Гашуун сухайт-Ганц модны боомтын талаар гашуун мөртлөө ганц нэг үг хэлдэг юм билүү. Хил дамнасан боомтын асуудлыг нам дамнаж боогдуулсаар 16 жилийг аль хэдийн ардаа орхисон. Боомтын тухай ярьж эхлэх үед төрсөн хүүхэд өнөөдөр иргэний үнэмлэхээ өвөртөлчихсөн эрийн шийр зааж, эмс охидод хайрын мессеж илгээж суугаа гэхээр овоо хэдэн жил нэг байрандаа овогнож оцогносон төсөл байгаа биз.
Цаг хугацааны хувьд Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслийн талаар Монгол, Хятадын тал 2003 оноос эхлэн харилцан санал солилцож, 2008 оноос албан ёсоор яригдаж, өнгөрсөн 16-20 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж гацсан. Уг нь Тавантолгойн нүүрсний уурхайг улсын хилтэй холбох төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж 233.6 километр төмөр замыг үндэсний компаниудын оролцоотойгоор 2022 онд барьж дуусгасан юм л даа. Гэтэл энэ төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганц модны боомтын хил дамнасан төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой ч хил дээр ирэхэд нь улстөрчид хэлэлцээрийн ширээний ард гацааж орхисон. Урдаас ирсэн төмөр зам нь хил дээр ирээд тосоод байдаг угтаж очих манай зам “Умар” тийш далийж орхисон гэж учир мэдэх хүмүүс цуурч байхыг сонслоо.
Харин “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталж нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон юм билээ. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр зөвлөмж, Улсын Их Хурлын таван тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарч, төмөр зам барих тусгай зөвшөөрлийг таван удаа олгож, дөрвөн удаа цуцалсан байдаг юм. Алдагдсан 16 жилийн ашиг орлогоо бодож адлагдсан өнгөрснөө дурсан гашуудах нь яамай. Улстөрийн уршигт гацаа арилж, улс хоорондын яриа ч тохирч. Ирээдүй өчигдөр эхэлсэн гэдэг дээ эрт л хөдөлбөл бид л хожино. Төмөр зам ашиглалтад орсноор нийгэм эдийн засгийн эерэг үр дагаварууд гарах нь мэдээж.
Цагаан хад орчим нүүрсэн царайлсан, хүүршсэн хувцастай нүүрс тээвэрчид улстөрчдийн уршгийг тээсээр л яваа. Үр дүнд нь сүйдсэн байгаль экологи, сүйрсэн малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол утгаа алдаж уул давсан даа. Үгүй ядаж л төмөр замын тээвэр эхэлснээр байгаль экологи эргэж сэргэнэ.
Цагаан хад орчмын НАБТ-д орж, шагай татсан нанги нүүрсэн дундуур алхаж үзсэн хүн гамшгийг зүрхээрээ биш уушгаараа мэдэрдэг юм билээ. “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт” хамгийн түрүүнд авто тээврийн осол зөрчлийг бууруулж, хөдөлгөөний аюулгүй байдал хэвийн түвшинд аваачна гэж байгаа. Цагаан хад явлаа гэхэд хилийн зүг юуны тулд хэний төлөө цэрэг эрчүүд гэдэг шиг л юм болно. Хуучин ажиллаж байсан хал цэрэг шиг болсон хашир хандгайнууд түмэн бэрхшээлийг анхааруулж мянган зөвлөгөөг хэдэн цагийн лекц уншдаг цаг ард хоцрох нь байна. Жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэнэ. Тогтмол 2000 орчим ажлын байр шинээр бий болно.
Төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортыг дэмжиж, БНХАУ болон цаашлаад тус улсын далайн боомтоор дамжин гуравдагч орон руу тээвэрлэх, мөн Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломжтой болно. Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой болно. Ингэснээр нүүрсний экспорт нэмэгдэж улсын төсөвт жилд 44 сая ам.долларын татвар төвлөрнө гэхээр улс орны томоохон төслүүд хөдлөх, урагшлах хөрөнгө мөнгөтэй болно л гэсэн үг. Гандий юу модондоо галуу шувуу ганганана даа гэдэг шиг гашуун сухайт ганц модондоо гадны шувууд жиргэхгүй шиг бол гангарах нь байна даа хэдүүлээ.