Уншиж байна...
Улаанбаатарт гацсан иргэдийг 12 дугаар сарын 01-ний өдрөөс нутаг буцаанаЧ.Хүрэлбаатар: Алдаагүй юм хийж болдоггүй л юм байх даа. Арай ч дээЛ.Амар: Бүх банкууд "хүсэлт өгсөн иргэдийн зээлийн татан авалтыг хийхгүй байх"-аар тохирсонД.Нарангэрэл: Найман сая төгрөг бол тухайн өвчтөнд зарцуулж буй өртөгЖ.Амгалан: Хууль зөрчиж, халдвар түгээвэл гурав хүртэл жил хориноД.Ариунаа: Зээлийн төлбөр хойшлуулсан хугацаанд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөхгүйУлаанбаатарт 6 тохиолдол нэмэгдэж, нийт 60 боллооХӨСҮТ-д коронавирусийн халдвараар эмчлүүлж байгаа нэг хүний зардал найман сая төгрөгОрон нутаг руу буцах иргэдийг 10, 10-аар нь PCR шинжилгээнд хамруулнаТ.Мөнхсайхан: Халдварын голомт нэмэгдээд байвал хөл хориог зогсоох боломжгүйЭрээн хотоос “Сэтгэлийн дэм” тусламжийн аян Монгол улс руу хөдөллөөУлаанбаатарт 3, Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 тохиолдол шинээр илэрлээАлбан тушаалтнуудын сошиал маргаан: Коронавирус төмөр замаар дамжин голомтлон халдварласан ууАН: Татварын хөнгөлөлтөд нэг удаагийн бээлий, хамгаалах хэрэгслийг нэмэх ёстойХөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн QR кодын зөвшөөрлийг хэрхэн авах вэ?
Эдийн засагч Н.Энхбаяр: Ирэх оны 7-8 дугаар сард эхний ээлжийн вакцины нийлүүлэлт хийгдэх боломжтой байна

Улс даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор дотоодын эдийн засаг унаж, валютын ханш өсөх вий гэсэн болгоомжлол байна. Ковид 19 цар тахлын дотооддын тархалт нэмэгдсээр байвал эдийн засагт ямар нөлөөтэй вэ зэрэг цаг үеийн асуудлаар ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯРТАЙ ярилцлаа.

- Өнгөрсөн 10 сарын хугацаанд бэлэн байдлын зэрэгт байж хил хаалттай байлаа. Энэ нөхцөл байдал Монгол Улсын эдийн засаг, бизнесийн ямар салбарт илүүтэй нөлөөлж байна вэ?

Өнгөрсөн оны намар 2020 оны төсвийн төслийг хэлэлцүүлэх үед энэ оны эдийн засгийн өсөлтийг 6,0 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байсан. Гэтэл ковидын тархалт, эрсдэлийн улмаас дэлхий нийтээр хөл хорио тогтоож, аялал жуулчлал, худалдааны үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээ авчнаар дэлхийн болон бүхий улс орнуудын эдийн засагт ихээхэн алдагдал хохирч байна. ОУВС, Дэлхийн банк, ЭЗХАБ зэрэг байгууллагууд 2020 онд дэлхийн эдийн засаг 3,0 -4,0 хүртэл хувиар саарна гэж төсөөлсөн. Энэ оны 3-р улирлын байдлаар манай улсын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 7,3 хувиар буураад байна. Одоогоор зөвхөн хөдөө аж ахуй, харилцаа холбооны салбарт л бага зэргийн өсөлттэй хэвээр байна. Гадаад худалдаа, эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас оны эхэнд төлөвлөж байсан төсвийн орлого ихээхэн хэмжээгээр тасалдаж 10-р сарын байдлаар улсын төсөвт 7,5 их наяд төгрөгийн орлого төвлөрч байна. Төсвийн алдагдал 3,2 их наяд төгрөгт хүрсэн. Халдварын тархалтын эрсдэл, хөл хорио тогтоосны улмаас олон мянган бизнес эрхлэгчдийн орлого алдагдах, зээлийн өрийн дарамтад орох, улмаар дампуурах эрсдэлд ойртож байна.

- Манай улсын дотоодын халдвар нэмэгдэж, улмаар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоолоо. 12-р сарын 1 хүртэл гэдэг нь богино хугацаа юм шиг боловч энэ хөл хорио нь иргэдийн орлого зарлагад ямар нөлөө үзүүлэх вэ?

Халдварын тархалтын эрсдэл үүссэн үед өнгөрсөн хавар хөл хорио тогтоох арга хэмжээг авсан. Өнгөрсөн зуны улиралд аялал жуулчлалын бизнес хаалттай байсны улмаас аялал жуулчлал, зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчид ихээхэн алдагдал хүлээсэн. ҮСХ-оос саяхан гаргасан статистик мэдээллээс үзвэл оны эхний 9 сарын байдлаар нийт зочид буудлын салбарын орлого өмнөх оны мөн үеийнхээс 106,0 тэрбум төгрөгөөр буюу 50,0 орчим хувиар, нийтийн хоолны салбарын орлого 30,0 орчим тэрбум төгрөгөөр буюу 8,1 хувиар, жижиглэн худалдааны салбарын орлого 1,1 их наяд төгрөг буюу 10,8 хувиар тус тус буураад байна.

 

 

Ийнхүү орлого нь ихээхэн буурсан салбар, бизнес эрхлэгчид удахгүй орон тоогоо цомхотгох, зээлийн өр төлбөрөө төлж чадахгүйд хүрч, улмаар банкны салбарын хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэнэ гэсэн үг.

Хөл хорио тогтоох арга хэмжээ 14 хоногоор дуусч халдварын тархалтыг хязгаарлаж чадвал багагүй амжилт бөгөөд хэрэв энэ хугацаанд халдварын тархалтыг бүрэн хяналтдаа оруулж чадахгүй бол мөн хойд хөрш ОХУ-д үүсээд байгаа халдварын тархалт удаан үргэлжилсэн нөхцөлд Монгол улсад ирэх өвөл, хавар хөл хориог дахин хэсэгчлэн тогтоох ч шаардлага үүсч болзошгүй гэдгийг төр засгийн  байгууллагууд, бизнес эрхлэгчид тооцоолон эрсдэлд бэлэн байх шаардлагатай.

- Нэг жижиг дунд бизнес дампуурахад түүнд ажилладаг иргэд цалингүй болно. Үүнийг дагаад нэг гэр бүлийн 3-4 хүн орлогогүй болно. Тэгэхээр ЖДҮ эрхлэгчид ажлаа хийх хүсэлтэй байгаад байна. Үүнийг зохицуулах боломж байна уу?

Хэрэв халдварын тархалтыг дотооддоо алдаагүй байсан бол, эсвэл халдварын тархалтын эрсдэлд урьдчилсан бэлтгэл сайтай байсан бол жижиг, дунд бизнес эрхлэгчдэд харьцангуй хохирол багатай даван туулах боломж байсан болов уу.  Гэвч халдварын тархалтыг дотооддоо алдаагүй гэсэн бардамнал, тайвширсан байдал, мэргэжлийн байгууллагуудын алдаатай стратегийн улмаас улс орны эдийн засаг, бизнес бүхэлдээ гацах, саарах эрсдэлтэй тулгараад байна. Нэгэнт ийм нөхцөлд хүрсэн тул халдварын тархалтыг аль болох богино хугацаанд хязгаарлан зогсоох арга хэмжээ авахаас нааш аливаа бизнесийг дэмжих, дэмжлэг үзүүлэх боломж хомс юм.

Одоо төр засгийн зүгээс 3 үндсэн төлөвлөгөөг боловсруулж ажиллах ёстой. Үүнд:

Нэгд, Халдварын тархалтын эрсдэлийг ойрын 3 сарын хугацаанд хэрхэн даван туулах вэ, шинээр тулгарах эрсдэлд бэлэн байх төлөвлөгөө,

Хоёрт, Тулгарсан эрсдэлийн улмаас гадаад худалдаа хумигдаж, төсвийн орлого тасалдсан нөхцөлд улс орны хэвийн амьдралыг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэсэн төлөвлөгөө,

Гуравт,  Халдварын тархалтын нөхцөлд улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг аль болох эрсдэл багатай байдлаар хэрхэн дасан зохицуулах вэ гэсэн стратеги төлөвлөгөөг боловсруулж, эдгээрийг хэрэгжүүлэх ажлыг маш сайн удирдлага, менежментийн дор хэрэгжүүлэх шаардлагатай.

- Та өөрийн цахим хуудсыг ашиглаж цар тахалтай холбоотой олон улсын мэдээллийг түгээдэг. Хамгийн боломжтой хувилбар ярьж байгаа вакцин ямар улсынх байна вэ? Хэзээнээс үйлдвэрлэл эхлэх боломжтой гэж мэдээлж байгаа юм бол?

Одоогийн байдлаар АНУ-ын Модерна, Пфайзер, Герман улсын БиоН теч компаниудын бүтээж буй вакцины 3 дугаар шатны туршилтын эхний үр дүн нааштай гарч байна. Үүний зэрэгцээ ОХУ, БНХАУ-д бүтээж байгаа хэд хэдэн нэр төрлийн вакцин мөн 3-р шатны туршилтад орсон боловч туршилтын үр дүн хараахан эцэслэгдээгүй байна.

Модерна компанийн бүтээж буй вакцины дархлаа тогтоох чадвар 94,5 хувьтай гэж мэдэгдсэнээс гадна уг вакцины хадгалалтын нөхцөл нь бусад улс орнуудад мөрдөхөд түвэгтэй бус, вакциныг хөргөгчид 30 хүртэл хоногийн хугацаанд хадгалах боломжтой байгаа нь ихээхэн нааштйа мэдээлэл юм.

Одоо дээрх вакцинуудын 3-р шатны туршилт албан ёсоор өндөрлөж, эцсийн тайлангаа гаргах, эрх бүхий байгууллагад вакцинийг бүртгүүлж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвшөөрлийг авах, олноор үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн вакциныг улс орнуудад тээвэрлэн хүргэх, төлбөр тооцоог хийх гэх мэт олон шат дамжлагатай, цаг хугацаа, хүч хөрөнгө шаардсан ажлууд хүлээгдэж байна.

Өндөр хөгжилтэй зарим улс орнуудын мэдэгдэж буйгаас үзвэл АНУ, Герман, Их Британи, Франц зэрэг улс орнууд 2021 оны 4-6-р саруудад вакцинжуулалтыг хийж эхэлнэ гэж мэдэгдэж байна. Харин вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч улс орнуудад вакцинжуулалт хэд хэдэн үе шатаар, нилээд хэдэн сарын хугацаанд үргэлжлэн хийгдэх төлөвтэй байна.

- Манай улс хүн амын 60 хувийг вакцинжуулна гэж төлөвлөж улмаар Дэлхийн банкнаас 50.6 сая ам.долларын зээлийг авах хүсэлтээ өгсөн гэж Сангийн сайд мэдээлсэн. Заавал дахин зээл авах шаардлага байгаа юу? Манай улс хэдийгээр вакцинийг хүлээн авч, вакцинжуулалтыг эхлэх боломжтой вэ?

Хөгжиж буй улс орнуудын хувьд ирэх оны 7-8-р сарын орчмоос л эхний ээлжийн вакцины нийлүүлэлт хийгдэх боломжтой болно гэж судлаачид үзэж байна. Иймд манай улсын хувьд эхний ээлжинд халдварын эрсдэл өндөртэй, онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдлын, УМХГ, Хил хамгаалах байгууллагын ажилтнуудыг эхний ээлжинд вакцинжуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нийт иргэдийн хувьд вакцинжуулалт түүнээс хойш хэдэн сарын туршид үе шаттай хийгдэх боломжтой. Иймээс халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг ирэх оны 10-11-р сарыг хүртэл төлөвлөн авч хэрэгжүүлэх шаардлагатай болно.

- Зарим улс орнууд хөл хорио тогтоогоод иргэддээ халамжийн мөнгө өгч байна. Иргэд ч гэсэн цахимаар бэлэн мөнгөөр тэтгэмж авах хүсэлттэй байгаа илэрхийлж байна. Тэтгэмж өгөх боломж манай улсад бий юу? Хэрэв өгвөл ямар сөрөг нөлөө байна?

Монгол улсын хувьд өнгөрсөн хавар УИХ-ын ээлжит бус чуулганаар цар тахалын эсрэг Засгийн газраас авах арга хэмжээний талаар хууль, холбогдох шийдвэрийг батлан гаргаж хэрэгжүүлсэн. Иргэдэд болон хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг өнгөрсөн 4-р сараас хойш авч хэрэгжүүлэхэд улсын төсвөөс энэ жил багагүй хэмжээний эх үүсвэрийг зарцуулсан. Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 7-р сарын 1-ний өдрийг хүртэл олгохоор тооцож тусгасан. Эдийн засаг энэ жил -4,0-5,0 хувийн бууралттай гарах, ирэх оны эхний хагас жилд ч эдийн засаг, гадаад худалдаа буурах эрсдэлтэй байгаа тул ирэх оны батлагдсан төсөвт тодотгол хийж, төлөвлөсөн орлогыг дахин тооцоолох, төсвийн зарлагыг ач холбогдлын хувьд дахин нягтлан үзэж эрэмбэлэх, зарим төлөвлөсөн зарлагыг хойшлуулах шаардлагатай.

Ийнхүү ирэх оны улсын төвийн орлого ч ихээхэн хэмжээгээр тасалдах, буурах эрсдэлтэй байгаа, гадаад өрийн дарамт ч их байгаа нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжид олгох тэтгэмж, нөхөн олговор, хөнгөлөлтийг олон сарын туршид олгох хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай байх нь тодорхой байна. Иймээс шинээр олгох тэтгэмж, нөхөн олговрыг илүү оновчтой тодорхойлсон, нийгмийн эмзэг бүлэгт чиглүүлэн олгох шаардлагатай.

- Ерөнхийлөгч өрх бүрт 1 сая төгрөг 200 мянгыг нь бэлнээр үлдсэн 800 мянгыг нь ваучер хэлбэрээр өгөх санал сая гаргалаа. УИХ-ын дарга зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг өгч байна. Энэхүү шийдвэрийг  хэрэгжүүлбэл манай эдийн засаг, улсын төсөв даах уу?

Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс айл өрх, иргэд, жижиг дунд бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих талаар гаргасан санаачлагууд зарчмын хувьд авч хэрэгжүүлэх ёстой  зөв зүйтэй арга хэмжээнүүд мөн.

Харин Засгийн газарт дээрх саналыг албан бичгээр хүргэхдээ зарим нэг алдаа, дутагдалтай байдлаар хүргэчих шиг боллоо л гэж үзэж байна. Учир нь:

  • “Өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх нь зүйтэй” гээд аливаа нарийн тоо мэдээлэл дурьдахгүйгээр саналаа хүргэж болох байлаа,
  • Өрх гэр бүлд олгох тэтгэмжийг хэзээ, ямар хугацаанд, ямар хэмжээгээр олгох вэ гэдгийг Сангийн яам, Монголбанк зэрэг хуулиар үүрэг хүлээсэн мэргэжлийн байгууллагууд тооцон гаргах учиртай,
  • Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн зүгээс “Засгийн газарт тодорхой асуудлаар чиглэл өгч болно” гэж заасныг анхаарах хэрэгтэй болов уу.

Өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдааны дараа хэвлэл мэдээллийн байгууллагынханд өгсөн мэдээллийн явцад Ерөнхийлөгчийн гаргасан өрх гэр бүлд олгох мөнгөн тэтгэмжээс бусад 5 саналтай Засгийн газар санал нийлж байгаа гэдгээ мэдэгдсэн. 

Энэ оны эдийн засгийн нөхцөл байдал, ирэх оны төсөвт учирч буй эрсдэл, гадаад өрийн тулгарч буй дарамт зэрэг олон нөхцөл байдлыг тооцон үзэж байж, улсын төсвөөс иргэд, аж ахуйн нэгжид ямар хэмжээний дэмжлэгийг, ямар цаг хугацаанд өгөх боломжтой вэ гэдгийг нарийвчлан тооцож, хэрэгжих боломжтой шийдвэрийг гаргах ёстой.

- Улсын хил гааль хаалттай үед манай улс гол түүхий эд гаралт хумигдах нь. Зэс, нүүрсний дэлхий эдийн засгийн төлөв байдал, манайд ямар боломж, боломж эрдсэл бас авах арга хэмжээ юу байвал зохих вэ?

Олон улсын түвшинд гадаад зах зээл, түүхий эдийн үнэд эерэг ба сөрөг нөлөөлөл үзүүлж болох дараахь үндсэн хүчин зүйлс байна. Үүнд:

  • Шинээр сонгогдсон АНУ-ын Ерөнхийлөгчийн цаашид баримтлах бодлого, АНУ-БНХАУ-ын хоорондын харилцааны асуудал,
  • БНХАУ-ын 14 дүгээр 5 жилийн төлөвлөгөө ирэх оны 3-р сард батлагдан гарч хэрэгжиж эхэлнэ,
  • БНХАУ-Австрали улсын хооронд үүсээд байгаа улс төр ба худалдааны маргаантай асуудлууд,
  • Нэгэнт дэлхий нийтийг хамраад байгаа коивдын тархалтын цаашдын төлөв хандлага,
  • Одоо туршилтын шатанд байгаа ковидын вакцинууд хэзээ үйлдвэрлэлд шилжих, ирэх жилд хэдийн хэмжээний вакцин үйлдвэрлэх боломжтой вэ гэсэн асуулт,
  • Ковидын эрсдэл болон бусад хүчин зүйлээс хамаарч дэлхий нийтийн худалдаа, эдийн засаг хэзээ эргэн сэргэх вэ гэсэн хэд хэдэн томоохон хүчин зүйл нөлөөлнө.

Үүний зэрэгцээ манай улсын хувьд гадаад худалдааны 80 гаруй хувийг эзэлж, экспортын 90 хувийг худалдан авч байгаа БНХАУ-ын эдийн засгийн сэргэлтийн хурдац, гадаад худалдааны талаар баримтлах бодлого, тус улсын коксжих нүүрс, төмрийн хүдрийн эрэлт хэрэгцээний төлөв байдал нь манай улсын экспорт, улсын төсвийн бүрдэлтэд шууд нөлөө үзүүлнэ.

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын гаргаж буй судалгаа таамаглал, халдварын тархалтын талаар судалгааны байгууллагуудын гаргаж буй таамаглал зэргээс үзвэл ирэх 2021 оны эхний хагас жилд гадаад худалдаа, эдийн засагт таагүй нөлөөлөл үзүүлсээр байх төлөвтэй.

Харин улс орнуудад халдварын тархалт намжиж, вакцинжуулалт эхэлсэн нөхцөлд, мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сэргэсэн нөхцөлд 2021 оны 3-4-р улиралд түүхий эдийн үнэ ханш аажмаар өсөх, манай гадаад худалдаа нэмэгдэх хандлага ажиглагдах болов уу гэж үзэж байна.

Гэхдээ улсын төсвийг хэлэлцэх явцад Монголбанк, Сангийн яамны танилцуулсан 2021 оны эдийн засгийн өсөлт 6-7 хувьд хүрнэ гэсэн таамаглал биелэгдэх боломжгүй болсон, ирэх оны эдийн засгийн өсөлт 3-5 хувийн хооронд хүрэх магадлал илүү өндөр болж байна.

- Ярилцсанд баярлалаа. 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.