Уншиж байна...
НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлжээЖ.Болдбаатар: Хуулийн уламжлалыг хадгалж, сайн үзэл баримтлалыг шинэчлэн, хуульд тусгах нь эрх зүйн хөгжлийн зүй тогтол юмГурав дахь тунд хамрагдсанаар нас баралт болон хүндээр өвчлөх эрсдэл буурнаУлаанбаатар театрын дүрмийн төслийг танилцууллааГазар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ гэрээсээ хэвлэх боломжтойЧ:Уранхолбоо: 2 настай охины онгон хальс нь урагдсан гэсэн дүгнэлт гарсан боловч хэргийг хаасанЯвган хүний замыг хааж хашаа татсан барилгын компанид шаардах хуудас хүргүүллээШууд: НЦУГ-ын Мөрдөн шалгах газраас онц ноцтой гэмт хэргүүдийн талаар мэдээлэл хийж байнаЛ.Энх-Амгалан: Багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр тодорхойлноЭМЯ: ЕБС-ийн сурагчдыг сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгт хамруулнаА.Ариунзаяа: Хүүхдийн фондын мөнгийг "Хүүхдийн төлөө сан"-гийн дансанд албан ёсоор хүлээж ав12 настай Монгол хүү шатрын насанд хүрэгчдийн ДАШТ-аас мөнгөн медаль хүртжээӨрхийн эмнэлгүүдэд 45 жолооч сайн дураараа ажиллажээС.Энхболд: Сайн ажилтангууд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байнаШүүгчийн сургалтад технологийн шийдлийг ашиглах асуудлаар Азийн сангийн төлөөлөлтэй уулзав
Монголын шүүх чонын зуултаас мултарч барын аманд орлоо!

Орчин цагийн Монголын шүүх байгууллага нь “Ерөнхийлөгчийн шүүх”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүх”, “УИХ-ын буюу эрх баригч намын шүүх” гэсэн үе шаттайгаар хувьсаж байна. Үе үеийн шүүхийг эрхшээгч нар нь өөрсдийн сүр хүчийг мэдрүүлэх зорилгоор шүүгчдийг “бөөнөөр нь цовдолж” үзүүлэхээ хэзээ ч мартаж байгаагүй.

Дээр үеийн ямар кинон дээр билээ, хар гамингийн дарлалаас мулталсан ч үргэлжлүүлэн цамнаж буй Бароныг харсан цэрэг эр “Монгол улс чонын амнаас гарч, барын аманд орлоо” гэж буй хэсэг гардаг. Энэ нь өнөөгийн Монголын шүүхтэй олон талаараа ижил төстэй.

I. Шүүхийг эрхшээгчид

Орчин цагийн Монголын шүүх байгууллага нь “Ерөнхийлөгчийн шүүх”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүх”, “УИХ-ын буюу эрх баригч намын шүүх” гэсэн үе шаттайгаар хувьсаж байна. Үе үеийн шүүхийг эрхшээгч нар нь өөрсдийн сүр хүчийг мэдрүүлэх зорилгоор шүүгчдийг “бөөнөөр нь цовдолж” үзүүлэхээ хэзээ ч мартаж байгаагүй. 

Ерөнхийлөгч шүүхийг эрхшээх үедээ бүх шүүгчийг хуульд нийцүүлэн чөлөөлөөд, харин буцаан томилохдоо 13 шүүгчийг нь “ор тас мартсан”. Одоо гудамжинд яваа тэднийг дурсахаа ч больжээ. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Үндсэн хуулийн бус аргаар 17 шүүгчийг түдгэлзүүлэн эрүүгийн хэрэгт шалгасан. Зарим нь тоо гүйцээж хоморгонд өртсөн атлаа одоо хэрхэхээ мэдэхгүй мөн л “гадаа” яваа. 

Өнөөдөр эрх баригч нам маань Шүүхийн тухай хуулиар 28 шүүгчийг хугацаанаас нь өмнө хувь хүний хүсэл зоригийнх нь эсрэг “хүчээр тэтгэвэрт гаргах” гэж байна. Одоо эхлэх биз.

Энэ бол Монголын 500 шүүгчдийн 10 гаруй хувь нь сүүлийн хэдхэн жилд улс төрийн хүчирхийллийн улмаас наанадаж ажил, амьдралгүй цаашлаад гэмт хэрэгтэн болж эрүүгийн хэрэгт шалгагдсан бодит тоо. Бөөн тоо учраас уншигч танд анзаарагдана, цаана нь ганц нэгээр яаж тоншсоныг чөтгөр бүү мэд. 

Үндсэн хуулиас эхлээд цаасан дээр шүүхийг хараат бус гэж тунхаглах атлаа яагаад ч юм амьдрал дээр эсрэгээр улс төрийн харьяат болгодог нь хоржоонтой. 

Улс төрчид шүүхийг эрхшээх үедээ өөрийн хүрээлэгсдийг ял завшуулж, өрсөлдөгчөө хилс хэрэгт яллах болон хүний хөрөнгийг хууль бусаар хураан авах ажилдаа шүүхийг нохойд барих мод болгон ашиглаад хожим бүх буруугаа шүүх рүү чихээд зугтдаг жишигтэй болоод уджээ. 

Хэзээ хүний эрхийн баталгаа болсон хараат бус бие даасан, гагцхүү хуульд захирагддаг шүүхтэй болохыг бүү мэд., Лав мөддөө нар үзэхгүй нь бололтой. 

II. Шүүхийн амин сүнс хаана байна вэ?

Шүүх нь өөрийн амин сүнс болсон хууль гэсэн ганц даргатай, тэр ч утгаараа шүүгчийг ярьдаг хууль гэж дэлхий нийтээр нэрлэдэг. Харин далд гарын “жинхэнэ дарга” эрхшээгээд эхлэхээр шүүгч хуулиасаа урваж, хуулийн талаар худлаа ярьж эхэлдэг. Төлөөсийг нь иргэд үүрдэг. 

Тун удахгүй манай шүүхийн амин сүнс нь хууль биш эрх баригч нам болох бололтой. Юун түрүүнд шүүхийн туршлагатай цөм манлай хэсгийг хүчээр тэтгэвэрт гарган хөөж явуулаад үлдэх хэсгийн шүүсийг шахаж чих зөөлөн болгох шат дараатай ажиллагаа явагдах юм байна. Тэгээд ч Шүүхийн хууль нь “шүүгчийг хэрхэн шүүх вэ?” гэж уншигдаад байна. 

Эрх баригчид маань Монголын шүүхийг Шүүхийн ерөнхий зөвлөл нэртэй хазаараар залж, Шүүхийн сахилгын хороо нэртэй ташуураар далайлгах замаар зайдагналаа. Хэн шүүгч болох, хэнийг шүүгчээс хасахыг эрх баригчид шийднэ гэсэн үг. Шүүхийн орох, гарах хаалган дээр парламент нь тэгнээд хэвтсэнийг бүгд харж байна. Эрх баригчид таалагдахгүй бол шүүгчид нэр дэвшигчийг бөөнөөр боорлож, хардаж сэрдэн эцэст нь картаа сугалаад зугтахыг бүгдээрээ харлаа. Мэргэжлийн олон шалгуурыг давж, салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй өрсөлдөн гарч ирчихээд парламентын босгон дээрээс “өмнө ажилласан байгууллагаараа тавлуулж, улс даяар шоглуулж нүүрэндээ хөө түрхүүлээд буцах”-ыг хэн хүсэхэв. Монголын шүүх орцон дээрээ манаачтай байна. Удахгүй таалагдахгүй шүүгчдийг парламентын давуу оролцоотой Шүүхийн сахилгын хороо хасч эхлэх юм байна. Шүүх нэгэнт гэрлэгсдийг бүртгэх хуримын ордны үйлчилгээ үзүүлдэггүй, харин ч эсрэгээр хэрэг маргаан шийдвэрлэх халгамаар үйлчилгээ үзүүлдэг тул шүүхээр үйлчлүүлэгчдийн багадаа нэг тал нь заримдаа бүр бүгд гомддог онцлогтой. Шүүхэд гомдогсдын гомдлыг тайлах нэрээр эрх баригчдын үгэнд ордоггүй шүүгчийг хөөж явуулах таатай орчин бүрджээ. 

Эрхэм уншигч та парламентын давуу оролцоотой Шүүхийн сахилгын хороог үнэхээр хараат бус байна гэж бодож байна уу, тэгвэл олон нийтэд үйлчлэх үүрэгтэй Монголын үндэсний телевиз эрх баригчдаас хараат бус байдаг уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Онц ялгаа байхгүй. Парламент маань Сахилгын хорооны гишүүдийг хоол ходоодоор нь барихаас эхлээд буцаан дуудаж, солих онцгой эрхтэй. 

Уул нь бид улс төрчдийн эрхшээдэг шүүх хэрхэн хүний эрх, эрх чөлөөг хөсөрдүүлж, хуулиасаа урваж, шударга ёс руу нулимахыг хангалттай мэдэрсэн. Төлөөсөнд нь улс төрийн хоригдолтой болж, олон ч гэмгүй иргэд хэлмэгдэн шоронд орж, тэдний гэр бүл, үр хүүхэд нь шар махтайгаа хатаж байгаа нь нүдэн дээр илхэн байна. Шүүхийн тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн нэгэн эрхэм манай намд одоогоор дарангуйлагч байхгүй тул санаа зоволтгүй гэв. Удахгүй бүгдээрээ эрх баригч намын дарга маань дарангуйлагч биш сайн хүн байгаасай гэж зальбирах хэрэг гарахнээ. Өөрийн бэлээхэн мэдэлд ирсэн шүүхийг ашиглан өрсөлдөгчөө хялбархан зайлуулах боломжоос татгалздаг гэгээнтнүүд эрх баригч намын даргаар дандаа тодордог бол бас яая гэхэв, гэхдээ юу л бол. Хэн дор эрх мэдэл буй, түүн дор хилэнц буй гэгчээр тогтолцоо нь эргээд хувь хүнээ эвддэг учраас эрх баригч намын дарга нар ирээдүйд дандаа сайн хүн байгаад ч нэмэргүй л болов уу. 

III. Шүүгчид бүгдээрээ муухай юу?

Судалгаагаар шүүхээр үйлчлүүлэгчдийн олонхи нь шүүхэд итгэдэг гэсэн үр дүн гардаг. Муугүй үзүүлэлт. Харин шүүхээр үйлчлүүлээгүй иргэдээс авсан судалгаагаар олонхи нь шүүхийг шударга бус тул итгэдэггүй гэж гардаг. Улс төрчид, тэдний гар хөл, бууны нохойн үүрэгтэй төрийн бусууд, гомдогсод дандаа шүүхийн талаар сөрөг мэдээлэл тарааж явдаг болохоор иргэд үүнд итгэх нь аргагүй. 

Монголын шүүхийн нүүр царайн дээрх батга болох цус холилдож ойртсон, авлигажсан, хонгил үүсгэсэн, ёс зүйгүй цөөн шүүгч байгаа. Тэдний булайг нь ёс мэт бусад нь хамт үүрэлцэж явдаг. Өөрсдийгөө эрээ цээргүй алтан ураг гэж нэрийдсэн шүүх дэх хорт хавдар болсон хонгилын шүүгч нарт хариуцлага тооцож шүүхээс зайлуулах зайлшгүй шаардлага байгаа нь үнэн. 

Үхрийн эвэр доргихын үлгэрээр үнэнч шударгаар ажлаа хийж яваа 90 гаруй хувийн олонх шүүгч нар нь цөөхөн муухайгийнхаа нэрийн өмнөөс системээрээ хараалган амьдарч байна. Шүүгч нь албан ёсоор амаа үдүүлдэг албан тушаалтан тул өөрсдийгөө өмөөрч өмөлзөх эрхгүй. 

IV. Шүүхийн шинэ хуулиар амар сайхандаа жаргах уу?

Шүүхийн шинэ хуулийн тухай амаа цангатал магтуу уншиж, сүүлдээ нялуун үгэнд бялуурах шинжтэй боллоо. Угаасаа их танил дүр зураг. 

Хэдхээн жилийн өмнө нэг ерөнхийлөгч авлигажсан шүүхийг халж ард иргэдээ жаргаана гэж амалж, улс даяараа өнөөдрийнхөөс илүүтэй хөл хөөр болж байв. Хуульчид чуулж алга нижигнүүлэн, мань мэт нь дивтаатаар үг хэлж явлаа. Хожим бодохнээ хонгилын нээлтэнд оролцсон байж билээ. Одооны шинэ хуульд хүчээ өргөж яваа хуульчид бүгдээрээ тэнд байж л байсан. 

Одоо л чухам шүүхийг шинэчилж, шударга ёсыг тогтоон жаргаана гэж нялуурдгаараа бол улс төрийн сонгуультай их төстэй, бас давтамжтай. Гэвч улс төрийн харьяат шүүхтэй байхын зовлонг туучаад үзсэн хуульчид нь эрх биш хэрсүүжсэн биз. Өмнө нь авлигажсан шүүхийг хална гэсэн бол өнөөдөр хонгилыг нураах тухай нэмэгдсэнээрээ л өөр байна. 

Сониноос, Шүүхийн тухай хуулиар нэг байранд айлсан ажилладаг аймаг, сумдын шүүхүүд шийдвэр гаргахдаа ам зөрөхгүй л бол Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж болохоор байна лээ. Холбооны улс шиг 21 аймгийн шүүхийн “вант улс”-тай болж байгаа юм уу даа. Хууль буруу хэрэглэж, хүний эрх зөрчиж, ял завшуулж, хилсээр шийтгэж, хөрөнгө хүчээр хураасан ямар ч муу шийдвэр аймаг, сумынхаа түвшинд нэг шугаман дээр байвал дээд шүүх лав хянах эрх байхгүй. Давхар алдаа гаргасан ч утга ижил бол хяналтгүй. Энэ тохиолдолд дээд шүүхийн хаалга иргэнд хаалттай. 

V. Төгсгсөлийн оронд

Ерөнхийлөгчийг дарангуйлагч болохоос айсан парламент маань улс төрийн зорилгоор шүүхийг ашигладаг байдлыг болиулж зэвсэг хураах ажиллагааг гүйцэтгэлээ. Харамсалтай нь хураасан зэвсгээ устгахгүйгээр өөрийгөө өвч зэвсэглэчихлээ. 

Цаашид эрх баригч намын дарга УИХ-д олонхитой, Ерөнхий сайдын албын хашиж, албан тушаалаараа дамжуулан хэрэг шалгадаг авлигатай тэмцэх газар, тагнуул, цагдаагийн байгууллагыг, мөн УИХ-аар дамжуулан шүүхийн хамт буюу хууль шүүхийн байгууллагыг бүрэн эрхшээх тул илүү хүчирхэг, сайжруулсан “шинэ супер мангас” бүтээгдлээ. 

Хүчирхэг шинэ эзэнд бусдын олон жил хүч хөдөлмөрөө шингээн бүтээн босгосон энэ “бэлэн сайхан” хонгилыг шууд нураахад нээрээ хайран ч санагдсан юм бил үү, хэн мэдлээ?

 

Нийтлэлч: БАЯРАА 

 

Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.