Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд цом, өргөмжлөл гардуулах ёслолд оролцож үг хэлсэн. Тэрбээр, Бид хоорондоо биш дэлхийтэй, хийрхлээр биш хиймэл оюун ухаанд суурилсан урт хугацааны шийдлээр, хоосон амлалт, худал популизмаар биш, үнэн байдал, прагматик чиг хандлагаар л богино хугацаанд хөгжиж чадна. Үндэсний их баяр наадмын үеэр “Welcome to Mongolia” уриан дор “Монголын эдийн засгийн форум” зохион байгуулагдаж, дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид манай улсыг зорин ирэх болно. Дэлхийн хөгжингүй улс орнууд, Азийн баруудын үсрэнгүй хөгжлийн гарааны эхлэл цэг нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.доллар байсан билээ. Бид 5000 ам.долларт хүрлээ. Одоо хамтдаа ганцхан том алхах үлдсэн.
Эдийн засгийн өсөлтөө жил бүр 8-10 хувьд хадгалахын төлөө, экспортоо төрөлжүүлэн хөгжүүлэхийн төлөө, валютын нөөцөө таван тэрбум ам.долларт хүргэхийн төлөө, төлбөрийн тэнцлээ жил бүр эерэг байлгахын төлөө, үнийн өсөлтийг нэг оронтой тоонд барихын төлөө, 50 их наядын эдийн засгийн эргэлтээ 100 их наядад хүргэхийн төлөө, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10.000 ам.долларт хүргэхийн төлөө иргэд, аж ахуйн нэгж, төр засаг хамтдаа өглөө бүр эртлэн босч, өдөр бүр идэвхитэй ажиллацгаая.