a.Admin
Ангилал
Хэзээ
2 жилийн өмнө
Үсгийн хэмжээ
Цагаан олимпын түүхээс: - Лейк Плэсид 1932
2 жилийн өмнө
a.Admin
Цагаан олимпын түүхээс:  - Лейк Плэсид 1932
“Бээжин-2022” өвлийн олимп эхлэх мөч ойртсонтой холбогдуулан цагаан олимпын түүхийг цувралаар хүргэж байна.
 
Өмнөх хоёр олимпод сайн, саар зүйл аль аль нь тохиолдож байв. Тиймээс гурав дахь удаагийн наадам илүү өргөн хүрээг хамарч, илүү өндөр түвшинд зохион байгуулагдана гэж хүн бүр хүлээж байлаа. Гэвч АНУ-ын Лейк-Плэсидэд болсон цагаан олимп олон зүйлээр сөрөг рекорд тогтоосон юм.
Ердөө 17 орон оролцсон нь өвлийн олимпын түүхэнд хоёрт орох (“Шамони-1924”-ийн дараа) тааруу үзүүлэлт болов. Тамирчид 14 багц медалийн төлөө өрсөлдсөн нь хамгийн муу үзүүлэлтийг давтсан байна. Мөн спортын долоон төрлөөр олимпыг явуулсан нь бүх цаг үеийн хамгийн бага нь болжээ. Ийнхүү тааруу амжилт олныг тогтоосон олимпыг зохион байгуулахын тулд америкчууд сая гаруй ам.доллар зарлагадсан нь тухайн үедээ их тоо байлаа.
Норвегийн тамирчид энэ жил анх удаа багийн дүнгээр тэргүүлж чадсангүй. Зохион байгуулагч америкчууд 64 хүний бүрэлдэхүүнтэй (эхний гурван олимпын хамгийн том баг) оролцож, зургаан алтан медальтайгаар өнгөллөө. “Сэм авга”-ын тамирчид бобслей (2), гүйлтийн тэшүүрийн (4) бүх алтыг хамсан юм. Харин цанын дөрвөн багц медалийг Скандинавын хойгийн гурван улс бусдад алдсангүй. Норвеги хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Швед нэг алт, нэг мөнгө, Финланд алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг зөвхөн цанын төрлөөс зулгаажээ.
Энэ олимпын гол баатар нь гүйлтийн тэшүүрээр тус бүр хошой алтан медаль авсан Америкийн Ирвинг Яффе, Жек Ши нар байв. Түүнчлэн Норвегийн цанын хоёр төрөлтийн тамирчин Йохан Греттумсбротен олимпоос гурав дахь алтан медалиа авсан бол тус улсын Соня Хени, Францын уран гулгагч Пьер болон Андре Брюне нар хошой аваргууд болжээ.
Өмнөх олимпод скелетоноор мөнгөн медальтай буцсан Америкийн Жон Хитон энэ удаа нутгийн дэвжээн дээрээ бобслейгоор хүрэл зүүв. Түүнчлэн эзэн орны тамирчин Эдди Иган бобслейн дөрвөн хүнтэй багийн төрөлд алтан медаль авсан нь нэлээн сенсаац дэгдээж байлаа. Учир нь мань эр 1920 оны зуны олимпын боксын төрөлд түрүүлж байж. Ингэснээр тэрбээр өвөл, зуны олимпод аваргалсан ховорхон амжилтын эзэн болсон юм.
Түүний багийн өөр нэг гишүүн Жей О’Брайаны амжилт ч бас түүхэнд үлдсэн. Олимпын нээлт болох үед тэрбээр 49 нас хүрэхэд долоо хоног дутуу байв. Энэ үзүүлэлтээр тэр цагаан олимпын түүхэн дэх хамгийн хөгшин аваргаар тодорчээ.
Харин өвлийн олимпын түүхэнд үлдсэн хамгийн залуу оролцогч Лейк-Плэсидэд өрсөлдсөн. Их Британийн уран гулгагч Сесилия Коллеж олимпын нээлтийн өдөр ердөө 11 нас, 73 хоногтой байжээ. Гэхдээ тэрбээр залуу гээд балчирдсангүй, 15 оролцогчоос наймдугаар байр эзэлсэн юм. Харин дөрвөн жилийн дараах олимпоос мөнгөн медаль хүртжээ.
Өмнөх хоёр олимпод Канадын хоккейчид хөлс гаргалгүй түрүүлсэн бол Лейк-Плэсидийн мөсөн талбайд анх удаа ширүүн эсэргүүцэлтэй тулгарлаа. Хоккейн тэмцээнд ердөө дөрөвхөн баг орсон бөгөөд канадчууд талбайн эзэн Америктай хоёр тоглолт хийж, эхнийхэд нь хоёр нэмэлт цагт 2:1-ээр хожиж, дараагийн тоглолтод зургаан удаа цаг сунгаад 2:2-оор тэнцжээ. Канадын хоккейчид уламжлал ёсоор түрүүлсэн ч өөрсөдтэй нь өрсөлдөх сайн баг гарч ирснийг энэ үед ойлгосон юм.
Германы баг олимпын хоккейн түүхэнд оргил амжилтаа энэ жил үзүүлж, хүрэл медаль (1976 онд үүнийгээ давтсан) авчээ.
МЕДАЛЬ АВСАН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.АНУ 6 4 2 12
2.Норвеги 3 4 3 10
3.Швед 1 2 - 3
4.Канад 1 1 5 7
5.Финланд 1 1 1 3
6.Австри 1 1 - 2
7.Франц 1 - - 1
8.Швейцар - 1 - 1
9.Герман - - 2 2
10.Унгар - - 1 1
Нийт 14 14 14 42
Энэ мэдээнд таны өгөх сэтгэгдэл
0
0
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Хөөрхөн юм
Хөөрхөн юм
Гайхмаар
Гайхмаар
Бахархмаар
Бахархмаар

Сэтгэгдэл (0)
Шинэ мэдээ
Онцлох мэдээ
2024 snews.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Үндсэн цэс
Бусад цэс