Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан" танхимд боллоо. Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт удирдлаа.
Тус хуралдаанаар Хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш танилцуулж, хэлэлцүүллээ.
Хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга С.Бямбацогт "Хүн ам зүйн хөгжлийн бодлого буюу ганц бие залуусын асуудал", Дорноговь аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга О.Батжаргал "Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого үйл ажиллагаа, үр дүн, тулгамдаж буй асуудал", "МОНФЕМНЕТ"үндэсний сүлжээний зохицуулагч Д.Энхжаргал "Асрахуйн эдийн засаг ба эмэгтэйчүүдийн эрхийн асуудал" сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж, "Төлөвлөгөө батлах тухай, "Чиглэл өгөх тухай" тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн эрэгтэй эмэгтэй хүмүүсийн төдийгүй хөдөлмөрийн зах зээл, гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн тэнцвэрт байдлын асуудал юм.
Гэр бүл салангид амьдрах, ажиллах хүчний хомсдол үүсэх, өрхийн эдийн засаг доройтох зэрэг асуудал бодит сорилт болж байгаа бөгөөд залуу малчин өрхийн тогтвортой амьдрал, гэр бүл болох, гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, бүс нутгийн хөгжлийг хамарсан нэгдмэл бодлого шаардлагатай" талаар онцлон тэмдэглэлээ.
Жендэрийн үндэсний хороо нь төр, төрийн бус байгууллагын тэнцүү төлөөлөл бүхий 41 гишүүнтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газарт бодлогын зөвлөмж өгч, зөвлөх чиг үүрэгтэй ажилладаг.