Уран бүтээлч Мөнхжаргалын Ган-Очирын уран бүтээлийн бичвэр
Бидний сэтгэлгээний хэв маягийн онцлог ялгаа нь цаг хугацааны явцад тухайн угсаатны соёлын өвийг цогцлоож үлдээдэг бөгөөд үүнийг бид хойч үедээ өвлүүлэн үлдээж, түүний үнэ цэнийг баталдаг. Магадгүй үүгээр бидний бусдаас ялгагдах ялгарал үүсч, гагцхүү хэрхэн яаж соёлын өв бүрэлдэж, түүнийг өвлүүлэн үлдээх гэдэг асуудал бөгөөд энэ нь бидний хойч үедээ үлдээх "үүрэг" гэхэд болно. Тэгвэл энэхүү үүргийг хамгийн чанартай бөгөөд чадварлаг гүйцэтгэж буй уран бүтээлч бол М.Ган-Очирын "хээ-хэлэмжээр илэрхийлж буй нүүдэлчдийн философи болон концепц" билээ.
Хээ-Хэлбэр-Сэтгэлгээний цар хүрээг орчин үеийн Поп арт хэллэгээр өнгөний тоглолтын нөлөөг илүү хэлбэржүүлж толбо, пятно болон холимог техникээр давтамжийн тоглолтыг хийж илэрхийлснээрээ "хээ-нүүдэлчдийн философи-сэтгэлгээ-"ний хэлбэрийн үндсэн сэтгэлгээг баяжуулан үзүүлж буй. Харагдах хэлбэрийн хувьд чөлөөтэй, хязгаарлагдмал бус ажиллагаа мэдрэгдэх боловч форматад аль болох байж болох зохиомжуудыг ашигладаг.
Уран бүтээлчийн өссөн орчин, тал нутгийн байгаль, ерөөл, үлгэр домог, талын салхинд илбүүлсэн гайхамшигт хүч нь хожим уран бүтээл ундран гарах нөхцөл нь болж өгснөөрөө аливаа зүйл ямар нэг суурь үндэсгүйгээр үл дэлгэрдэгтэй адил нэгэн утгыг илэрхийлнэ.
Чухам энэ нь "Монгол хээний хэллэг"-т цогцолж байдгаараа онцлог. Үүгээр бид хээ-хэмээх мотиф ойлголттой адилссан амьдралын үнэ цэнэ ба оршихуйн утга учрыг олж харж болно. Туульсын ухамсаргүй болон ухамсрын мэдээллийн нэгдлүүд хээний давтамжаар сүлэлдэж, биет байдлаар илэрдэг. Билиг ертөнцийн үүтгэлийг бид арга байдлаар илэрч буй хэлбэр, дүрс, өнгө тэр тусамаа хээ-хэмээх хэмжээст дүрслэлээс харах боломжтой. Үүнээс онцгой байдал нь тэгш хэмийн зохирол бөгөөд энэ нь эргээд Монгол хүний тэгш дүүрэн байх бэлгэдэлт сэтгэлзүйтэй холбогддог.
Хээний хүч нөлөө нь хязгааргүйг хязгаарт багтаах, эмх замбараагүйг эмхтэй болгох оюун дүгнэлт гэлтэй…
Куратор: Тогтохбаярын Эрдэнэтуяа
2026 он