Уншиж байна...
Д.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭС.АМАРСАЙХАН: БААР, ЦЭНГЭЭНИЙ ГАЗРУУДЫГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХААНА
ӨСВӨР НАСНЫ ХӨВГҮҮД СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОЖ БАЙНА

Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр шувтарлаа. Коронавирусын нөлөөгөөр үйл ажиллагаагаа хаалгаад байсан ресторан, паб, караокенууд үйл ажиллагаагаа шөнийн 12:00 цаг хүртэл хэвийн үргэлжлүүлсээр хэдэн долоо хоног болов. Залуусын зарим нь хэдэн сар хөл хориотой өдрүүдэд дуу хуураа ихээхэн санасан бололтой, энэ тэнд дараалал үүсгэх нь хэвийн үзэгдэл болжээ. Хотын гудамжаар шөнийн 12 цаг болсон ч хөл хөдөлгөөн тасарсангүй. Замын хөдөлгөөний ачаалал өмнөх өдрүүдийг бодвол амралтын өдөр эхлэх үеэр их ачаалласан байна. Тээврийн цагдаагийн албанаас нийт жолооч, зорчигч нарт зам тээврийн осол, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хангалттай хүргэж байгаа ч зам тээврийн осол зөрчлийн тоо буурахгүй л байгаа юм. Тиймээс баасан гарагаас шилжих шөнө ТЦА-наас замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын дунд гэнэтийн шалгалт хийсэн юм. Өнөөх хөнөөлт архитай холбоотой дуудлага мэдээлэл тасарсангүй. Сонгинохайрхан дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт гэнэтийн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг шил шилээ даран замын цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүллээ.

Нэмж уух архиндаа биш, маргааш төлөх мөнгөндөө санаа зовох нь дээрсэн

“Би өмнөөс нь хариуцлага хүлээчихье. Би барьчих гээд бариулчихсан юм” хэмээн хар сээтгэн малгайгаа хажуудуулан тавьчихсан, бариу жинсэн өмдтэй халамцуухан залуу цагдаагийн араас элдвийг тоочин гэлдэрнэ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна, хяналт шалгалт хийхээр дохьсон алба хаагчаас зугатаж мухар гудамжинд ороод баригдсан нь удалгүй тодорхой болов. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдлөгөөнд оролцож байгаад зохих журмын дагуу цагдаагийн алба хаагчид шалгуулахаас зайлсхийж, зугатаах тохиолдол нилээд гардаг гэдгийг СХД-ийн ЗЦХ-ийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Г.Далайжаргал хэлж байна. Тэрээр Зөрчлийн тухай хуулийн 17.7.3.2-т зааснаар “Жолооч согтууруулах ундаа, мансуурах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн тохиолдолд 400 нэгжээр торгох, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь жилийн хугацаанд хязгаарладаг” гэдгийг өсвөр насны хөвгүүдэд учирлав. Мөн ямар нэгэн байдлаар цагдаагийн алба хаагчаас зугатаах оролдлого дахин хэзээ ч хийж болохгүй гэдгийг хатуу сануулсан юм. Учир нь иргэд цагдаагаас зугатаах үедээ хурд хэтрүүлэх, осол аваар гаргах өндөр эрсдэлд ордог байна. Тээрвийн хэрэгсэл жолоодсон Г нь 20 настай аж. Тэрээр хоёр лааз пиво уугаад тээврийн хэрэгсэл жолоодсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүний хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдэж байгаа ч ойрхон газар гайгүй байх гэж бодоод замын хөдөлгөөнд оролцсоноо учирлав. Ойролцоогоор 5-6 километр газар тээврийн хэрэгслээ жолоодсон гэв. Харин түүнтэй хамт зорчиж явсан найзууд болох Х, Д нар нь 22-25 настай хэмээн хэлсэн юм. Найзыгаа шалгуулах хооронд залуус “Ёстой азгүй өдөр байна даа. Бараг гэрлүүгээ орохын өмнө цагдаад баригдчихдаг байна шүү” хэмээн халаглав. Үнэндээ тэд өнөөдөр азгүй биш хамгийн азтай хүмүүс ч байж болох. Хэрэв ямар нэгэн байдлаар зам тээврийн осол гаргаж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол яах вэ. Тэр бүх аюулаас цагдаагийн алба хаагчид тэднийг аварсан гэдгийг одоо ойлгох сөхөө тэдэнд байхгүй ч маргааш ойлгох ухаан ирнэ гэдэгт итгэнэ. “Одоо нэгэнт өнгөрсөн харин дэлгүүр хаахаас өмнө нэмж жаахан юм аваад уух уу” хэмээн тээврийн хэрэгсэлээ журмын хашаа руу ачуулсан, жолоодох эрхээ нэг жилээр хасуулах нь тодорхой болсон, дээрээс нь Зөрчлийн хуулийн дагуу 400 мянган төгрөгийн торгууль төлөхөөр болсон өнөөх хөвгүүний найзууд баатрын дүртэй таахалзана. Үнэндээ өмдөө ч олигтойхон татаад өмсчих чадалгүй өсвөр насны хөвгүүд дарвиж, даварч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргачихаад гэм буруугаа ойлгоод дуугүй байхын оронд хэгжүүн зан гаргаад, томоос том ярихыг нь сонсоод “Миний ч юм болоосой. Үсэртэл нь хоёр алгадахсан” хэмээн бодогдов. Үнэндээ алаг тэрэг, алба хаагчид амьдрал авардаг юм шүү, залуусаа. Нэмж уух архиндаа санаа зовох биш, маргааш төлөх мөнгөндөө санаа зовох нь дээрсэн дээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11553 зөрчлийг илрүүлсэн байна

Коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс замын цагдаагийн алба хаагчид хэсэгчлэн зам хааж жолооч нарыг нэг бүрчлэн үлээлгэн шалгадаг байснаа больсон. Харин үүнийг иргэд ойлгохдоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед цагдаа нар үлээлгэхгүй байгаа учраас амархан баригдахгүй хэмээн эндүү ойлгох нь цөөнгүй. Харин ТЦА-наас өгч байгаа мэдээллээр коронавирусын халдвараас сэргийлэх зорилгоор зам хааж шалгахгүй байгаа ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хэрэг зөрчлийг илрүүлэх аргаа улам нарийсгасан гэдгийг хэлж байсан юм. Тухайлбал, энэ оны эхний долдугаар сарын байдлаар улсын хэмжээнд ТЦА-ныхан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11553 зөрчлийг илрүүлсэн байна. Эдгээр зөрчлийн 501 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ. Мөн дээр дурьдсан зөрчлөөс 3008 иргэнийг 7-30 хоногийн баривчилгаанд явуулсан гэсэн мэдээллийг өгсөн юм. Манай улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй нэг сая гаруй хүн байдаг гэсэн судалгаа бий. Нийт жолоочийн 10 гаруй мянга нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гэдэг даанч өндөр тоо юм. Тиймээс коронавирусын тархалтаас улбаалж, драгер багажаар үлээлгэхгүй байгаа хэмээн ойлгох нь буруу гэдгийг анхаараарай эрхэм жолооч нар аа. Жолооч нарын согтуурлын зэргийг тогтоохдоо БНГУ-д үйлдвэрлэсэн драгер багажийг замын цагдаагийн алба хаагчид хэрэглэж байгаа бөгөөд тус багаж нь нэг удаа хэрэглэх урт болон богино хушуутай аж. Тус багажаар үлээлгэх шаардлагатай жолооч өөрийн биеэр багажны хошууг задлан үлээх, лацыг нь шалгах бүрэн боломжтой юм байна. Энэ мэдээллийг батлах, өөрийн биеэр үлгэрлэн харуулах дараагийн өсвөр насны хүү ирлээ. Эрээн алаг шорт, подволктой залуу хүү нэг удаагийн хошууг гялгар уутнаас нь салгаад драгер багажинд хийлээ. Цагдаагийн алба хаагчийн зөвлөснөөр таван секунд орчим тус хошуу руугаа багаж дуугарах хүртэл тасралтгүй үлээх аж. Багаж дуугарч хэсэг хүлээхийг сануулав. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх эргэлзээг эцэслэх эцсийн мөч ирэхэд багажны дэлгэцэнд 0.54 гэсэн тоо гарлаа. Өөрөөр хэлбэл, хорин настай хүү согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь ийнхүү батлагдлаа. Хорьж болохгүй хорин настанууд шил шилээ дараад хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой боллоо.

Цагдаагийн алба хаагчдийг үг хэлээр доромжлохоос гадна биед нь халдах тохиолдол ч цөөнгүй

Зөрчил гаргасан этгээдүүдийг дагалдан яваа хүмүүс хаа газар цагдаагийн алба хаагчийн ажилд төвөг саад учруулдаг нь анзаарагдав. СХД-ийн Толгойтын эцэст шөнийн 01:30 минутад мөн л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гурван иргэнийг саатуулсан байв. Приус-30 маркийн автомашинд зорчиж авсан 30 гаруй насны эрэгтэй цээж нүцгэн зам хөндлөн гулд туучин цагдаагийн алба хаагчдын араас далан булчирхайгаа тоочин дагана. “Та цаанаа очоод байж байхгүй юу” гэх алба хаагчийн шаардлагыг тоож байгаа ч юм алга. Арга барахдаа “Аятайхан байхгүй бол эрүүлжүүлнэ шүү” хэмээн зандарсан ч түүнд нөлөөлсөнгүй. Аз болж, түүний эхнэр бололтой нэгэн бүсгүй ирж түүнийг гулдчин чирээд одов. Энэ хавийнхан нүцгэлэх даллага авсан бололтой. Ямар ч дугаар номергүй, тээврийн хэрэгсэлийн цонхнууд нь шилгүй, урд талын гупер ч байхгүй, микро унаж яваад цагдаагийн алба хаагчдад шалгуулаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон 30 орчим насны залуу хаа нэгтээ гутлаа гэсэн бололтой. Хөл нүцгэн л таваргаж явна. Тэд цагдаагийн алба хаагчдыг хараад л буруу зүйл хийснээ ойлгож, энэ хорвоогийн хамгийн хэцүү бэрх амьдралыг туулж яваа хүн болоод хувирчихдаг нь сонин. Үнэндээ тэдэнд согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх сонголт байсан.

Харин тэд өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулах, эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацаагаараа хохирох эрсдлийг үүрсэн сонголт хийсэн нь харамсалтай. Харин ч төсөөлөх боломжгүй эрсдлээс хамгаалагдсандаа баярламаар. Учирч болох эрсдлээс өөрийнх нь амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг нь авран хамгаалсан цагдаагийн алба хаагчид хэсэг хугацаааны дараа тэдний үзэн яддаг хүн болж хувирна. “Миний зовлонг ойлгосонгүй, уучилж өршөөгөөд намайг явуулсангүй, тээврийн хэрэгслийг минь журмын хашаа руу явуулчихлаа. Эр хүн байж эр хүнээ ойлгосонгүй” гээд л уусан зүйлийнхээ аагинд асч өгнө. Үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчдыг үг хэлээр доромжлохоос гадна биед нь халдах тохиолдол ч цөөнгүй. Гэсэн ч тэд эрдэнэт хүний алтан амийг авран хамгаалах, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлаа 24 цагийн турш тасралтгүй үргэлжлүүлсээр л байна. Энэ оны эхний долоон сарын байдлаар 240 Монгол Улсын иргэн авто замын ослоор тэнгэрт дэвшсэн харамсалтай мэдээ байна. Дайн дажингүй, энх тунх амар амгалан монгол оронд шүү дээ. Жолооч бид бүхэн эрхээ мэддэг шиг үүргээ ухамсарлаж согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддоггүй, хурд хэтрүүлдэггүй, дүрмээ ягштал биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой ухамсартай оролцдог бол учрах аюул холуур өнгөрөх нь тодорхой биз ээ. Тухайн өдөр ТЦА-д иргэдээс 234 дуудлага мэдээлэл ирсэн бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчлийг гэнэтийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ нь энгийн өдрүүдээс хоёр дахин илүү зөрчил шалгалтаар илэрсэн гэсэн үг юм. Мөн ослын улмаас зургаан хүн гэмтсэн байна. Азаар хүний амь нас эрсдсэн харамсалтай тохиолдол гараагүй өнгөрсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.