Жендэрийн үндэсний хороо нь 2026 оныг “Орон нутгийн жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих жил” болгон зарлаж байгаа билээ. Энэ хүрээнд нийслэл, орон нутгийн жендэрийн салбар хороодын үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Өнөөдөр (2026.03.04) Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний хөгжлийн хороо, Нийслэлийн жендэрийн салбар хороо, Жендэрийн үндэсний хороо хамтран өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Хуралдаанд Жендэрийн үндэсний хорооны дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа, Төлөөлөгч Л.Хосбаяр, Төлөөлөгч Э.Одонтуяа, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар, Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд жендэрийн салбар хорооны дарга А.Амартүвшин, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, Нийгмийн бодлогын Газрын дарга Б.Бямбадорж болон холбогдох албан хаагчид оролцлоо.
Хуралдаанаар ЖҮХАА-ны дарга А.Адилбиш жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаа, үр дүн болон НЗДТГ-ын жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Хуралдаанаар хэд хэдэн чиглэлд үр дүнтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үүнд:
Нийгэмд тулгамдаж буй эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг мөн бүх талаас нь цогц байдлаар нь шийдвэрлэх. Тухайлбал, Монгол эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, сэтгэл зүйн тулгамдсан асуудалд бодлогын дэмжлэг үзүүлж, жендэрийн мэдрэмжтэй гэхээсээ илүү жендэрийн хариуцлагатай оролцоог хангах,
Хүүхдүүдийг өв уламжлалтай нь холбож хүмүүжүүлэх; боловсролд хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх,
Нийслэлийн бүх байгууллагад нэн түрүүнд хүүхдийн өрөө, хүүхдийн булан, номын сан зэргийг боломж бололцоонд тулгуурлан байгуулах,
Түүнчлэн НЗДТГ нь НҮБХХ-тэй хамтран “Gender Equality Seal” (Жендэрийн тэгш байдлын гэрчилгээжүүлэлт) хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд цаашдаа жендэрийн мэдрэмжтэй, хариуцлагатай төлөвлөлт, төсөвлөлт дээр анхааран хамтран ажиллахаа илэрхийллээ.