БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо жил бүр зохион байгуулдаг хоёр чуулганы үр дүнгээр мэдээлэл өгсөн юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань мэдээллийн эхэнд хэлэхдээ, “Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болон Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны чуулганыг хамтатган Хоёр чуулган хэмээн нэрлэдэг бөгөөд Хятадын улс төрийн амин чухал үйл ажиллагаа юм. Тус чуулганд дотоодын өнцөг булан бүрээс ирсэн, нийгмийн давхарга бүрийн төлөөлөгчид нэг дор цуглаж, улс орны өмнө тулгарч буй асуудлыг нэгтгэн хэлэлцдэг. Мөн олон улсын тавцанд Хятад улсын бодлого, хөгжлийн чиг хандлагыг ойлгуулах, судлан таниулах, ирэх жилүүдэд ямар боломж бий болох, түүнийг хэрхэн ашиглах бололцоог бүрдүүлдэг гэдгээрээ онцлог” хэмээн онцлов.
Мөн “БНХАУ өнгөрсөн хугацаанд XIV таван жилийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн, төлөвлөсөн зорилтынхоо хүрээнд хэрэгжүүлсэн. Тус хугацаанд эдийн засгийн жилийн дундаж өсөлт 5.4 хувьтай гарч байв. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд Хятад улсаас оруулж буй 30 орчим хувийн хувь нэмэр хэвээр хадгалагдсан байна. Энэ мэт жин дарсан бодит үзүүлэлт нь XV таван жилийн төлөвлөгөөг боловсруулахад бат бөх суурь нь боллоо.
Ирэх таван жилийн төлөвлөгөөнд 20 үндсэн үзүүлэлтийг дэвшүүлсэн бөгөөд тухайлбал, 2035 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 30 мянга болон түүнээс дээш ам.доллар байна хэмээн тооцсон. Энэхүү үзүүлэлт нь 2020 онд 10 мянган ам.доллар байсан гэвэл Хятад улс XIV таван жилд эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалах шаардлагатай болж байгаа юм. Товчдоо бол, Хятад улс хэдийн асар том эдийн засагтай орон болсон. Иймд эдийн засгийн хөгжлийнхөө үзүүлэлтийг хурдтай өсөлтөөс чанартай өсөлт рүү чиглүүлнэ” гэлээ.
Элчин сайд түүний дараагаар Хятад улсын XV таван жилийн төлөвлөгөө дэлхий нийтэд ямар мессеж өгч байгаа болохыг тайлбарласан юм. Юуны түрүүнд, тус улсын төрийн бодлого тогтвортой, залгамж чанараа хадгална. Хоёрдугаарт, санхүү, эдийн засгийн хувьд тэсвэрлэх чадвартай буюу урт хугацаанд сайжрах чиг хандлагаа өөрчлөхгүй. Гуравдугаарт, ХКН нэгтгэн удирдах чадамжтай хэвээр байна. Дөрөвдүгээрт, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулах шинэ боломжуудыг тасралтгүй бүрдүүлэх аж.
Үүний зэрэгцээ тус улсын XV таван жилийн төлөвлөгөө Монголд Улсад ямар боломж бүрдүүлж буй талаар ярилаа. Хятадын тал Монгол Улстай боомт, дэд бүтэц, хил гааль, хорио цээр, эрүүл ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, банк санхүү зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бийг Элчин сайд яриандаа тэмдэглэв. Түүний зэрэгцээ энэ жил Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж ажиллахаа хатагтай Шэнь Миньжуань илэрхийлэв.