Монголын Хөлбөмбөгийн холбоо, “Төв Азарганууд” хөлбөмбөгийн клуб, Япон-Монголын эдийн засгийн нөхөрлөлийн хамтын холбооноос Монгол Улсын дээд лигийн 10 баг тус бүрт 30 ширхэг UniQlo брэндийн, спортын зориулалттай, халдаг дотуур өмд, цамцны хослолыг гардуулан өглөө. Хүйтэн, сэрүүний улирал давамгайлсан Монгол Улсын тамирчдад бэлтгэл хийхэд таатай байлгах үүднээс “High Tech” нэрийн энэхүү хувцсыг бэлэглэж байгаа аж.
Монгол-Японы эдийн засгийн нөхөрлөлийн хамтын холбооны Хүндэт Ерөнхийлөгч Deane Sadler ийнхүү нийт 40 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тамирчны хувцсыг гардуулан өгсөн бөгөөд тэрээр өнгөрсөн хоёрдугаар сараас хөлбөмбөгийн “Төв Азарганууд” клубийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Цаашид МХБХ-той хамтран Монгол Улсын дээд лигийн тамирчид, клубуудийг дэмжихэд шаардлагатай олон ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа ноён Deane Sadler онцолсон юм.