Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Сонсголын эхний өдрийг дүгнэн УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Чинбүрэн сонсголын явцын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Чинбүрэн: Албан тушаалтны харилцан хамаарал аалзны тор шиг шигджээ. Эрүүл мэндийн салбарын эмийн өсөлт өндөр байгаагийн үндсэн углуурга нь хамаарал бүхий компанитай этгээдүүдтэй холбоотой байна. Энэ салбарт нэгдмэл ашиг сонирхолтой байгааг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулна.
Иргэдийн зүгээс ноцтой асуудлуудыг хэлсэн. Тухайлбал, унаж, татдаг хүмүүсийн хэрэглэх эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан ч энэ нь Монгол Улсын эмийн бүртгэлд байдаггүй гэсэн. Элэгний D, B вирустэй иргэд чанартай, сайн эм хэрэглэмээр байна. Төсөв нь батлагдчихаад байхад яагаад санаачилгатай ажиллахгүй байна вэ гэдэг гомдол мэдүүллээ. Стандарт хуучирсан тул шинэ эм оруулж ирэхэд анхаарч ажиллахыг шаардсан. Сахарын өвчтэй хүмүүс 7 хоногт нэгийг хэрэглэдэг шинээр гарсан эмийг оруулж ирэх, сахараа хянах тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг ярьж байлаа.
Мөн эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох үйл ажиллагаа шударга биш байна гэдэг асуудлыг хөндөж ярилцсан. Тухайлбал үйлдвэрлэгчийн нэрээр 10-аас дээшгүй эм бүртгэж, үүний дундаж үнээр даатгалын хөнгөлөлтийг тооцож олгодог. Тэгвэл зарим компани 7-8 үйлдвэрлэгчийн эмийг өөрсдөө бүртгүүлж, өндөр үнэ тавьдаг. Ингээд дундаж үнэ өндөр гардаг. Улмаар өмнө нь боломжийн үнэтэй байсан эм одоо өндөр үнэтэй болчихлоо гэдэг асуудлыг иргэд хэлж байсан. Энэ нь баримтаар нотлогдлоо" гэлээ.