Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд бөгөөд COP17 Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Батбаатар өнөөдөр (2026.03.13) ШУУРХАЙ ХУРАЛДААН зарлаж, холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өглөө.
Хуралдааны үеэр сайд Б.Батбаатар COP17 Бага хурлыг зохион байгуулахад 157 хоног үлдээд байгааг онцолж, дэлхийн 190 гаруй орны анхаарлыг татах олон улсын хурлыг үр дүнтэй зохион байгуулах нь Монгол Улсын нэр хүнд, манлайллыг илэрхийлэх чухал үйл явдал гэдгийг онцлов.

Үргэлжлүүлэн COP17 Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудын талаар холбогдох албан тушаалтнуудын мэдээлэл, байр суурийг сонслоо. Энэ үеэр сайд Б.Батбаатар яамны газар, хэлтсүүд болон COP17 Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны ажлын уялдаа холбоо, хариуцлага, шуурхай байдлыг эрс сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.
Мөн бэлтгэл ажлыг шат шатанд нь эрчимжүүлэх, төлөвлөгөөт ажлуудыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлэх, мэдээлэл солилцоог нэг цэгт төвлөрүүлж, нэгдсэн зохион байгуулалт, сахилга хариуцлагатайгаар ажиллах чиглэлийг өгч, холбогдох нэгжүүдэд тодорхой хугацаатай үүрэг даалгавар өглөө.