Луваанжалбын Батнасан
“Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар”,
“Ертөнцийн хязгаар хэмээхүй нь угтаа логикийн хязгаар”.
– Людвиг Витгенштэйн
Өнөөгийн зохиолч, яруу найрагчдаас хэлний хязгаар болоод хэлтэй холбогдох сэтгэлгээний хязгаарын хүрээг бүрэн төлөөлөн ярьж болохуйц уран бүтээлчийн нэг бол яруу найрагч, зохиолч Лувсандоржийн Өлзийтөгс. Түүний үзэл санааг сэтгэлгээний хязгаар, утгын хязгаар, хэлний хязгаар, ганцаардлын хязгаартай холбон анализ хийн тайлбарлахыг зорив.
“Баримтын логик зураг бол бодол мөн.”
– Людвиг Витгенштэйн
Шинэ туршилт, шинэ сэтгэлгээ, шинэ онол бүхэн бидний оюун санааны хязгаарын хүрээг өргөтгөдөг. Мянган жилийн өмнөх хүмүүсийн сэтгэлгээний хязгаар, таван зуун жилийн өмнөх, зуун жил, тавин жил, арван жилийн өмнөх гээд бүгд хоорондоо адилгүй. Зуун бүхэн өөрсдийн сэтгэлгээний хязгаарын хүрээг тогтоож дараа дараа үеийнхэн улам баяжуулж, шинэчлэн тэлж ирсэн. Өргөтгөл бүхэн өөр өөрийн замаар сэтгэлгээг баяжуулдаг.
Эрдэмтэд, сэтгэгчид, уран бүтээлчид шинийг, шинэ сэтгэлгээг нээх гэж цаг бүхэнд мухардалд орж байсан ч сэтгэлгээний шинэ хязгаарыг тогтоох шинэ нээлтийн өмнөх төсөөллийн баримжаа бүхэн нь тэдний сэтгэлгээний хязгаарын шинэ эрмэлзэл, эрэлхийлэл, урам зориг, шинэчлэлийн зорилго байв.
Хязгаарын тухай хамгийн өвөрмөцөөр бичсэн сэтгэгчдийн нэг бол Людвиг Витгенштэйн. 20-р зууны хамгийн зартай сэтгэгчдийн нэг тэрбээр дэлхийн 1-р дайны үед Австрийн армид алба хааж байхдаа Парис хотод болсон нэгэн авто ослын талаарх мэдээг сониноос олж уншжээ. Өмгөөлөгч шүүгчдэд болсон үйл явдлыг тодорхой ойлгуулахын тулд авто ослыг дүрслэхдээ тусгай ширээн дээр жижиг макет дүрсүүд байрлуулан осол болох үед тээврийн хэрэгсэл, хүмүүс болоод бусад холбогдох зүйлсийг тухайн бэлтгэсэн загваруудаараа дүрслэн тайлбарлах гэж оролдсон байдаг.
“Бодит байдлыг загварчилж болж байгаа юм чинь тухайн бодит байдлын загварчлал хүний бодолд хэрхэн буудаг вэ?” гэдгийг сонирхож үзээд “бидний бодлын макет дүрс нь үг юм байна” гэсэн логикийг Витгенштэйн санал болгосон. Ийн үзвэл хүний бодол үгээр биежиж загварчлагддаг ба загварчлагдсан үгс өгүүлбэрийг буй болгоно. Нэг ёсондоо бодит байдлын загварчлалын илэрхийлэл нь бодол, бодлын загварчлал нь үг. Тэгэхээр хэл бол бодлын загварчлал ба ертөнцийг өгүүлбэрүүдэд шингээн утгажуулна.
Хэлний зургийн онолын үүднээс авч үзвэл ямар нэгэн өгүүлбэр хэлэнд тусгагдаж байгаа бол бодит байх гэсэн санаа түүнд бий. Энэхүү онол нь логик атомизмын тухай түүний санааны биелэл юм. Витгенштэйний энэхүү нээлт тухайн үедээ чухал нээлт байсан ч яруу найргийн сэтгэлгээний өмнө “алдаа” заасан гэдэг утгаараа яруу найргийн өвөрмөц сэтгэлгээний хувьд жишээ болохуйц онол юм. Түүний онол яруу найрагт эсрэгцдэг.
Хязгаарын хүрээний дүрүүдэд тогтмол суурьшиж үе үеийн сэтгэгчдийн сэтгэлгээний шандсыг сорьж ирсэн сэтгэлгээ бол яруу найргийн сэтгэлгээ. Яруу найргийн энэ амин чанар бол ахуйн хүрээний ахархан хүрээ биш алс хязгаарын утгат хүрээ. Хүн дотоод оюун санаандаа хэр их тэлж, хэр их хол төсөөлж түүнээ батлах тусам өөр нэгэн хязгаарт оюун санаандаа өөрийгөө хувилан бүтээж тэрхүү бүтээсэн хоёр хязгаарынхаа хооронд мэдрэмжээ торлож сүлэлдүүлэн ургуулахдаа төсөөллийн хязгаарлуугаа хэт нэвчдэг байж болно. Хэрэв тийм байх аваас ийм уран бүтээлчийн нэг бол яруу найрагч Өлзийтөгс. Тэрээр шүлэг бичиж эхлэхээсээ л өөрийн дотоод хязгаарынхаа сэдлийг илтэд тодорхой илэрхийлсэн байдаг.
Түүний “Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр
Ер бусын том саран тусдаг” хэмээх мөртүүд бий. Эл “ертөнцийн хязгаар” хэмээх хэллэг нь хэлний хязгаараас давсан төсөөллийн, мэдрэмжийн хязгаар. Бидний төсөөллөөр илэрхийлж чадах хязгаар ба төсөөллөөр илэрхийлэгдэмгүй хязгаар хоёрын заагийг илтгэдэг. Мөн уншигчдад өөр өөрсдөд нь дотоод сэтгэлгээний хязгаараа төсөөлөх боломж олгодог. Түүний “төсөөллийн өрөө” бол түүний төсөөллийн хязгаар дахь өөрийнх нь бүтээсэн өвөрмөц орон зай.

Харин Витгенштэйний “ертөнц” хэмээх хэллэг нь хэл болоод логикоор илэрхийлэгдэж буй ертөнц. Эхэн үеийн Витгенштэйний үзэлтэй харьцуулж үзвэл түүний төсөөллийн хязгаар нь хэлний хязгаараа давчихсан төдийгүй төсөөллийн хязгаар нь түүний ертөнцийн хязгаар болсон гэмээр.
Бидний бодож буй бодол, сэтгэмж бүхэн бидний сэтгэлгээний бүтээл. Сайн шүлэг хүнд орон зайн шинэ мэдрэмжийн хязгаарын орчин өгдөг санагддаг. Энэ бүхний хүрээг хамгийн сайн тэлж өгч хүмүүсийн ойлгодог ахуйн хязгаарыг шинээр нээж тэлж ойлгуулдаг нь яруу найргийн сэтгэлгээ гэдгийг Мартин Хайдеггэр (Martin Heidegger. Poetry, Language, Thought. Harper Perennial Modern Thought, 2013) ч тунхагладаг.
Хэн ахуйн хүлээснээс ангижирч сэтгэлгээнд цойлно түүнд хязгаарын тухай ухагдахуун үүсэх нь тодорхой. Эзлэгдэнэ. Түүний бүтээлүүдэд “Ертөнцийн хязгаар”, “Үзэхийн хязгаар”, “Чимээгүйн хязгаар”, “Бүхний хязгаар”, ... гэх мэт хязгаарын тухай нэршлүүд элбэг бий. Учир нь тулга тойрсон бодолд хязгаарын тухай бодол ч үзэгдэхгүй. Зөвхөн хязгаар биш хязгаарын хүрээг мэдэрч гэмээнэ шинэ хязгаар тогтоох сэдэл бүрэлдэнэ.
Шүлэг гэдэг угтаа шүлэглэж, уран гоё унших төдий үгсийн цуглуулга биш, хязгаарыг эвдэх гэсэн сэтгэлгээний туршилт, нарийн утгачлагдаж системчлэгдсэн тэмдэгтүүдийн кодчилол. Сайн яруу найрагчид шинэ хэллэг, бодомж, өгүүлбэр, олонлог ойлголт бүхий өвөрмөц санаа үйлдвэрлэдэг. Сайн шүлэг гэдэг сэтгэлгээний хязгаарыг эвдэнэ, тэлнэ. Шинэ хязгаар бүтээнэ. Сайхан сонсогдож байгаа нь шилдэг шүлэг гэсэн үг биш. Шүлэг гэдэг тухайн бүтээгчийн оюун санааны хязгаар. Хэн сайн шүлэг бичиж байна, тэр хүний дотоод оюун санааны цээл, хязгаар чинад хол байна аа гэсэн үг.

Сэтгэлгээний хязгаар олон олон зөв үзэл санаа, зөв онолоор шахагдан тэлэгдэж байж хэлний хязгаар, ойлголтын хязгаар ч тэлэгдэнэ. Тэгэхээр сайн зохиолч, яруу найрагчийн зорилго бол уншигчдыгаа “хөөсөн” үйл явдал хөөлгүүлж төөрүүлэн цуцааж залхаах биш, агуулга мөхөс “уран гоё” үгсээр илбэдэн утгын гүн хаялагаас алсруулах бус, чимгийг хорьж, утгыг шүтэж, уншигчдынхаа сэтгэлгээний хязгаарыг тэлэх. Уншигчаа хэдэн дүрээр ээрч, “уянгын халил дэвэрсэн” үгсээр төөрүүлсэн зохиол, бүтээлүүд хэлний болоод сэтгэлгээний хязгаараа тэлэх гэсэн уншигчдын сэтгэхүйг улам агшаан хумиж чөдөр тушаа, цагийн гарз болохоос өөр үр өгөөжгүй.
Хэл бол бодол дамжуулагч. Бодлоо хүмүүс янз бүрээр илэрхийлдэг ба бодлын бүтэц, бодлын дамжуулалт, бодлын загварчлалын хувилбарууд бол бидний оюун санааны дотоод системчлэл. Энэ үүднээс бодол ч загвар, хэл ч загвар. Хэл, бодол хоёр загварчлал учраас бүрэн дүүрэн биш. Гэхдээ Витгенштэйн ертөнцийг танихын тулд мэдрэмжиндээ суурилна хэмээн эцэстээ дүгнэж хэлсэн байдаг. Угтаа утгын, бодлын, ойлголтын, төсөөллийн, мэдрэмжийн, хэлний хязгаарууд бидний сэтгэлгээний хязгаарыг илчилдэг.
– Уншигчид ямар нэгэн шүлэг, зохиол уншиж байхдаа тухайн яруу найрагч,
зохиолчийн сэтгэлгээний хязгаарыг уншиж байдаг
мөн өөрсдийнхөө хязгаарыг ч харьцуулан уншиж байдаг.
Хүн хэлний хязгаарлалтаас шалтгаалан бүх утга санааг бүрэн ойлгох боломжгүй байдаг. Зохиогч ч мөн зарим тохиолдолд бүрэн илэрхийлэх боломжгүй болдог. Яг тэр “боломжгүй”-н хил, зурвас дээр уран бүтээлчдийн сэтгэлгээний шандас, утгын илгээмж шалгагддаг.
Утгын хязгаар нь зохиогчийн өөрийн илэрхийллийн утгын хязгаар ба уншигчдын нээсэн шинэ утгуудын хягааруудын бүрдэл хийгээд цаг хугацааны явцад үүсэх утгас зэргийн нийлбэр юм. Эл хэллэг нь философи, хэл шинжлэлтэй холбогдож, хүний сэтгэлгээний хүрээ, мэдлэг, ойлголт, утга санаа, үгсийн хэрэглээ, хэлний бүтэц болон тэдгээрийн хязгаарлалтыг авч үздэг философийн ойлголт ба хэлний хүрээний хязгаарлалт, гадаад ертөнцийг ойлгох, мэдрэх чадварын хязгаарлалт, хүний ойлголт, сэтгэлгээний төвшнөөс хамааралтай. Хүн бүрийн "хэл" нь өөр өөрийн сэтгэлгээний хязгаартай. Бид ямар нэг утга санааг зөвхөн өөрсдийн хэлний хүрээ, сэтгэлгээний чадвар, хэлний хязгаарын орон зайд ойлгох боломжтой.
Энэ тухай “Ролан Барт Ролан Бартын тухай” ("Roland Barthes by Roland Barthes"(1975)) номын зохиогч, “Зохиогчийн үхэл” (The Death of the Author) хэмээх ойлголтыг моодонд оруулсан 20-р зууны Францын структурализмын томоохон төлөөлөгч Ролан Барт “Бүтээл хэвлэгдэх мөч нь “зохиогчийн үхэл”, уншигчийн “төрөх агшин”” гэж үзсэн. Энэхүү үзэл баримтлалын гол санаа нь уншигчдад хүрсэн бүтээл тэдний оюун санаанд хэрхэн шинээр төрж, хэрхэн шинэ утга, утгат чанарууд үйлдвэрлэж байдгийг чухалчилснаараа онцлогтой. Бүтээлийг уншсан уншигчийн тайлбарлал, бүтээлийг бүтээсэн зохиогчийн илгээмжтэй хэрхэн холбогдохыг гаргасан.
Сэтгэлгээний өндөр түвшинд бичигдсэн байх тусмаа тухайн бүтээлийн хувилбарт чанар ихэснэ. Сайн шүлгийн утга гэдэг хязгаар үгүй түгэх үндэстэй, онцгой. Тийм шүлгээс ушигчдад өөрсдөд нь бие даасан “утгын илгээмж”-үүд ч үүсч эхэлдэг. Тэрхүү “утгын илгээмж” уншигчийн оюун санаанд өөрийн гэсэн онцлогтой өвөрмөц ертөнцийг бий болгодог. Энэ сэтгэлгээний хөврөл-онцлогийг тухайн уншигчаас өөр хэн ч тайлбарлахад бэрх, тийм онцлог байж болдог. Үг үүссэн цагаас тухайн үгэнд утга тээгдэн цаг цагийн аясаар утгаа улам тодруулан тээх юм уу бүдгэрүүлэн гээж байдаг. Утгыг бүтээхүйн үндэс, тээхүйн үндэс мөн гээхүйн үндэс ч болж болно. Гэхдээ уншигчдын оюун санаанд бүрэлдсэн нууцлаг утгыг тайлах гэдэг одоо ч сонирхолтой хэвээр.
Ийн хэл хийгээд хэлтэй холбоотой утга, уншигчийн талаар олон сэтгэгчид үзэл санаагаа уралдуулсан. Людвиг Витгенштэйн харин энэ талаар “Өгөгдсөн хайрцганд цох байгаа” гэсэн. Гэтэл яруу найрагч Л.Өлзийтөгс “Залбирсан алганд минь намар байгаа”, “нүүр дүүрэн нүд байгаа”, “нүд дүүрэн тэнгэр байгаа” хэмээсэн.
Ер бусын том саран ...
Хүйтэн цоожтой хөх авдар байдаг ...
Ертөнцийн хязгаар дахь модон гүүрэн дээр ...
Цэцгийн гурван дэлбээ л үзэгдэнэ ...хэмээсэн.
Мөн,
Өвдсөн нэгний хүйтэн амьсгаа ...
Улаан өргөс, өндөгний цус ...
Задарсан үсэн дээр анхны цас
Залбирсан алганд минь намар байгаа ...хэмээсэн.
Түүнчлэн,
Дөрвөн түмэн гунигийг үг болгосон гар минь ...
Нүүр дүүрэн нүд байлаа ...
Өнгөрсөн амьдралын цонхоор шагайхад ...
Нүд дүүрэн тэнгэр байлаа ... хэмээсэн.
Түүний уншигч бүр бүтээл дэх дотоод агуулгаар нь дамжигдан тээгдэж хүрсэн нууцлаг утгыг тээж явдаг шиг санагддаг. Зохиогчоос очсон ном хэмээх илгээмжүүд уншигчдад хүрээд бас нэгэн өвөрмөц агуулгын илгээмж-ертөнцийг бий болгодог мэт. Гэхдээ утга бэлгэдлүүд нь өөр өөр. Тэнд текстээс гадна өөр олон зүйл “дагалдаж” очдог гэж боддог. Зарим утгас нь "залбирсан алганд минь намар байгаа" хэмээн шивнээд олон хэмжээст зэрэгцээ ертөнцийн үүдээр дагуулаад орох мэт болно. Үгээр илэрхийлэхэд бэрх, гэхдээ илэрхийлэгдэнэ. Илэрхийлэхийн тулд уншигчид нь улам их утга нээж тэр илэрхийлэлд зорьдог. Нэг ёсондоо шинэ утга тээгсэд, бүтээлчээр шинэ утга нээгсэд.
Тэрбээр олон хүний дотоод оюун санааны хязгаарыг тэлж өгсөн. Сайн уншигчдын шүлэг уншдаг нэг шалтгаан нь хязгаарын тухай төсөөллөө төсөөлөх, батжуулах, хязгаарын тухай мэдрэмжээ мэдрэх тийм нарийн зүйл байх шиг санагддаг. Тийм ч учраас сайн шүлгүүд ахуйгаас алслагдсан байдаг. Тийн тогтож уншсанаараа өөрийнхөө хязгаарын хаяа, хүрээг таньж дүгнэлт хийнэ.
Тэгэхээр тухайн утга ямар уншигчийн оюун санааны орчинд бойжиж байна тэрхүү утгын бойжилт, ургахуйн явц, дамжигдан тархах утга нь уншигчийн сэтгэлгээний төвшинтэй ямар нэгэн байдлаар холбогдоно. Монголын уран зохиолыг буруу зүгрүү будлиантуулагсад их болсон цагт туйлшрал, хийрхэл, хөөсрөлөөс ангид сэтгэлгээг эрхэмлэсэн зөв чиг баримжаат ирээдүйд түүний уншигчид гол найдвар болсон.
Тэдгээр уншигчдын гол ялгарах ялгаа нь бие даасан сэтгэлгээ, бие даасан сонголт. Хэнийг унших, хэнийг уншихгүй байх, зохиогчийн хязгаар, уншигчийн хязгаар гээд бүгдийг “гадарлана”. Ихэнх нь “доторлодог” санагддаг. Ийн мэдрэмж, төсөөлөлд ач холбогдол их ирнэ. Ийм хэрсүү уншигчид аливаа бүтээлээс өөр өөрсдийн оюун бодлоороо задаргаа хийх сонирхолтой, бүүр хэвшилтэй болсон байдаг. Уран зохиолын алс ирээдүйд ийм уншигчид ус агаар шиг хэрэгтэй болсон цаг.
Зарим уншигчид өөрийн хязгаараа тэлж унших сонголт хийдэг бол зарим уншигчид бага бодол бүхий, бага загварчлал бүхий тулга тойрсон үйл явдалхан төдий бүтээлд автаж өөрийн хэлний болоод сэтгэлгээний хязгаараа агшаан хумьдаг. Ийм үедээ уянгын халил хэтэрсэн алаг эрээн үгсэд автаж ээрэгдэн утгын сайхнаас алсардаг. Нийгэм нийтээрээ арилжааны уран зохиолд хэт автаж, гярхай сайн уншигчид цөөрвөл утгын зөв агуулга гажуудах эрсдэлтэй.
Хүн бүр хайрцгандаа байгаа зүйлийг “цох” гэж нэрлэдэг ч өөрийнхөө хайрцагт байгаа зүйлийг бусад хүмүүсийн “цох”-той хэзээ ч харьцуулж чаддаггүй. Тэд “цох” гэж юу байдгийг зөвхөн өөрсдийнхөө хайрцгаар л төсөөлж мэднэ. Хэдийгээр хүн бүхэнд “цох” гэж нэрлэж өгсөн ч хүн бүрийн хайрцагт огт өөр зүйл байх магадлалтай. Мөн хайрцагт нь юу ч байхгүй байж болно. Эсвэл байсан ч байнга өөрчлөгдөж ч болно. Яг л зохиогчийн илгээмж-ном шиг.
Эл туршилт нь “хувийн хэл” (private language) аргументыг тайлбарлах зорилготой ба хувийн хэлний ярианы хязгаарлалт, хувь хүний субьектив туршлагатай холбоотой утгын асуудлыг судлахад ашигладаг. Хувийн хэл нь ганц хүний хаалттай систем байж болно. Хувийн хэлний хэрэглэгч өөрт тохиолдсон мэдрэмжиндээ мөн нэр өгч болно. Витгенштэйн “Философийн шинжилгээнүүд” (Philosophical Investigations (§293))-дээ бодит мэдрэмж, дотоод туршлага зэргийг зөвхөн хувь хүн өөрөө л мэдэрч чадна гэж үзсэн.

Гэхдээ бид “цох” гэж ярьж тогтож байгаа нь үгийн утга нь тэр объектын яг юу байгаагаас биш, тэр үг хэрхэн хэрэглэгдэж байгаагаас хамааралтай. Улмаар бидний дотоод мэдрэмжийн тухай үгс нь зөвхөн бидний дотроос гараад бусдад дамжихгүй зүйл биш, олон хүн хэрэглэдэг хэлний системийн нэг хэсэг гэж ойлгож болно. Энэ нь утга бол нийтийн хэрэглээ ба дүрэмд тулгуурладаг гэдгийг илэрхийлнэ. Иймд хувийн, хэн ч шалгаж чадахгүй “объект” утгыг тогтоож чадахгүй. Хэрвээ “цох” гэсэн үг хайрцган дахь бодит зүйлийг зааж байвал, юу байгааг бид мэдэхгүй тул үгийн утга тодорхойлогдохгүй. Энэ жишээ нь “хувийн хэл” гэсэн санааг эсэргүүцдэг ба зөвхөн ганц хүний хувьд ойлгогдох, бусдад ойлгогдохгүй хэл байх боломжгүй гэж үзэхэд хүрнэ.
“Хэрвээ бид мэдрэмжээ зөвхөн миний доторх, бусад хүн хэзээ ч шалгаж чадахгүй объект мэтээр авч үзвэл, тэр зүйл хэлний хэрэглээний хувьд ямар ч үүрэггүй болчихно.” Хэрвээ бид мэдрэмжээ яг “бодит объект” гэж бодоод, бусдаас бүрэн хаалттай, зөвхөн миний хувийнх гэсэн утгаар авч үзвэл, тэр нь тоглоомын утга олж чадахгүй ба утгаа алдах эрсдэлтэй болно гэж үздэг.
Ингэж үзвэл зохиогчоос илгээсэн илгээмж-утгууд яг л Витгенштэйний “хайрцган дахь цох” мэт янз бүрийн туршилт нэхнэ. Уншигчдыг “зүгээр суулгахгүй” ба тэдэнд бүрэлдэж буй утгуудыг өөр хоорондоо “илгээмж”-үүдийнхээ “түлхүүр утга”-ын талаар санал солилцохыг ч нэхэж магадгүй. Уншигчдын хооронд харилцааны лаборатори ажиллана гэсэн үг.
Яруу найрагч Л.Өлзийтөгсийн уншигчдыг ямар нэгэн сэжмээр холбогдуулан тодорхой судалгаа хийвэл сонирхолтой санагддаг. “Ертөнцийн хязгаар” хэмээх нэршлийг тайлбарлуулж болно. “Нүүр дүүрэн нүд”, “Нүд дүүрэн тэнгэр” зуруулж болно. Тэгээд зохиогчийн зүгээс илгээсэн илгээмжийн утга хийгээд уншигчдын дотоод оюун санаанд бүрэлдсэн утга хоорондын уялдаа хийгээд ялгааг ажиглавал сонирхолтой.
Нэг зохиогчийн олон уншигч гэдэг утгаар, үүнийг тайлбарлаж болохуйц “Гэр бүлийн адил төстэй байдлын онол” (Family resemblance theory) бий. Людвиг Витгенштейний “Философийн шинжилгээнүүд” (Philosophical Investigations. 1953) зохиолд танилцуулсан философийн санаа юм. Энэ онол нь нэг үндсэн шинж чанараар бүх зүйл нэг ангилалд багтана гэсэн уламжлалт үзлийг няцааж, үг, ойлголт зэрэг нь харьцангуй төстэй шинжүүдийн давхцлаар холбогдож болно гэж үздэг. Витгенштейн “тоглоом” (games)-ын жишээгээр тайлбарласан. Шатар, сагсан бөмбөг, хөзөр гэх мэт нь ялгаатай дүрэм, зорилготой ч гэсэн бүгдийг нь “тоглоом” гэж нэрлэдэг.
Гэхдээ эдгээр тоглоомууд олон давхцсан, огтлолцсон төстэй чанарууд байдаг тул нэг ангилалд багтдаг. Онолын гол санаа нь семантик анализ, хэлний философи, категори бий болгох зэрэг олон чиглэлд хамаатай бөгөөд үгийн утга, ангиллын агуулга нь ямар элементүүд давхцаж байгаагаас хамаарах ба ангиллын хил хязгаар нь тодорхой хатуу шүүлтүүр биш, давхцсан хэлбэртэй байж болохыг харуулдаг.
Философич, математикч Хилари Патнэмд “Утгын утга”(The Meaning of “Meaning”) хэмээх аргумент бий. Үгийн жинхэнэ утга нь зөвхөн хүний тархи толгойнд байдаггүй ("Meanings just ain't in the head"), гадаад ертөнц, хүрээлэн буй орчинтой харилцан холбоотой гэж үздэг философийн үзэл (семантик экстернализм). Үгсийн утга нь цэвэр сэтгэл зүйн шинжтэй байх албагүй.
Ингэж үзсэнээрээ уламжлалт интерналист (утга зөвхөн сэтгэлгээнд байдаг) санааг няцаадаг. Энэ сэтгэхүйн туршилт нь хэл ба ойлголтын философид гүн нөлөө үзүүлж, утга, лавлагаа, ойлголтын агуулга нь хүний сэтгэлгээтэй хэрхэн холбогддог талаар эргэцүүлэн бодох боломж олгодог. Тэрээр утга нь зүгээр л сэтгэх байдал биш, харин тухайн үг угтаа яг юуг зааж байгаагаас ихээхэн хамаардаг гэж үзсэн. Энэ санааг дэлгэрэнгүй тайлбарлахын тулд тэрбээр “Ихэр дэлхий” (Twin Earth) сэтгэхүйн туршилтыг хэрэглэсэн.
Тэгвэл ихэр дэлхийн хүмүүс “ус” гэж хэлэхдээ ижил ойлголттой, нэг л үгийг хэрэглэж байгаа ч энэ дэлхий дээр ус (water) = H₂O бол “Ихэр дэлхий” (Twin Earth)-д ус (water) = XYZ юм. Дэлхий болон тэдний ихэр дэлхийн ижил төстэй "ус" гэдэг үгийг ашигладаг боловч өөр өөр бодисыг хэлдэг. Ингэснээр үгийн утга, тодорхойлолт нь хүний дотоод сэтгэлгээ, төсөөллөөс гадна харь, гадаад орчин, бодит зүйлтэй холбогдож тогтдог гэж Патнэм үзсэн. Энэ үзлийг семантик экстернализм (semantic externalism) гэдэг. Мөн “Ихэр дэлхий” (Twin Earth) хэмээх сэтгэхүйн туршилттай холбоотой Aluminum-“Molybdenum case”, “Beech-Elm case” хэмээх хоёр жишээ ч бий.
Бүтээлийн утга зарим үед тодорхой ч зарим үед тааварлашгүй. Зохиогчийн илгээсэн үндсэн илгээмж-утга гадаад орчны олон зүйлсийн нөлөөгөөр олон мянган уншигчийн оюун тархинд өөр өөрөөр коодлогдож бүрэлддэг байж болно. Та хэдий хэр өндөр хязгаарт сэтгэж чадна төдий хэрээр утгын хязгаарт ойртож түүнээсээ ямар нэгэн онцгой зүйл мэдэрдэг ч байж болно. Мэдээж зөн совин, саруул ухаан ямар нэгэн хэмжээгээр хэрэгтэй нь дамжиггүй. Bottom of Form
Хүн өөрийнхөө оюун санааны хязгаарт хүрэх үед нэгэн шинэ ойлголтын үүд нээгдэхийг судласан дүрслэлийн бэлгэдэл нь “ихэр хэл” ч байх боломжтой. Энэ нь дотоод оюун санааны хязгаар дахь бэлгэдэлт дүр, ертөнцийн түгээмэл ахуйн өвөрмөц нэршил болно. Зохиогч-уншигч хоёрыг холбох өвөрмөц хэл ч болж болно.
"Субьект бол ертөнцөд харъяалагдах бус,
харин ертөнцийн хязгаар."
– Людвиг Витгенштэйн
Людвиг Витгенштейн "Хэлний хязгаар" гэх ойлголтыг философийн үүднээс тайлбарлаж, үзэгдэл болон хүмүүсийн ойлголт хоорондын харилцааг судалсан. Хэлний хязгаар нь бидний ертөнцийг ойлгох, мэдрэх, харилцах чадварыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэлгээ нь хэлний хүрээнд хязгаарлагддаг бөгөөд хэлний хязгаар нь бидний утга ойлгох боломжийг ч мөн хязгаарладаг.
Тиймээс бидний ойлгох, мэдрэх, хүлээн авах чадвар хэлний хязгаарлалтаар тодорхойлогдоно. Хэлний хүрээ нь хүний амьдралын утга, гадаад ертөнц, бусадтай харилцах чадварыг хязгаарладаг. Энэ ойлголт нь философийн хувьд бидний амьдралын гүн утга учир, харилцаа, хэлний бүтэц, сэтгэлгээний хязгаарлалтыг илтгэн харуулдаг ба ямар нэгэн ойлголт нь бидний гадаад ертөнцийг танин мэдсэн дотоод ертөнцийн хүрээний доторх ойлголтууд юм.
Витгенштэйний ертөнцийн хязгаар хэмээх ойлголт нь сэтгэлгээний хязгаар, утгын хязгаар, хэлний хязгаартай нягт уялддаг. Эхэн үеийн Витгенштэйн логикийг хэт шүтэж, логикийн хатуу хуулиар бүхнийг харж, үгийн утгыг хэт логиктой холбож загварчлах явцуу хүрээнд анализ хийж байсан бол хожуу үедээ хэлийг яв цав загварчлах нь учир дутагдалтайг ойлгон буулт хийж, хэлийг загварчилж болно гэж зорьж тэмүүлсэн түүний зорилго эх хэлний баялаг агуулгыг бүхэлд нь загварчлах боломжгүй юм байна хэмээх дүгнэлтэнд хүрч, үгийн утга нь хэрэглээндээ байдаг гэж үзээд, хэлний өргөн хүрээ, утга санааг хүндэтгэж эхэлсэн байдаг.
Эндээс ямар дүгнэлт гаргах боломжтой вэ гэхээр уран бүтээлч бүхэн хэлний хүчин чадлыг “халтал” нь ашигладаг гэж боддог ч бидний таньсан, хэлээр илэрхийлэгдэмгүй санаа бодлыг мэдрэмж, төсөөллөөр дамжуулан загварчилж буулгаснаараа хэлэнд байхгүй тэр санааг хэлэнд оруулж, хэлийг шинэ ертөнцөөр тэлж байгаагаараа онцлог. Хэлний тогтсон хязгаарыг эвдэж шинэ хязгаарын хүрээ тогтоож, үүсгэж, шинэ нэршлүүдээр баяжуулж байгаагаараа ялгаатай.
Яруу найрагч Өлзийтөгсийн шүлгийг мэдрэхийн тулд эхлээд логикийн хашаа, хайрцаг, хүрээнээс гарч сэтгэх хэрэгтэй. Яруу найраг логикоос хэтийдсэний хамгийн тод жишээ бол түүний шүлгүүд. Өлзийтөгсийн хэлний хязгаар бол түүний ертөнцийн хязгаар, хэл болоод логикоос ангид бидний танин мэдэхүйн хүрээн дэх ахуйгаас алслагдсан хязгаар.
Логикоос ангид, логикоос хальсан, баригдмал хязгаарт биежсэн сэтгэхүй биш, хязгаарын хүрээнээс чинад ойлголттой сүлэлдэхээр шүлгүүд уншигдана. Яг ийм ойлголтын хүрээнд л Витгенштэйний зөрчил илэрсэн байдаг. Дан ганц логикоор хэлийг хашаад, логикийн яв цав зарчмаар хаалт хийвэл тухайн хэлний логикоор илэрхийлэгдэмгүй санаанууд халих нь тодорхой. Тэгэхээр хэлний сэтгэлгээг логикийн хүрээнд багтааж агшаах биш логикийг сэтгэлгээгээр шахаж тэлэх асуудал ундарна.
Хэлний аналитик философийн үндэслэгчдийн нэгд зүй ёсоор тооцогддог Витгенштэйн хэлний хязгаарыг логикийн хязгаараар авч үзэж байсан ч яруу найргийн сэтгэлгээ хэлтэй ойр ч тэс өөр байв.
Энэхүү алдартай хэллэг нь "утга" болон "хязгаар"-ын хоорондох хамаарлыг онцолдог. Тийн үзвэл түүний ертөнцийн хязгаар нь түүний хэлний хязгаар болоод логикийн хязгаартай уягдмал ойлголт. Үүнээс түүний хэлний хязгаар бол түүний логикийн хязгаар байсан хэмээх гаргалгааг гаргаж болно. Л.Витгенштэйнийхээр ертөнц хэмээх нь хэл. Ингэж үзвэл бидний бүтээсэн ертөнц нь бидний бий болгосон хэлэнд торлогдож уягдсан ойлголтууд, баримтуудаас өөр юу ч биш гэсэн дүгнэлт. Үүний баталгаа болгож тэрбээр “Ертөнц бол баримтуудын нийлбэр болохоос юмсынх биш” (1.1.The world is the totality of facts, not of things) гэдэг санааг “Логик-философийн трактат”-даа өгүүлсэн байдаг.
Витгенштэйний дэвшүүлсэн нэг гол санаа бол хүн төрөлхтний энэ олон мянган жилийн турш дахь хөгжил дэвшил бол баримтуудын л цогц нийлбэр хэмээсэн. Тэгэхээр сэтгэлгээ нь хэлээр илэрдэг гэж үзвэл сэтгэлгээний, хэлний хязгаар нь эхэн үеийн Витгенштэйнийхээр баримтын хязгаар болно. Энэ дүгнэлт нь оюун санааг онцгойлон авч үзсэний нэгэн илрэл. Ертөнц байдгаараа байсан. Байж ч байгаа. Олон хүн бид ертөнцийг өөрчлөөд байна гэж эндүүрдэг байх, арай ч тийм биш. Харин бид энд сайн муу, сайхан муухай, олон өнгийн зураглал бүхий баримт бүтээж амьдарч байгаа.
Энэ нь “Баримтын зургийг бид өөрөө өөрсдөдөө л бий болгож бүтээдэг.” (2.1. “We picture facts to ourselves.” гэдгээр батлагдана. Эдгээр текст, баримтууд бол бидний ойлгодог ертөнц. Мөн хэлний хязгаар нь логикийн хязгаар гэсэн логик урган гарна. Витгенштэйн “Миний хэлний хязгаар бол ертөнцийн хязгаар” гээгүй, “Миний хэлний хязгаар бол миний ертөнцийн хязгаар хэмээсэн. Түүнийхээр “Субьект бол ертөнцөд харъяалагдах бус, харин ертөнцийн хязгаар” (5.632. The subject does not belong to the world: rather, it is a limit of the world.) гэсэн санааг өгүүлсэн байдаг.
Түүний хувьд “Би”, “Миний” гэдэг нь “Би бол өөрийнхөө бичил ертөнц” (5.63. I am my world. (The microcosm.)) гэдгээс тодорхой харагддаг. Харин зарим үзэл санаандаа “Бодит байдлын бүх нийлбэр дүн нь ертөнц” (2.063 The sum-total of reality is the world), “Ертөнц ба амьдрал гэдэг нь нэг л юм.” (“5.621. The world and life are one”) гэж дүгнэсэн нь бий. Мөн “Хэллэг бол бодит байдлын дүр зураг мөн.” (4.021. A proposition is a picture of reality...) хэмээсэн.
Ийн үзвэл Витгенштэйний “Би” нь хязгааргүй орон зай дахь ахуйн субьект, тодорхой хугацаан дахь хэл, текстийн зурган төлөөлөл, загварчлал, баримт. Түүнийхээр “Миний хэлний хязгаар” гэдэг бол цаг хугацааны нэгээхэн зурвасхан үеийн тал талын олон нөлөөлөл, хэлний ахуйгаас бүрэлдэж тогтсон тодорхой ухамсарт үечлэл, хэлээр бүтээгдсэн зохиомол орон зай.
Түүний хэлний хязгаар бол түүний оюун санааг бүтээлцсэн Б.Расселийн ч, Фрегэгийн ч, Алан Тюрингийн ч хэлний хязгаар. Нэг ёсондоо түүний өөрийн “Би” нь түгээмэл “Би”. Ахуйн дунд буй болсон нэгж. Түүний хэлний хязгаарыг тэдгээрийн хэлний хязгаар гэж энгийншүүлж ойлгож болно. Тэдгээрийн гэдэг нь логик орон зайн утгаа тээнэ.
Хэлний хязгаартай холбогдох хэлэнд байдаг сэтгэлгээ бүхий загварчлалын жишээ бол яруу найрагч Л.Өлзийтөгсийн “Залбирсан алганд минь намар байгаа” хэмээх хэллэг юм. Энэ өвөрмөц хэллэгээс логик нэхэх утгагүй. Учир нь залбирсан алгыг төсөөлөхийн зуур түүнд оршин буй намрын тухай дүр дүрслэл, загварчлал, тодорхойлолт бүгд эргэлдэнэ. Тэдгээрээс намрыг илэрхийлэх илэрхийлэмж, симболын эрэлд уншигчийг хөтөлснөөрөө өвөрмөц. Мөн залбирсан алганд намрыг авчирснаараа онцлог.
Яг л ийм сорилттой Витгенштэйн тулгарч эхэн үедээ хэлийг яв цав ангилж тодорхой байлгах бүхий л ангиллыг хийснээр шийдэж чадна гэж үзэж байсан ч эндүү дүгнэснээ ухааран хожмын үеийн Витгенштэйн соёлтойгоор бууж өгөөд өмнөх зарим алдаагаа тайлбарласан нь бий. Тэрээр Бэртран Рассэлийн хамт “Логик атомизм”-ын онолдоо логикийг хэт шүтэж байсан ч хожмын үеийн Витгенштэйн эх хэлний гүн, чинад сэтгэлгээг хэт загварчлах боломжгүй гэдэгтэй санал нийлсэн байдаг.
“Сэтгэж чадахгүй байгаа зүйлийнхээ талаар бид бодож чаддаггүй. Тиймээс бид бодож чадахгүй байгаа тэр зүйлийнхээ талаар хэлж (илэрхийлж) ч бас чадахгүй. (5.61. “We cannot think what we cannot think; so what we cannot think we cannot say either.”). Бодох