a.Admin
Ангилал
Хэзээ
2 долоо хоногийн өмнө
Үсгийн хэмжээ
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай
2 долоо хоногийн өмнө
a.Admin
Найз нь уухгүй ээ, намайг алгасаарай

Амьдрах зардал нэмэгдсэн, юмны үнэ өссөн тэгтэл цалин хүрэлцэхгүй. Дээр нь түгжрэл, утаа гээд стрессдэх, бухимдах шалтгаан энэ хотод их ээ. Энэ бүгдийг шалтгаан болгож, урагшлахгүй, хөгжихгүй мэт санагдсан, болж, бүтээгүй болгонд бор дарсаар сэтгэлээ тайтгаруулах гээд байх хандлага өнөөдрийн нийгмийн анхаарах асуудал болжээ.

“Архи уухаа боль” гэдэг үгийг 1-2 удаа сонсож байсан бол нэгдүгээр шатандаа, гадуур уугаад гэртээ хариагүй, хариагүйг нь гэрийнхэн нь мэдсэн ч тоогоогүй бол хоёрдугаар үе, найзын, ажлын газрын хүний, танилын төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, Мартын-8, Цэргийн баяр, баяр-баяр-баяр…Энэ бүх баярыг алгасалгүй тэмдэглэж, баасан гараг бүрд “Өнөөдөр л уучихаад яг больё” хэмээн бодож эхэлбэл гуравдугаар үедээ орж, үүнээс цааш хүнд шатанд хүрдгийг наркологийн эмч нар анхааруулжээ.

Найзуудтайгаа уулзахаар бүтэлгүйдсэн, буруудсан үйлдэл, санаснаар болоогүй учрал гээд бүхий л асуудал мартагдаад, хөгжилдөхөөс бусдыг умартан инээлдэж суух хэнд ч сайхан санагддаг.

"Аагий, Мөөгий, Ээгий бид гурав уулзчихсан байна аа, чи хүрээд ир ээ" гэх дуудлага, "Анд аа, өнөөдөр баасан, орой яах юм" гэх зурвас, "Хэдүүлээ тараад хоёр, гуравхан хундага татчихаад харих уу" гэх ажлын газрын нэгний санаандгүй санал ч хэвийн амьдралын хэмнэлээс залхаж, залхуурсан үед "Нээрэн тэгдэг ч юм бил үү" гэж бодогдуулдаг л юм.

Гэвч маргааш ажилтай бас хичээлтэй бол "Найз нь уухгүй ээ, харьж эрт амарлаа" гэж, гэрт нь эхнэр хүүхэд нь хүлээж байгаа бол "Гэр бүлдээ цаг зарцуулмаар байна аа, ойлгоорой" гэж, автомашинтай яваа бол "Жолоо барина аа, би уухгүй" гэж, хоббидоо цаг зарцуулмаар байвал "Би заал авна аа, намайг алгасчих" гэж хэлэх сонголт ч бас танд бий.

Харин цаад талд нэг залгахад тань татгалзсан бол "За чи юун сүртэй юм бэ, гараад л ирээч дээ" гэх шахалт, автомашинтай яваа гэхэд нь "Дуудлагын жолооч дуудчих аа, эсвэл орхиод л явчихаач" гэх ятгалт, эрт харьж  амарлаа гэхэд нь "Залуу хүн байж" гэх шоглоом, эхнэр, хүүхэд хүлээж байгаа гэхэд нь "За яав л гэж дээ, ямар байнга ингэдэг биш" гэх бусдын амьдралыг үл хүндэтгэсэн үгсээ ч бас та алгасаарай.

Мөн ирсэнгүй, уулзсангүй, тоосонгүй, их өөр болжээ гэх гомдол тээсэн хөлчүү үгсийн хариуд "Амжихгүй л бол амжихгүй, харилаа л бол харилаа. Намайг алгас" гэж хэлж сураарай.

Уухгүй уулзаж, архигүй баярлаж, согтолгүй хөгжилдөж, эрүүлээр ярилцацгаая залуус аа. Хундагатай ширээний ард суух бол найз нь уухгүй ээ, намайг алгасаарай.

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2022 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс