УАУ-ы гол онолд хүний бие нь хорлогдохуун махбод болох 5 хий, 5 шар, 5 бадган, хорлогч долоон тамир, 3 хирээс үүснэ гэж үздэг. Эдгээр нь тэнцвэртэй оршиж байж хүний бие эрүүл байдаг. Тэр таван хийний нэг нь амь баригч хий буюу бидний хэлж сурсанаар голын хий юм. Энэхүү хий, шар, бадган нь тус тусдаа орших оронтой бөгөөд өөрийн “хариуцсан” хийх үйлдлийг /үүрэг/ гүйцэтгэж байдаг.
Яагаад үүсдэг вэ? Амь баригч хий хямрах шалтгаан нь ширүүн чанартай идээг удаан хугацаанд идсэн, юм идэлгүй өлссөн /хатуу мацаг, зарим тураах хоолны дэглэм/, оюуны болон биеийн хувь их ачаалалтай ажилласан, өтгөн шингэнээ хүчээр хаасан, эсвэл гарахгүй байхад хүчээр дүлэх зэрэгт үүснэ. Энэхүү амь баригч хий хямрах нь бусад хийг давхар хямраах эрсдэл үүсгэдэг.
Эмчилгээ: УАУ-нд аливаа өвчний эм, засал, идээ, явдал мөрөөр эмчлэн анагаадаг. Хий өвчний үед тослог, шимтэй, шингэхэд хялбар хоол хүнсийг /борц, бурам, цагаан гаа, сонгино, сармис, сүү гэх мэт/ өргөн хэрэглэж, даарахгүй дулаан хувцас өмсөж, сэтгэлд тааламжтай найз, нөхөдтэйгөө уулзана. Эмчийн үзлэгт хамрагдаад эмчийн зааврын дагуу хийг амирлуулах эм танг ууж тосон бариа, төөнүүр, халуун жин, зөөлөн шимт зэрэг эмчилгээг хийлгэвэл үр дүн сайн байдаг.
Урьдчилан сэргийлэх: УАУ-нд өвчнөөс сэргийлэхдээ жилийн дөрвөн улиралдаа хоол ундыг тохируулан хэрэглэж, улиралдаа зохицуулан хувцаслаж, эмчийн заавар зөвлөгөөгөөр тухайн улирал болон өөрт тохирсон эм тан ууж, улиралдаа тохирсон арилгах үйлүүдийг /цэвэрлэгээ/ хийлгэвэл эрүүл урт наслах болно гэж үздэг. Хийн өвчинд тусгайлан зөөлөн шимт эмчилгээг хийдэг.
МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ИХ ЭМЧ Ч. ДЭЛГЭРМАА