“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ–АСУУДАЛ ШИЙДЭЛ” СЭДЭВТ ДУНДГОВЬ АЙМГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн эрх–Асуудал шийдэл” сэдэвт Дундговь аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Дундговь аймаг дахь Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгууллаа.
Чуулга уулзалтад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Дундговь аймаг дахь Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Өлзийжаргал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга С.Ууганбаяр болон аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Арга хэмжээний үеэр төрийн дээд одон, медаль болон салбарын шагнал гардуулах ёслол, “Ээждээ захидал бичээрэй” захидлын уралдаан, “Хайр” гар зургийн уралдааны шагнал гардуулах үйл ажиллагаа зохион байгуулагдав.
Мөн “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого ба хэрэгжилт” сэдвээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Түмэнжаргал, “Эцэг эхийн харилцаа, хандлага хүүхдийн бие хүний төлөвшилд нөлөөлөх нь” сэдвээр Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн сэтгэл зүйч Ж.Үйлст, “Орон нутгийн бизнесийн онцлог, анхаарах асуудал” сэдвээр Олон улсын хөдөлмөрийн байгууллагын бизнесийн сургагч багш С.Алтантогос нар илтгэл, мэдээлэл хүргэлээ.
Мөн чуулга уулзалтын үеэр “Асуудал–Шийдэл” хэлэлцүүлгийг зохион байгуулж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санал хүсэлтийг сонссон юм. Оролцогчдын зүгээс үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн талаарх мэдээ мэдээллийг хүртээмжтэй хүргэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн төрийн бодлого, дэмжлэгийн боломжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, мэдээллийг тогтмол зохион байгуулах, мөн эмэгтэйчүүдийн эрх, хүний эрхийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хөдөлмөр эрхлэх боломж нөхцөл зэрэг олон асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.
Дээрх санал, асуултад аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, ИТХ-ын дарга Ж.Мөнхчулуун, Дундговь аймаг дахь Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Өлзийжаргал, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга С.Ууганбаяр нар хариулт өгч, санал солилцсон юм.
Түүнчлэн арга хэмжээний үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд азтан тодруулах үйл ажиллагааг зохион байгуулж, ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлгийг гардууллаа.