Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах, Засгийн газраас ХҮН намыг гаргах зохион байгуулалттай улстөр ид өрнөж, Г.Занданшатарын Засгийн газар дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Нэр бүхий гишүүд П.Наранбаярыг унагах улстөрдөө Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс хэрэгжүүлж буй “Төрийн өмчийн сургуулиудын менежмэнтийг сайжруулах төсөл”-ийг ашиглаж буй. Төсөл хэрэгжсэн сургуулиудын захирал, менежерүүд үүнд нь дургүйцэж төслийн төлөөр бодит мэдээллүүдийг өгсөөр байна. Гүтгэлэг, улстөржилт нь энэ мэтээр үнэнд гүйцэгдээд ирэнгүүт Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд “Боловсролын сайд Шинэ Монгол технологийн дээд сургуулийг их сургууль болгох тушаал гаргажээ” гэсэн худал мэдээллийг тарааж эхэллээ.
Уг мэдээлэлд Боловсролын яам тайлбар өгөөд байна.
Тус яамнаас “Засгийн газар огцордог өдөр Боловсролын сайд П.Наранбаяр “Шинэ Монгол” коллеждоо их сургуулийн тусгай зөвшөөрөл олгожээ" гэсэн ташаа мэдээлэл гарчээ. “Шинэ Монгол” коллеж нь энэ 2025 оны 6-р сарын 5-ны өдрийн тушаалаар Техник, технологийн их сургуулийн харьяа Монгол коосэн технологийн коллеж, ШУТИС-ийн харьяа Технологийн коллежуудын хамт коллежийн ангилалд хамрагдсан юм. Дээд боловсролын тухай хуулийн 6.7-д зааснаар “Технологийн коллеж нь бүрэн дунд боловсрол, техникийн болон дээд боловсролын шаталсан сургалттай, дэд бакалавр, бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг дээд боловсролын сургалтын байгууллага юм” хэмээн онцолсон байна.
Боловсролын сайд шийдвэр гаргахдаа ганцхан Шинэ Монгол Технологийн коллежийг онцлоогүй, нийт 35 дээд сургууль ч уг шийдвэрт багтсан аж. Үүн дотор 3 технологийн коллеж багтсаны нэг нь Шинэ Монгол Технологийн коллеж юм байна.
Энэ талаар “Шинэ Монгол Технологийн коллеж”-оос ч мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.
Олон нийтийн сүлжээнд гарсан манай сургуультай холбоотой мэдээлэлтэй холбогдуулан мэдэгдэл хүргүүлж байна. Шинэ Монгол Технологийн коллеж 2014 онд ШинэМонгол технологийн дээд сургуулийн харъяанд байгуулагдан Японы Коосэн боловсролын системийг жишиг болгон амжилттай нэвтрүүлж, инженерийн 5 мэргэжлээр дэд бакалаврын зэрэг олгох сургалт зохион байгуулж ирсэн дээд боловсролын байгууллага юм. 2020 онд Магадлан итгэмжлэгдсэн анхны Коосэн сургууль болсон.
Өнөөдрийн байдлаар нийт 600 орчим оюутан, 70 багш ажилтантай 11 дэх жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 7 удаагийн төгсөлт хийж 344 инженер төгсгөөд байна.
Сургуулийн хувьд 2023 онд шинэчлэн батлагдсан Монгол улсын Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, 2024 оны 6 сард батлагдсан Дээд боловсролын байгууллагын ангилал тогтоох Техникийн зохицуулалт, Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага зэрэг өнөөгийн дээд боловсролын байгууллагад мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журмын дагуу сургалтын үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Манай сургуулийн Боловсролын яаманд хандан коллежийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийн дагуу 14 хүний бүрэлдэхүүнтэй комисс 2025.02.11 өдөр сургууль дээр ажилласан. Нийт 29 шалгуур шаардлагыг баримтлан Коллежид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан гэсэн дүгнэлт гарсан тул 2025 оны 2 сарын 28 өдөр Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Цахим зөвшөөрлийн системээр Коллежийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт гарган, материал бүрдүүлэн, магадлан шалгах комиссын зөвлөмж, шаардлагын дагуу нөхөн бүрдүүлэлтийг хийн сургуулийн нийт багш ажилчид хичээлийн жилийн туршид ажилласан билээ. Дээд боловсролын газрын ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэрт үндэслэн А/315 тоот Боловсролын сайдын тушаалаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл маань Коллежийн ангиллаар гарсан болно.