a.Admin
Ангилал
Хэзээ
1 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Гу Ён Шиг: Солонгосын хэвлэлийн тухай хуульд эх сурвалжаа чандлан нууцална гэсэн тусгайлсан заалт байдаг
1 жилийн өмнө
a.Admin
Гу Ён Шиг: Солонгосын хэвлэлийн тухай хуульд эх сурвалжаа чандлан нууцална гэсэн тусгайлсан заалт байдаг

БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Ким Дун Хун тэргүүтэй сэтгүүлчдийн төлөөлөл МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатарын урилгаар энэ сарын 19-25-ний өдрүүдэд Монгол улсад айлчиллаа. Энэ удаа Солонгосын сэтгүүлчдийн холбооны арван сэтгүүлч  манай улсад туршлага судалсан бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Солонгосын сэтгүүлчдийн холбооны цахим сэтгүүлзүй хариуцсан Дэд Ерөнхийлөгч Гу Ён Шигтэй ярилцсан юм. Тэрбээр сэтгүүлч мэргэжлээр ажиллаад 26 жил болж байгаа бөгөөд ажлын гараагаа улс төрийн сэтгүүлчээр эхлүүлж байсан бөгөөд одоо эрэн сурвалжлах төрлөөр дагнан мэдээ мэдээлэл бэлтгэдэг байна. 

"ОЛОН УДАА ЦАГДАА, ШҮҮХИЙН ӨМНӨ ДУУДАГДАЖ БАЙСАН Ч НЭГ Ч УДАА БУРУУТАЙ ГЭЖ ЯЛ ШИЙТГЭЛ АВЧ БАЙГААГҮЙ"

-Та одоогийн Ерөнхийлөгч Юүн Сок Ёлыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үед түүний гэргийн фактуудыг ил болгож байсан шүү дээ. Энэ талаараа бидэнтэй хуваалцахгүй юу?

-Өнгөрөгч хавар болсон Солонгос Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан (одоогийн Ерөнхийлөгч) Юүн Сок Ёлыг нэр дэвшиж байх үед түүний талаар судлахаас илүү түүний гэргий болон хадам ээжийн талаарх шударга ёсны холбогдолтой зүйлсийг шалгаж тодруулах ажил өрнөсөн тийм сонгууль болсон. Юүн Сок Ёлыг сонгуульд нэр дэвших нь тодорхой болсны дараа энэ оны нэгдүгээр сараас эхлэн энэ талын ярилцлага, сурвалжилга болон нийтлэл бичиж ажилласан. Ингэхдээ Юүн Сок Ёлын гэргий Ким Гон Хыгийн магистр болон докторын дипломын ажлаа үнэхээр өөрөө бичсэн эсэхийг судалж үзсэн. Учир нь хадагтай Ким Гон Хы дээрх судалгааны материалуудаа өөрөө бичээгүй байх магадлал их өндөр байсан юм.  Хэрэв энэ үнэн бол жинхэнэ судлаач болон эрдэмтдийг доромжилж байгаа хэрэг учраас илүүтэй судалсан гэж хэлж болно. Мөн хадагтай Ким Гон Хы нь 2009 онд "Covana Contents" хэмээх урлагийн үзэсгэлэнгээр мэргэшсэн компанийн Ерөнхийлөгчөөр ажилладаг байсан юм. Тиймээс тухайн компанийн үйл ажиллагааг бас судалж үзэх шаардлага гарч ирсэн.

Үүнээс гадна нэр дэвшигч Юүн Сок Ёлын хадам ээжийг тойрсон маш олон асуудал байсан учраас эдгээрийг хамтатгаад үнэн мөнийг тодруулахаар судалж эхэлсэн юм. Судлаад үзэхэд нэр дэвшигч Юүн Сок Ёлыг олон жилийн турш дэмжиж ирсэн орон нутгийн шинж чанартай томоохон компани байсан. Тухайн үед хадагтай  Ким Гон Хытэй утсаар ярих завшаан тохиолдсон юм. Өмнө нь маш олон удаа түүн рүү залгаж холбогдох оролдлого хийхийг хичээж байсан ч бүтээгүй. Харин тэр үед хадагтай  Ким Гон Хы өөрөө утсаа авч таарсан. Учир нь намайг өөрийг нь болон ээжийнх нь талаар судалж байгааг болон өөртэй нь холбоотой мэдээллийг олж уншсан байсан юм билээ.

Тухайн өдөр би хадагтай Ким Гон Хытэй гурван удаа нийт цаг гарангийн ярилцлагыг утсаар хийсэн байдаг. Тэгээд надад "Би таны бичсэн шиг тийм ёс зүйгүй хүн биш" гэх мэтээр өөрийгөө өмөөрч миний нийтлэхийг няцаах гэж оролдсон. Ярилцлагын үеэр миний насыг асууж улмаар намайг миний ах баймаар хүн байна. Хэрэв би тэргүүн хадатгтай болбол хамгийн түрүүнд таныг "Хөх ордон"-д оройн зоогт урих болно гэх мэтээр ярьж эхэлсэн. Харамсалтай нь энэ миний хүсч байсан хариулт биш учраас би энэ талаар бичээгүй өнгөрсөн юм. Гэтэл бидний утсаар ярьсан яриа өөр хүнээр дамжаад олон нийтэд ил болсон бөгөөд ингэхдээ би гэнэтхэн л хадагтай Ким Гон Хыгийн уулздаг ах болчихсон байсан. Мэдээж би буруугүй бас баримт нь байгаа учраас үнэн мөнийг нь бичсэн л дээ. Үүнээс болж нэр дэвшигчийн ажлын албанаас гурван үндэслэлээр надад эрүүгийн ял тулгасан. Энэ хэрэг цагдаагийн мөрдөн байцаалтаа дуусгаад одоо прокурорт шилжиж хэрэг үүсгэх эсэх нь шийдэгдээгүй байна.

Мөн хадагтай  Ким Гон Хыгийн ээж намайг нэр хүнд унагасан гээд шүүхэд өгсөн ч өргөдлөө буцааж авсан. Энэ бол эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн зоригийн мохоох гэсэн улстөрчдийн явуургүй бодлын л нэг. Энэ бол ард түмний мэдэх эрх хийгээд хэвлэлийн эрхийг зөрчиж байгаа хамгийн том жишээ гэж хэлж болно. 

Миний хувьд эрэн сурвалжлах чиглэлээр мэдээ бэлтгэснээс хойш өнөөдрийг хүртэл маш олон удаа цагдаа, шүүхийн өмнө дуудагдаж байсан боловч нэг ч удаа буруутай гэж ял шийтгэл авч байгаагүй.

"СОЛОНГОСЫН ХЭВЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЭХ СУРВАЛЖАА ЧАНДЛАН НУУЦАЛНА ГЭСЭН ТУСГАЙЛСАН ЗААЛТ БАЙДАГ"

-Тэргүүн хатагтайн асуудлаас өөр олны анхаарлыг татсан мэдээ, мэдээллээсээ сонирхуулахгүй юу?

-Солонгосын олон нийтийн телевизийн маш алдартай мэдээний хөтлөгч болох Чон Жи Ён 2006 онд “Маршмелагийн түүх” хэмээх гадаад хэл дээрх номыг орчуулж гаргасан бөгөөд улмаар тухайн ном нь солонгост сая орчим хувь борлогдсон байсан. Гэвч түүнийг өөрөө орчуулаагүй гэдэг мэдээлэл надад иргэнээс ирсэн. Тухайн үед би тэр олон сэтгүүлчдээс яагаад намайг сонгосон юм бол? магадгүй миний бэлтгэсэн мэдээ мэдээлэл, нийтлэлийг уншиж байсан юм болов уу? эсвэл хэн нэгнээс “Энэ хүнд л итгэж болно” гэж сонссон ч юм болов уу? гэх мэтээр гэж их бодсон. Сэтгүүлч хүн тухайн  мэдээллийг шалгаж, баримтжуулах үүрэгтэй. Тиймээс би эх сурвалжийн итгэлийг алдахгүй өгсөн мэдээллийг шалгаж, тодорхой баримт цуглуулж улмаар хөтлөгч Чон Жи Ён тэр номыг өөрөө орчуулаагүй харин хүнээр орчуулуулсан болохыг илрүүлсэн. Энэ мэдээдэл гарсанаас хэсэг хугацааны дараа тэрбээр иргэдээс албан ёсоор уучлал гуйж хөтлөгчийн ажлаа өгч байсан.

Мөн алдарт дуучин, жүжигчин  Жан На Ра 2003 онд "Хонхны дуунаас өөр юу мэдэх вэ?" хэмээх номыг мөн л өөрөө орчуулсан гэж байсан ч эцсийн дүнд худлаа болох нь мэдэгдэж тэрбээр уучлал гуйж байсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нэг онцлог нь нэг асуудлыг барьж аваад судлах явцад өөр олон ижил төстэй болон хамааралтай асуудлууд ил болдог.  Тиймдээ ч эдгээр мэдээлэл гарсны дараа иргэдээс энэ төрлийн луйврын талаар их мэдээлэл ирдэг болсон. 

-Сэтгүүлчдэд эх сурвалжаа нууцлах гэдэг хүнд бас хариуцлагатай үүрэг бий. Танай улсад эх сурвалжаа хамгаалах хууль гэж байдаг уу?

-Солонгосын хэвлэлийн тухай хуульд сэтгүүлч хүн, хэвлэл мэдээллийн байгууллага эх сурвалжаа чандлан нууцална гэж заасан байдаг. Мөн тухайн эх сурвалжийн өгсөн мэдээлэл үнэн болох нь тогтоогдвол ямар ч тохиолдолд түүнийг яллахгүй гэсэн хуулийн заалттай. Сэтгүүлч хүн ямар ч тохиолдолд өөрийн эх сурвалжаа илчилж болохгүй. Хэрэв эх сурвалжаа илчилж байгаа бол тэр хүн сэтгүүлч биш.

Манай улсын хувьд тухайн асуудал томорч шүүх хурал хийх хэмжээнд хүрвэл эх сурвалжийг байлцуулах шаардлага тулгардаг. Гэхдээ тухайн эх сурвалж санаатайгаар бусдыг гүтгэх зорилгоор худал мэдээлэл өгөөгүй бол түүнийг байж болох бүх талаар нь хамгаалдаг.

Зарим тохиолдолд шинэхэн сэтгүүлчид айж, сандарсандаа эх сурвалжаа илчлэх тохиолдол байдаг. Тиймээс шинэхэн сэтгүүлчидэд тэр дундаа эрэн сурвалжлах чиглэлээр бичиж байгаа сэтгүүлчдэд хандаж аль болох эх сурвалжаа хамгаалах хэрэгтэй гэж хэлмээр байна. Тэгж байж итгэлцэл бий болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн манайд ардчиллын төлөө өмгөөлөгчдийн цуглаан гэж бий. Тэд нийгмийн сайн сайхны төлөө, үнэний төлөө явж байгаад өөрөө хохирох асуудалд орсон сэтгүүлчдэд үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлдэг. Ер нь сэтгүүлчийг болон эх сурвалжийг хамгаалах хуулийн заалт болон биднийг дэмжих, өмгөөлөх энэ мэт олон газар байдаг учраас бид аливаа хүчин зүйлээс айлгүйгээр өөрсдийн ажлаа итгэл үнэмшилтэй хийж чаддаг.

-Монголд цахим мэдээллийн хэрэгслүүд хандалтад тулгуурлаж мэдээлэл бэлтгэдэг. Солонгосын цахим мэдээллийн хэрэгсэлд хандалт чухал уу? эсвэл мэдээллийн чанар чухал байдаг уу?

-Солонгос Улсын цахим мэдээллийн хувьд тухайн мэдээг хэдэн хүн уншиж байгаа нь монголтой адил чухал байдаг. Гэхдээ зарим тохиолдолд иргэд тухайн мэдээ, сурвалжилгыг хэн гэдэг сэтгүүлч, сурвалжлагч бэлтгэснийг онцолж харах нь бий. Энэ нь тухайн мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлчид илүүтэй итгэж байна гэсэн үг юм. Үүнээс үзэхэд мэдээллийн хандалт чухал уу эсвэл мэдээлэл бэлтгэсэн хүн чухал уу гэсэн ялгаатай байдал гарч ирж байгаа. Мөн би энэ дашрамд нэг зүйлийг хэлмээр байна. Дэлхийн хамгийн анхны мэдээллийн хэрэгсэл бол сонин. Түүний араас радио, телевиз гарч одоо цахим сэтгүүл зүй болтлоо хөгжөөд байна.  Үүнийг яагаад хэлээд байна вэ? гэхээр зарим нь телевиз, сонины эрин үе дуусаж бүгд цахим болж байна гэдэг. Тийм биш гэж хэлмээр байна. Техник, технологи хөгжихийн хэрээр телевиз, сонин уншигчдын тоо цөөрөх нь тодорхой. Гэхдээ сонин, телевизийн нийгэмд үзүүлэх үүрэг гэж байдаг. Мөн уламжлалт зүйл гэдэг зүйл хэзээ ч алга болдоггүй. Тиймээс сонин, телевизийн уншигч үзэгчид үеийн үед байсаар л байх болно гэж хэлэхийг хүсэж байна.  

"МЭДЭЭ НЭГ МӨР БАЙСАН Ч ХАМААГҮЙ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ"

-Таны харьяалагдаг OHMУNEWS сайтын хувьд 80.000 идэвхтэн бичигчтэй гэж байсан. Тэдгээр идэвхтэн бичигчдийн мэдээллийн үнэн бодит эсэхт хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай сайтын хувьд иргэн өөрөө сэтгүүлч гэсэн уриатай ажилладаг. Энэ хүрээнд бидэнд мэдээлэл дамжуулдаг 80.000 иргэн байдаг. Гэхдээ бүгдийнх нь мэдээллийг сайтад байршуулах боломжгүй. Тиймээс бид тодоохой шалгуур тавьж улмаар 300 гаруй иргэний мэдээллийг сонгож сайтдаа байрлуулдаг. Тухайн иргэн өөрийн бие дээр туршсан, өөрийн амьдралаас сэдэвлэсэн зүйлээ бичдэг. Энэ бол баталгаатай, бодит жишээ гэсэн үг. Жишээ нь нэг иргэн коронавирусний халдвар авсны дараа өөрт мэдэгдсэн шинж тэмдэг болон өөрт тохиолдсон зүйлсээ бичиж мэдээний алба руу явуулдаг. Энэ нь иргэд өөрөө сэтгүүлч гэсэн ухагдахуунуудыг харуулж байгаа юм.

-Тэдээр 300 гаруй идэвхитэн бичигч нарт ямар нэг урамшуулал өгдөг үү? эсвэл сайн дураараа мэдээгээ танай сайтад оруулдаг юм уу?

-Мэдээж тухайн хүн өөрийн мэдээллээ манай сайтад гаргасан бол тэр мэдээ нэг мөр байсан ч хамаагүй хүний хөдөлмөрийг үнэлэх нь зүйн хэрэг. Тухайн мэдээ үнэнээр үнэн бодит бөгөөд утга найруулга сайтай байвал манай сайтын уншигчид тухайн бичвэрийн эзэнд төлбөр өгдөг. Манай уншигчид гишүүнчлэлийн төлбөр гэх мэт багахан төлбөр явуулдаг. Тухайн төлбөр мэдээний эзэнд шууд очдог.

-Нэг идэвхтэн бичигч хамгийн ихдээ хэдэн төгрөгийн урамшуулал авч байсан бол?  

-Хэрэв манай сайтад мэдээллээ байршуулсан л бол нэг мөр мэдээ байсан ч үнэлдэг гэж хэлсэн шүү дээ. Таны асуултын хувьд манай сайтад өөрт тохиолдсон зүйлээ бичсэн нэг иргэний нийтлэл маш их хандалт авч улмаар 30 сая воны урамшуулал авч байсан. Тухайн иргэний бичсэн нийтлэлийн доор маш их иргэн сэтгэгдэл бичсэн бөгөөд тэдгээр иргэдийн гишүүнчлэлийн төлбөрийг цуглуулаад явуулахад 30 сая вон болж байсан юм.

Ярилцсанд баярлалаа.   

Бэлтгэсэн: Ц.КАстро

Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс