Монголын ард түмнийг 9 их наяд төгрөгөөр хохироосон “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг өнөөг болтол шийдвэрлэгдэхгүй явсаар 7 жил боллоо. ХХБ-ны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй “Монголын зэс корпораци буюу “Монголиан коппер корпрейшн” ХХК нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар буюу төрийн мөнгөөр хувийн компанид шилжүүлж авсан байдаг.
Хэргийг эргэн сануулахад, 2016 оны 06-р сарын 28-ний өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь Монголын мэдэлд шилжлээ. Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани болох “Монголын зэс” компани авч байна” хэмээн зарлаж байв. Үүнээс эхлэлтэй “Эрдэнэт”-ийн 49 хувийг хууль бусаар авсан гэх луйврын хэрэг хуулийн байгууллагаар шалгагдсаар шүүх хурал руу шилжиж байна.
Тэднийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх мэт хэргүүдтэй холбоотойгоор яллаж, шүүх юм байна.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбат өнгөрсөн зургадугаар сард мэдээлэл хийхдээ “Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт 4 их наядын хохиролтой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгт 2.8 их наяд, Цемент шохойн үйлдвэрт 3 тэрбум төгрөгийн хохиролтой буюу нийт 7 их наяд төгрөгийн хохиролтой. Энэ хэргүүдийн хохирлын хэмжээ нэмэгдсээр байна.
Тиймээс өсөн нэмэгдэж буй хохирлуудын талаарх мэдээллийг өгч, шалгаж Засгийн газрын хохирлыг тооцож өгөх хүсэлтийг тавьж байна” гэсэн мэдээлэл хийж байв. Одоогийн байдлаар хохирлын нийт тоо 9 их наяд төгрөгт хүрчээ.
Д.НАРАН