a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танаа
2 долоо хоногийн өмнө
a.Admin
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танаа

Улсын дээд шүүхийн шийдвэрийг

хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэх тухай

Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн үйл явцтай зэрэгцэн монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулсан эмчилгээ үйлчилгээг ард иргэдэд хүргэх зорилготой “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв” анх 1989 онд тухайн үеийн “Эх нялхсын нэгдсэн төв”-д байгуулагдан, 1991 оноос Улаанбаатар хотын захиргаанд харьяалагдан 30 гаруй жил ард иргэдийхээ эрүүл энхийн төлөөх үйлсэд зүтгэж, үйлчлүүлэгч олны итгэлийг хүлээн ажиллаж байна.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн хувьчлал Монгол Улсын Их хурлын  56 дугаар тогтоол, Засгийн газрын 34 дүгээр  тогтоол,  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 128 болон 61 дүгээр тогтоол, Нийслэлийн өмч хувьчлалын комисс /НӨХК/-ын 73 дугаар тогтоолуудын дагуу 2008-2011 онд нийт 3 жилийн хугацаатай явагдаж, НӨХК-ын 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 12-р тогтоолоор Менежментийн гэрээний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэгдсэн.  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль /ТБОНӨТХ/ болон гэрээнд заасны дагуу Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр Менежментийн хувьчлал хийгдэж дууссан тул НӨХКомисс нь хууль, гэрээний заалтын дагуу өмчийг шилжүүлж, дуусгавар болгох шийдвэрийг  гаргах ёстой байсан атал гэрээнд огт заагдаагүй “нэг жилээр сунган ажиллуулах” гэдэг шийдвэр гаргасны улмаас эцэслэн шийдвэрлэгдэхгүй байсаар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн хувьчлал шүүхийн байгууллагад шилжсэн юм.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг хувьчлах, менежментийн гэрээг дуусгавар болгох асуудал шүүхийн гурван шат дамжин улмаар Монгол Улсын дээд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж, Улсын дээд шүүх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2012 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн  12 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг “Илт хууль бус болохыг” тогтоож, “Гэрээний дагуу дуусгавар болгосон шийдвэрийг гаргахыг Нийслэлийн өмч хувьчлах комисс-т даалгасугай” гэсэн 620 дугаартай шийдвэрээ гаргасан билээ. Улсын дээд шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 97 дугаартай албадан гүйцэтгүүлэх хуудсыг НӨХК-т хүргүүлсний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн боловч асуудал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдэхгүй байгаа тул энэ талаар Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлж, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэн ажиллаж буй Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Танд энэхүү ил захидлаар танилцуулж, Монгол Улсын шүүхийн дээд байгууллага болох Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хуулийн хүрээнд дэмжлэг хүсч байна.

Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх шаардлагыг бид олон удаа Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад албан тоотоор хүргүүлсэн бөгөөд хүсэлт, шаардлага хүргүүлэх бүрт Нийслэлийн харьяа мэргэжлийн хяналт, эрүүл мэндийн хяналт, аудит зэрэг нийслэлийн харьяа хяналт шалгалтын чиг үүрэг бүхий бүх газраас “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-д  шалгалт оруулах; менежментийн гэрээнд заагдаагүй, илт хууль зөрчсөн, хуулийн эсрэг ажиллахыг тулгах; хууль, журмын дагуу хийгдсэн ажлуудыг буруутгахыг оролдох;  газрын зөвшөөрөл зэрэг бичиг баримтыг сунгаж шийдвэрлэхгүй хэдэн жилээр чирэгдүүлэн дарах; төр засаг, олон нийт, ард иргэдэд буруу ташаа ойлголт өгөх зорилгоор хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл тараах; хэрэгжих боломжгүй шаардага тавих  зэрэг төрийн байгууллага, төрийн албан хаагчдын мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлага, өргөсөн тангарагын эсрэг увайгүй үйлдэл, үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.  

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн газрын гэрчилгээгээ сунгуулах хүсэлтийг Нийслэлийн газрын албанд шийдэхгүй гацааж дарж байсан атлаа одоо эргүүлээд биднийг буруутгахыг оролдож, газрыг чөлөөлж өг гэдэг мэдэгдлийг энэ сарын 11-нд өгч, долоо хоногийн дотор барилгыг нурааж чөлөөл гэдэг шаардлагыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дарга Г.Мөнхбаатар тавьсан. Үүнд хариу өгөхөд нэгд, газрын гэрчилгээг сунгуулах хүсэлтээ хуулийн хугацаанд өгсөнийг шийдвэрлэхгүй хуулиа зөрчин өнөөг хүрсэн, хоёрт, уг газар дээр байгаа барилга обьект нь НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн өмчид бүртгэгдсэн өмч бөгөөд бид 7 хоногийн дотор нураагаад чөлөөлөх эрх зүйн үндэс байхгүй. Яг энэхүү газрын зөвшөөрөл шиг УАУЭСКТ-өөс өгсөн бусад ямар ч асуудлыг шийдвэрлэхгүй дарж байгаад эргүүлж биднийг буруутгах гэсэн оролдлого УДШ-ийн шийдвэр хэрэгжээгүй өнгөрсөн 10 жилийн хугацаанд олон удаа давтагдсан сүүлийн гурван сард улам гаарав. 2024.9.2-нд НЭМГ-аас ирүүлсэн бичигт хариу холбогдох мэдээллийг 2024.09.03-нд өгсөн байхад 2024.9.6-нд баасан гаригт дахин адил агуулгатай шаардлага гаргасан бичгээ бямба гаригт бидэнд өгөөд даваа гаригт хариу ирүүл гэх жишээний. Өөрөөр хэлбэл, олон түмэнд үйлчилдэг эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаагаанд ямар нэгэн байдлаар саад учруулах, тасалдуулах гэсэн башир, бусармаг оролдлоготой байнга нүүр тулж байна.        

Иргэд, байгууллагуудыг хууль журам зөрчихөөс сэргийлж, тэднийг туслан дэмжих үүрэгтэй хотын харьяа хэдэн байгууллагын түр орлон гүйцэтгэгч удирдлагууд өөрсдөө хууль зөрчиж, бидний хуулийн хугацаанд өгсөн хүсэлтийг шийдвэрлээгүйнхээ бурууг, хариуцлагыг бидэнд тохох гэж ингэж элдэвлэж байгааг харах үнэхээр инээдэмтэй бөгөөд эмгэнэлтэй байна.  “Төрийн албаар дүүрэн түр орлон гүйцэтгэгчид байгааг цэгцэлнэ” гэж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан саяхан төрийн зарим байгууллагад ажиллахдаа мэдэгдсэн. Хууль болон УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн удирдлага дахь хэсэг бүлэг хүмүүс үүрэг гүйцэтгэгч дарга нарыг хэрхэн ашиглаж төрийн албыг цалгардуулж, иргэд олон нийтийг хохироож байгааг 10 жилийн турш туулж ирсэн бодит жишээ нь бид байна.  Бидэн шиг олон олон иргэд сонгогчид цэгцлэх цаг нь болсон гэсэн УИХ-ын даргын мэдэгдлийг дэмжиж байна.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн Менежментийн баг өнгөрсөн олон жилийн хугацаанд Монгол Улсын төрдөө итгэж, хүндэтгэж, хүлээж ирсэн. Төр засгийн байгууллагууд холбогдох шийдвэрээ гарган хуулийн дагуу зарласан сонгон шалгаруулалтад журмын дагуу оролцож, шалгарсан бөгөөд цаашлаад Нийслэлийн өмчийн харилцааны газартай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан тус газраас томилогдсон төлөөлөгчийн болон нийслэлийн хяналт шалгалтын бүхий л байгууллагуудын хараа хяналт дор гэрээгээр хүлээсэн үүргээ нягт, нямбай хэрэгжүүлэн ажилласан. Бидний үйл ажиллагааг хуулийн хүрээнд үнэн, зөв явж ирсэнийг 3 шатны шүүхээс эцэслэн тогтоож, Монгол Улсын Дээд шүүх 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдөр “Гэрээг дуусгавар болгосон шийдвэрийг Нийслэлийн өмч хувьчлах комисс-т даалгасугай” гэсэн 620 дугаартай шийдвэр гарсан.

Дэлхий дахинаа ардчилал улам гүнзгийрэн хөгжихийн хэрээр өнөөдөр Хүний эрхийн зөрчил түүнийг арилгах, хүний эрхийг хамгаалах нь нэг улсын хил хязгаараас хальж улам бүр олон улсын шинж чанартай болж байна. Улсын дээд шүүхийн шийдвэр хэрэгжихгүй 10 жил болж буй энэ увайгүй үйлдэл нь ардчилсан улс ор  ны хүний эрхийг дээдлэх, хамгаалах ардчиллын үндсэн зарчмыг уландаа гишгэсэн, Монгол Улсад амь бөхтэй байсаар байгаа хүний эрхийн зөрчлийн маш том бодит хэрэг болж байна.

“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн  хувьчлалыг дуусгавар болгох тухай шүүхийн шийдвэр биелэгдээгүйн улмаас хохирч байгаа хүний эрхийн зөрчлийн байдал жил ирэх тусам нэмэгдэж, эрх болон эрх зүйн байдал улам дордож, нийтэд үйлчилдэг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч, сувилагч, асрагч, нийгмийн ажилтнууд зэрэг тус төвийн үйл ажиллагааг хоногийн 24 цагт тасралтгүй авч яваа олон арван хүний эрх хөндөгдөж буй тул бид  Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт нээлттэй ил захидлаар хандаж, дэмжлэг хүссэний зэрэгцээ төр засгийн удирдлагууд, түмэн олонд мэдээллийг ил тод өгч танилцуулсан байгаа.   

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэсэн заалт болон Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн  хүрээнд хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хэрэгжүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хуульд заасны дагуу дэмжлэг, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, гүйцэтгэх ажиллагааг шуурхай шийдвэрлэж дуусгавар болгож өгнө үү хэмээн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн Сайд Танаас  хүсч байна.

 

Таныг хүндэтгэсэн,

МЕНЕЖМЕНТИЙН БАГИЙН                                    Ж.ХАТАНБААТАР

            АХЛАГЧ                                                         Монгол улсын Ардын эмч

                                                                                     АУ-ны доктор, профессор

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс