Уншиж байна...
ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ, СЕМИНАР БОЛЛООД.Загджав: Хонконгт үндэснийхээ аюулгүй байдлыг хангах нь Хятадын дотоод асуудалД.Бат-Эрдэнэ: Шадар туслагч, менежер, ухуулагч нар л нэр дэвшигчийнхээ тойрогт шилжин санал өгч болноАзийн хөгжлийн банк: Дэлхийн эдийн засаг есөн их наяд ам.доллар алданаӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНАНИЙТИЙН ДУУНЫ 99 ДУУЧИН ХАМТАРЧ, ХҮНДЭТГЭЛИЙН ЛАЙВ ТОГЛОЛТ ХИЙНЭ“ФАНТАСТИК” ПРОДАКШНЫ УРАН БҮТЭЭЛЧИД УОК-Т НАЙМАН САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛААБ.ЖАРГАЛАН АН-ЫН ДЭД ДАРГААР ТОМИЛОГДЛООЛУ.ГАНТӨМӨР: КОМПАНИУДЫН 500 САЯАС ДООШИХ ЭРҮҮЛ ЗЭЭЛИЙГ ЖДҮ-ГИЙНХЭЭР СОЛИХ ХЭРЭГТЭЙДЭЛХИЙ ДАЯАР ӨНГӨРСӨН 24 ЦАГТ 76 МЯНГАН ХҮН ШИНЭЭР ХАЛДВАР АВЧЭЭМОНГОЛЫН БАГ ЦАХИМ СПОРТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛООХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗУРГААН САРЫН ХУГАЦААНД 100 МЯНГА БОЛГОНОУЛСЫН ХЭМЖЭЭНД 1088 СУРГАЛТЫН ТӨВИЙГ НЭЭНЭТАВДУГААР САРЫН 7-НД НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МАРШРУТАД ОРОХ ӨӨРЧЛӨЛТҮҮДПРИУС АВТОМАШИНТАЙ БҮЛЭГЛЭН ГЭМТ ХЭРЭГ, ДЭЭРЭМ ҮЙЛДДЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ
ТАХЛЫН ҮЕИЙН ДУРЛАЛ

Бүх юм өөрийн цаг хугацаатай байдаг аж. Габриель Гарсиа Маркесын “Зуун жилийн ганцаардал” романы гайхамшигтайг мэддэг ч “Тахлын үеийн дурлал”-ыг нь эхэндээ ойшоогоогүй. Муу ёрын нэртэй юм шиг санагдсан хэрэг. Харин урд хөршид маань коронавирусийн халдвар дэгдэж эхлэхэд өмнөх зууны хүмүүс тахлыг хэрхэн хүлээж авч байсныг мэдмээр санагдсан. Цагаан сарын хөл хорионд ормогцоо “Тахлын үеийн дурлал”-ыг олж аваад, уншиж гарлаа. Үнэндээ энэ номд төсөөлж байсан шиг маань тахлын тухай нэг их гарсангүй. Харин хайр сэтгэл гол дүр нь юм байна. Гэхдээ л тахлын тухай хэсгүүд бас байна аа. Бүр анх удаа уран зохиолын номд ахуйн асуудлыг тэр тусмаа жорлонгийн тухай сэдэв хөндсөнийг олж уншсаныг яана. Г.Маркес олон жил сэтгүүлчээр ажилласан болохоор тухайн нийгмийн асуудлыг хөндөх нь аргагүй.

Тахал

 Зохиолын гол дүр эмэгтэйн нөхөр, эмч Хувенал Урбиногоор дамжуулан тухайн үйл явдал өрнөж буй хотын орчин, ахуйг төсөөлөх боломж уншигчдад олдоно. Тэрбээр “Мэс заслын хутга бол анагаах ухаан бүрэн сүйрсний том нотолгоо” гэж хэлсэн нэгэн. “Нарийн яривал бүх эм бэлдмэл ердөө л хор, хоол хүнсний 70 хувь нь үхлийг л ойртуулдаг зүйл гэдэгт итгэнэ”.
Язгууртнуудад үйлчилдэг энэ эмч өөрөө ч баячуудын хороололд амьдардаг, хүндэтгэл хүлээсэн эрхэм. “Эмч Хувенал Урбиногийн төрж өссөн цаг хугацаа, орчин нөхцөл нь Испанийн эзэрхийллээс чөлөөлөгдөж, дараа нь боолчлол халагдсан хэдий ч нийгмийн оюун санааны доройтол ихээхэн газар авсан ид үетэй давхацдаг”. Түүний амьдардаг хот “Америк тив дэх африк боолчуудын хамгийн том зах гэсэн таагүй онцлогоороо XVIII зууны Карибын тэнгисийн сав газрынхан дундаа худалдаа наймааны хамгийн их хөлийн цэгт тооцогддог байсан юм”. Анагаах ухаан, мэс заслын чиглэлээр суралцаж, удаан хугацаагаар Парист амьдарч байгаад төрөлх хотдоо буцаж ирсэн 28 настай эмчийн тархийг хотын эрүүл ахуйн аюултай нөхцөл байдал гашилгаж байлаа. “Хархны үүр оромж болоод байсан испанчуудын үеийн ил шуудууг хааж, муу усны хоолойг далдлах, ингэснээр үлдэгдэл угаадас, шавхруугаа хэзээнээс ч юм хаяж ирсэн нийтийн захын ойролцоох булан тохой руу бус, харин хаа нэгтээ хол зайтай газар луу зайлуулах талаар ярих гэж хотын хамгийн дээд шатны эрх дарх бүхий л байгууллагууд руу олонтоо хандав. Гайгүй тоноглогдсон колонийн үеийн байшингууд нь доош ухсан модон жорлонтой ч намгархаг эргийн дагуух урц овоохойд амьдардаг оршин суугчдын гуравны хоёр нь гадаа, ил задгай, газарт хэрэгцээгээ хангана. Ялгадас нь наранд хатан, нунтаг тоос болж хувирах бөгөөд, түүнийг нь улаан өндөгний баяраа тэмдэглэгсэд арванхоёрдугаар сарын сэрүүн, сэнгэнэсэн салхины хамтаар баяр хөөртэйгээр амьсгалцгаана. Эмч Хувенал Урбино ядуусыг жорлонгоо барих албан журмын сургалтад хамруулахаар хотын захиргааг олонтоо шахаж шаардсан. (Энэ эмчтэй төстэй ажлыг “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөнийг санаачлагч Ц.Оюунгэрэл түүний нөхөд нь хийгээд байгаа юм биш үү) Мөн хэдэн зууны өмнөөс өмхий намаг болж хувирсан төгөлд хогоо аваачиж хаядгийг нь болиулж, долоо хоногт дор хаяж хоёр удаа ачин, эзгүй хээр аваачиж шатаах гэж оролдсон ч бүтэлтэй зүйл болсонгүй.
Ундны усны бохирдол үхлийн аюултайг тэр сайн мэдэж байлаа. Газар доорх ус дамжуулах суваг барих түүний санаа үл гүйцэлдэх мөрөөдөл болж таарав...
Эмч Хувенал Урбиногийн санаа зовох асуудал усны бохирдлоор хязгаарлагдсангүй. Антиллын арлын дарвуулт хөлгүүд ирж зогсдог Лас Анимас булангийн дагуух уудам зайг эзлэн оршдог нийтийн захын эрүүл ахуйн байдал түүнийг түгшээнэ. Тухайн үеийн нэгэн нэртэй аялагч эндхийг дэлхийн хамгийн элбэг баян зах хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр ч элбэг дэлбэг, түм түчигнэж, бум бужигнасан газар мөн. Гэхдээ бас магадгүй хамгийн түгшүүр төрүүлсэн зах гэгддэг нь ч үнэн байх. Шуудуугаар дамжин далай руу цутгадаг хог новшийг салхинд туугдсан давлагаа буцаагаад эрэг рүү шиддэгээс болоод зах тэр чигээрээ бохир угаадаст автсан гэхэд хилсдэхгүй. Мөн залгаа орших нядалгааны газрын үлдэгдлийг тийш нь хаядаг тул тасадсан толгой, өмхийрсөн гэдэс дотор, нар сарны доор тайван гэгч цусан намагт хөвнө. Элээ шувууд харх, ноходтой уралдан байшингийн баганаас өлгөсөн бугын болон Сотавентогийн шүүслэг тахианы мах, газарт дэвссэн сүрэл дээрх Архонагийн хаврын ногооны хооронд зогсоо зайгүй шумбана. Эмч Хувенал Урбино энэ газрыг эрүүлжүүлэхийн тулд нядалгааны газрыг өөр тийш шилжүүлж, бараг идэхэд ч хайран эрүүл цэвэр хүнстэй Барселона хотын хуучин хүнсний зах шиг бөмбөгөр шилэн оройтой битүү зах барихыг хүсчээ. Гэвч алдар нэртэй найзуудынх нь дундаас хамгийн нигүүлсэнгүй зөөлөн нь хүртэл эмчийг бүтэшгүй мөрөөдөлд автчихаж хэмээн үзсэн байна. Үхлийн аюултай тахал дэгдэж, эхний золиосууд нь шууд л захын нөгөө угаадас руу үхэтхийн унаад эхэлж. Ингээд 11 долоо хоногийн дотор үхлийн тоогоор урьд өмнө манай түүхэнд гарч байгаагүй том хохирол учирсан юм. Энэ хугацаанд нэр алдартай байсан хүмүүсийг нь сүмийн хавтангууд доор, том санваартан, сүмийн ажилтнуудын хажууд оршуулж, арай тарчигдууг нь шууд гадаа хашаанд нутаглуулдаг болов. Ядуусын цогцсыг хэдийнэ усгүй болсон сувгаар хотоос тусгаарлагддаг салхитай толгод дээр колонийн үеийн оршуулгын газар луу илгээнэ.
Тахал дэгдсэн эхний хоёр долоо хоногт оршуулгын газар хэдийнэ дүүрч, нэр усгүй олон олон дээдсийн өгөршсөн цогцсыг шилжүүлэн, хуучин оршуулгын газрыг дахин ухаж нутаглуулаад ч сүмд зай талбай үлдсэнгүй. Гурав дахь долоо хоногт Санта Клара сүмийн гадаах талбай, модот өргөн чөлөө хүртэл дүүрч, түүнээс хоёр дахин том нийтийн тариалангийн талбайг оршуулгын газар болгох шаардлагатай болжээ. Тэнд газрыг илүү гүнзгий ухаж, цогцсуудыг гурав давхарлан, цаг хожихын тулд авсгүйгээр оршуулсан ч зөөлөрч бамбалзсан хөрс нь гишгэх бүрт бөөлжис цутгам цус нэвчих сархинцаг мэт болсон тул энэ аргаас татгалзахаас өөр аргагүйдэв. Тахал гарсныг зарласнаас хойш дарийн утаа агаарыг цэвэршүүлдэг гэсэн мухар сүсгээс үүдэлтэйгээр нутгийн цэргийн хуарангийн хэрэм дээрээс өдөр шөнө ялгалгүйгээр 15 минут тутамд бууддаг болов. Тахал дэгдсэн шигээ гэнэт зогсоход үхэгсэдийн тоо, хор хохирлыг хэн ч хэзээ ч мэдэж чадаагүйн учир нь хэмжээг нь тогтоох боломжгүйдээ биш, ердөө л бидний эрхэм чанаруудын нэг болох тулгарсан гай зовлонгоосоо ичдэг зан байдалтай маань холбоотой ажээ”.
Өмнөх зууны хүмүүс тахлыг хэрхэн хүлээж авч байсныг харьцуулах сонирхолтой ч арай дэлгэрэнгүйг номоос уншаарай. Дараагийн хэсэгт дурлалын тухай өгүүлэхгүй бол “хайрын лавлах толь” гэгддэг романаас зөвхөн тахалтай хэсэгт анхаарал хандуулсан хөлдүү уншигчаар тодрох юм шиг байна.

Дурлал

 Хайртай эмэгтэйгээ насаараа хүлээсээр, бэлэвсэрсэн орой нь манай Ромео буюу Флорентино Ариза “Фермина, чамд үүрдийн үнэнч сэтгэл, мөнхийн хайраа батлан тангараглах энэ мөчийг хагас зуун илүү хугацааны туршид хүлээлээ” хэмээн хэлдэг. Ромео, Жульетта цэл залуухан хайрын түүх бол “Тахлын үеийн дурлал”-ын хайрын бурхан Фермина Даза 72 насандаа эдгээр үгсийг сонсч байгаа хэрэг. Бас л нэг хайрын рекорд шүү. Ийнхүү сэтгэлээ илчлээд, Флорентино Ариза романтик хариу сонссонгүй. Фермина Даза түүнд:
-Хурдан явж үз. Амьдралын чинь төгсгөл хүртэл чамайг дахиж хармааргүй байна гэж хэлээд хааж байсан хаалгаа буцаж нээгээд, -Тэр төгсгөл тийм ч хол биш байлгүй хэмээн нэмж хэлнэ. Флорентино Аризагийн хувьд урт удаан, оргилсон, хэцүү бэрх хайр дурлалынхаа дараа орь залуу насандаа Фермина Даза өөрийг нь өршөөлгүйгээр няцааснаас хойш 51 жил, есөн сар, дөрвөн өдрийн хугацаанд түүнийг бодоогүй нэг ч хором байсангүй...
Эцэгт нь захидал хүргэж ирсэн шууданч залуу охиныг нь хармагц анхны харцаар дурлаж орхисон юм. Хайрын захиа нисгэсээр охиныг өөртөө дурлуулж дөнгөнө. Бүр гэрлэх амлалт хүртэл авахыг нь яана. Хатуу чанд эцгээсээ эмээн, зөвхөн захидлаар л харилцдаг мөрөөдлийн залуутайгаа гудамжинд гэнэт таарч, “амьдаар нь” нь хармагц бүсгүй ёроолгүй хайрын догдлолыг бус харин урам хугаралтын ангалыг мэдрэх нь тэр.
-Үгүй дээ хэрэггүй. Бүгдийг март! гээд орхин одно.
Тэр өдөртөө “Өнөөдөр чамайг хараад, бидний харилцаа хоосон мөрөөдлөөс цаашгүй зүйл байсныг ойлголоо” гэсэн хоёрхон мөртэй зурвас илгээжээ. Манай Ромео татгалзсан хариу авч бүтэлгүйтсэн ч солонгос савангийн дуурьт гардаг шиг ямар ч аргаар хамаагүй өөрийн болгох гэж зүтгэж, хайртай бүсгүйдээ төвөг чирэгдэл болсонгүй. Язгууртан гаралтай эмч Хувенал Урбинотой хуримласан хайртай бүсгүйнхээ зэрэг зиндаанд хүрэхийн тулд хөдөлмөрлөнө. Нөхрийг нь үхэхийг тэвчээртэйгээр хүлээнгээ олон бүсгүйтэй янаг амрагийн харилцаа үүсгэнэ. Гэсэн ч дурлалт бүсгүй нь хэзээ нэгэн цагт түүн дээр ирэхэд бэлэн байхын тулд хэнтэй нь ч тогтвортой харилцаанд орохгүй, бас сэтгэлээ өгөхгүй.
Энэ урт удаан амьдралын турш, энэ олон уулзах цэг дээр Фермина Дазаг бэлэвсэрч хоцорсон анхны шөнө буюу 51 жил, есөн сар, дөрвөн өдрийн дараа түүнд мөнхийн үнэнч сэтгэл, үүрдийн хайрын тангаргаа дахин нэг давтах хүртэл ганц хором ч болтугай нүүр тулан уулзаж ярилцах боломж Флорентино Аризад олдоогүй билээ.
Фермина Даза үнэхээр азтай эмэгтэй. Түүнийг ойлгодог, түшигтэй бас баян залуутай гэрлэж, хүү, охин төрүүлж, аз жаргалтай амьдардаг. Бэлэвсэрч ганцаардаж гансрахын цагт нь ч түүнийг хайрлаж, сэтгэлээ дэлгэх эр хүн хүлээж байлаа.
Эцэст нь бүсгүй өөд болооч нөхрийг нь санагдуулах орон гэрээсээ холдож, өөрийг нь насаараа хайрласан эрийн хамтаар усан онгоцны аялалд гарна. Аялалын эцэст хэн хэн нь орон гэртээ, нэр төр, үүрэг, хариуцлага хүлээлгэж буй хуучин нөхцөлдөө эргэж очихыг үл хүснэ...
Үнэхээр бадрангуй хайрын түүх байлаа.

Жаргалтай төгсгөл

Габриель Гарсиа Маркес 1982 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэнээсээ хойш гурван жилийн дараа “Тахлын үеийн дурлал” романаа хэвлүүлжээ. Энэ бүтээл нь түүний “Зуун жилийн ганцаардал”-аас ч дутахгүй алдаршин, дэлхийн сая сая уншигчдыг байлдан дагуулсан юм. “Энэ номыг бичсэн хоёр жилийн хугацаа бол миний хувьд бараг бүрэн дүүрэн аз жаргалтай гэж болохуйц үе байсан. Бүх зүйл маань гайхалтай сайн байлаа. Амьдралыг үнэн голоосоо хэрхэн таашаах вэ гэж хүмүүс насан туршдаа хайсаар байдаг. Харин би одоо тов тодорхой хариулж чадах байна. Бүхий л амьдрал минь Тахлын үеийн дурлал-ыг бичсэн он жилүүд шиг байдаг болоосой гэж хүснэ” хэмээн тэрбээр сүүлд хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлжээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://snews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Утас: 9950-1269
Имэйл: snews.mn@gmail.com
Snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.