Багийн сэтгэл зүйг хэн бэлдэх ёстой вэ. Багийн ерөнхий дасгалжуулагч багийн сэтгэлзүйг бэлдэх ёстой.  Дасгалжуулагч хүн өөрөө сэтгэл зүйн хувьд тогтвортой, зан төлөвийн хувьд өндөр стандарттай байх ёстой. Сэтгэл зүй,  сахилга баттай холбоотой. Багийн сахилга бат өндөр байвал, багийн сэтгэл зүй өндөр бөгөөд хүчтэй байдаг.  Харамсалтай нь дээд Лигийн цөөнгүй багууд маань сэтгэл зүйтэй холбоотой зохисгүй үйлдлүүдийг их гаргадаг. Түүнээсээ болоод хожлоо алддаг.  Дасгалжуулагч талбай дээр тамирчдадаа сэтгэл зүйн хувьд шууд нөлөөлж байдаг.  Дасгалжуулагчийн сэтгэл зүй  өндөр байвал тамирчид дагаад  сэтгэл зүй нь өндөр байдаг.  Дасгалжуулагч талбайд тамирчдаа л дасгалжуулах үүрэгтэй болохоос шүүгчийг дасгалжуулах, заах үүрэггүй.  Мөн дасгалжуулагч хүн талбай дээр биеэ зөв авч явах ёстой. Гэтэл зарим дасгалжуулагч  сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй хэт автаж байна. Буруу үйлдэл талбай дээр хийдгээс болж нийт багийн амжилтад сөргөөр нөлөөлдөг.

  • Сагсан бөмбөгийг хөгжүүлэхэд бодлого, менежмент маш чухал. Спортын холбоод, дарга нарын хувийн эрх ашиг хэт үйлчилж тэмцээн уралдааны төсөв, зардал гэх мэт асуудлуудыг талцаад шийдэж чадахгүй байгаа юм шиг санагддаг.  Энэ талаар таны бодол?
  • Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлага 2022 онд шинэчлэгдсэн. Үүнээс өмнө 10 гаруй жил хэрүүл маргаан гарч, хагаран бутарч хоёр холбоо бий болж, хоёр лигийн тэмцээн явуулж байсан түүх бий. Спортын төв ордонд жил бүр явагддаг байсан Лигийн тэмцээнд заал талбайгаа өгөхгүй хааж боож байсан гэж дуулдаж байсан. ФИБА-гийн тэмцээнд оролцож чадахгүй 10-д жилийг алдаж байсан. Маш олон жилээр Монголын сагсан бөмбөг ухарсан муу түүх бий.

Гэхдээ 2022 оноос шинэ удирдлага шинэ менежментээр ажиллаж,  алдсан он жилүүдийг богино хугацаанд нөхсөн гэж би хардаг. 2025 онд Дэлхийн аваргын 3х3 тэмцээнийг Улаанбаатарт амжилттай зохиолоо. Эмэгтэй баг маань дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа. Азийн том тэмцээнүүдийг Улаанбаатарт хүлээн авдаг боллоо. ФИБА-ийн тэмцээн хүлээх авах стандартад хүрсэн Аренатай боллоо.   Дээд лигийн 2024-2025 оны улирлын аварга “Хасын Хүлгүүд” баг 2025 онд зүүн Азийн бүсийн аварга боллоо. Ийм амжилтууд ар араасаа гарч байна.

Монголын Дээд Лиг маш хурдацтай хөгжиж байна. Өмнө нь спортод, сагсанд  оруулсан мөнгийг алдагдал гэж үздэг байсан бол одоо ашиг авчрах боллоо. Хуучин сагсан бөмбөгт багийн эзэд л өөрөөсөө хөрөнгө оруулж санхүүгийн хувьд хүнд ачаа үүрдэг байсан. Одоо сагсан бөмбөг ашиг авчрах болсноор Монголын том компаниуд  Дээд лигийн багуудыг ивээн тэтгэж  оролцож байна.  Цаашдаа ч илүү хөгжих нь тодорхой гэсэн өндөр хүлээлт,  урам зориг дүүрэн байгаа миний хувьд.
  • Багийн спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн спортын хамгийн чухал зүйлсийг нэрлээч гэвэл?
  • Багийн спорт бол маш онцлогтой. Ганцаарчилсан спортын төрлийн амжилт тухайн тамирчнаас шууд хамаардаг бол багийн спорт багийн бүх гишүүдийн оролцоо, үүрэг, хариуцлагаас хамаардаг. Маш олон хүчин зүйл нөлөөлнө. Багийн амжилт ахлах дасгалжуулагчаас шууд хамааралтай. Хамгийн сайн тамирчдыг  нэг багт цуглуулаад маш богино хугацаанд өндөр амжилтыг гаргаж болно. Гэхдээ энэ бол дасгалжуулагчид амтгүй амжилт.  Жинхэнэ дасгалжуулагч хүн ийм зүйлээс хол явах ёстой.  Жинхэнэ амжилт бол багаа сууриас нь бүрдүүлж, алхам алхмаар амжилтад хүрэх арга зам юм. Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г.Хэрбертийн багаа хэрхэн бүрдүүлсэн саяхны жишээ бий. Тэр энэ талаараа “Амьдралыг минь дахин бэлэглэсэн залуус” номдоо дэлгэрэнгүй өгүүлсэн.  Энэ ном 2025 онд монгол хэлээр орчуулагдаж гарсан. Гарсан даруйдаа спорт сонирхогч хүүхэд залуучууд төдийгүй  удирдах шатны ажил хийж буй гүйцэтгэх захирлууд,  удирдах ажил хийдэг хүмүүс хүртэл маш сонирхон уншсан. 
Г.Хэрберт шигшээ багаа бүрдүүлэхдээ Германы хамгийн сайн тоглогчдыг шигшээ багтаа уриагүй.  Тэднээс ур чадвар, туршлагаар хамаагүй дутуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн байна. Түүний гол баримталсан зарчим нь багийн тоглогч байж чадах тоглогчид л шигшээ багт орно гэж үзсэн.  Хувийн өндөр ур чадвар, олон жил шигшээ багт тоглосон зэрэг нь чухал биш гэж үзсэн. 

Хэрбертийн амжилтын нууц нь сайн баг бүрдүүлж чадсан. Багийн гишүүд нь эв нэгдэлтэй, бие биеэ хүндэлдэг. Баг муу тогловол хэн нэгэндээ бурууг тохоод өнгөрөөд өнгөрөх биш, хамтдаа буруугаа үүрдэг, хамтын хичээл зүтгэлээр засаж чаддагт байдаг. Ингэж баг нь нэг хүн мэт цул болж чадсан. Ямар нэг хагарал, үл ойлголцол, маргаан огт алга болсон. Энэ баг 2023 онд дэлхийн аварга болж, бахархам том амжилт үзүүлсэн шүү дээ.

  • Таны дуртай баг, дуртай тамирчин, бас дуртай суралцаж явдаг дасгалжуулагч хэн бэ?
  • Би NBA-ийн Чикаго Буллс баг, алдарт сагсан бөмбөгч Жорданд үнэхээр дуртай.  1980 оны сүүл 1990 оны эхээр Америкт Жордан ид мандаж гарч ирсэн үе. Би хүүхэд байсан. Тэр үед зурагтаасаа салахгүй хамаг л тэмцээнийг үздэг байлаа.
Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийг үзэн, тэдний тоглолтыг биширч өссөн хүний нэг нь би.  1990-1998 оны хооронд Чикаго Буллс баг NBA-ийн аварга цолыг 6 удаа хүртсэн.   Өмнө нь энэ баг жирийн дундаж баг байсан. Энэ багт Жордан гэдэг од гарч ирснээр энэ баг олны анхаарлын төвд орж ирсэн. Орчин үеийн сагсан бөмбөгийг Жордан бий болгосон.  Мөн дасгалжуулагч П.Жейксон жирийн дундаж багийг NBA-ийн аварга баг болгож чадсан түүхтэй. Энэ түүх бол сайн дасгалжуулагч хүн яаж жирийн дундаж багийг аварга баг болгож чаддаг вэ гэдгийг харуулсан бодит түүх.

Европын дасгалжуулагчдаас олныг нэрлэмээр байна. Сербийн нэрт дасгалжуулагч Ж.Обрадович, Италийн дасгалжуулагч А.Тринчиери, Испанийн дасгалжуулагч Х.Паскуал мөн Америкийн  Торонто Рапторс багийн дасгалжуулагч Д. Ражакович, Австралийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Гооржиан нарт дуртай, эдгээр хүмүүсийн арга туршлагыг нь байнга хардаг, судалдаг, тэднээс суралцдаг.  Б.Гооржиан гэхэд л Австралийн эрэгтэй шигшээ багийг 2020 оны Токиогийн олимпод хүрэл медальд хүргэсэн хүн. Хамгаалалтын том мэргэжилтэн гэж дэлхийд үнэлэгддэг хүн. Монголынхоо дасгалжуулагч нараас гэвэл алдарт дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшаас суралцдаг..Дасгалжуулж байхдаа гаргаж байсан мэргэн шийдлүүд, шинэ сонин санаа оноонуудаас одоо ч гэсэн суралцдаг. Мөн гавьяат дасгалжуулагч О.Баярцогт, залуучуудаас гэвэл Ч.Ижилболд дасгалжуулагч нарыг хүндэлж бахархаж явдаг даа.

-Цаг заваа зориулан ярилцсан танд баярлалаа.

 

 

 

 

 

  

 

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2026 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс